Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Энэ цагийн моцарт

“Түүний чадвар гайхалтай…Түүнд ганцхан л асуудал бий учир нь тэр маш залуу. Гэхдээ түүний хөгжим энэ цагийн сод бүтээл болж түүхэнд үлдэх болно. Орчин цагт Моцарттай харьцуулж ярих ганцхан л хүн бий. Энэ бол Жей Грийнберг”. Энэ тодорхойлолтыг одоогоос таван жилийн өмнө алдарт New York Times сонинд бичжээ. Тэр дундаа хэр баргийн хөгжмийн зохиолчийг магтдаггүй хөгжим шүүмжлэлийнх нь буланд шүү дээ. Түүний талаарх шүүмжлэлийг нийтэлж байхтай зэрэгцэн Жей Грийнберг 15 нас хүрч байсан юм.

Энэ цагийн Моцарт хэмээн нэрлэгдээд байгаа Жей Грийнберг 1991 оны арванхоёрдугаар сарын 13-нд Коннектикут мужийн Нью Хавен хотод төржээ. “Төрөөд тэр огтхон ч уйлаагүй эргэн тойрноо том нүдээр ширтээд байсан. Эмч нар гайхаж байсан ч хэсэг хугацааны дараа тэр маш чангаар уйлсан” гэж ээж нь дурьдатгалдаа бичсэн байна. Жей багаасаа л бусад хүүхдүүдээс өөр байлаа. Ихэнх хүүхдүүд дэлгүүрт ороод чихэр, амттан авахыг хүсдэг байтал тэр цомог худалддаг дэлгүүрт орж, Моцартын, Бахын цомгийн дэргэд очоод зогсдог байв.  Тиймээс л аав, ээж нь түүнийг сонгодог хөгжмөөр хичээллүүлэхийг хүсчээ. Бага сургуульд байхад нь түүнийг ангийнх нь хүүхдүүд “Хэнээт” гэж шоолдог байж. Дотно найзууд ч түүнд байсангүй. Арга ч үгүй юм л даа. Тэр үеийнхнээсээ огт өөрөөр яг л хөгшин хүн шиг хувцасладаг байсан юм чинь. Жей Грийнбергийн гэр бүл түүний энэ байдалд санаа зовниж байжээ. Ялангуяа түүний аав нь найз нөхөдгүй байдалд нь илүү санаа зовдог байж. Учир нь тэрээр ийм байдлаас болоод шаналсан олон хүнийг мэддэг байсан бөгөөд тэдэн шиг болгочихгүйн төлөө байнга ярилцахыг хичээж, цаг гаргадаг байсан гэдэг. Гэсэн ч Жей тэдэн шиг болоогүй харин ч дэлхийн хэмжээний хөгжмийн зохиолч болж чаджээ.

Жей Грийнберг анхны хөгжмөө зургаан настайдаа зохиож байсан гэдэг. Тэр энэ үедээ хөгжмийн болон төгөлдөр хуурын хичээл заалгаад  гуравхан л жил болж байжээ. Зочных нь өрөөнд хэн ч тоглодоггүй шахам төгөлдөр хуур дээр тэр зул сарын дууг өмнө нь хэний ч тоглож байгаагүй найруулгаар тоглосон аж. Энэ мөчөөс хойш цаг хугацаа явсаар 2001 онд анхны томоохон бүтээл болох “911” сьютээ бичжээ. Тэрээр “Нью-Йоркын алдарт хоёр цамхагийг мөргөөд удаагүй байхад энэ бүтээлээ бичсэн гэдэг. “FOX5” сувгаар мэдээ цацагдаж байхад тэр учиргүй их уйлж билээ. Тэгээд хэдэн өдөр хэнтэй ч юм яриагүй. Нэг өдөр ангийнх нь багш танай хүү биднийг алмайрууллаа гэчихсэн орж ирсэн. Хүү чинь хамгийн том найрал хөгжимчдөөр зохиосон хөгжмөө тоглуулмаар байна гэж хэлсэн. Тэгээд багш нь сургуулийнхаа захиралд энэ тухайгаа хэлээд, захирал нь Коннектикутын найрал хөгжмийн оркесторт хэлж, тэд зөвшөөрсөн юм” гэж түүний ээж дурссан байна. Ийнхүү бяцхан жаалын дэлхийгээр нэг алдарших замнал нь энэ өдрөөс хойш эхэлжээ. 10 настай жаал Коннектикутын орон нутгийн телевизийн сэтгүүлчийн “Чи бүтээлээ хэрхэн бичдэг вэ?” гэх асуултад “Та буруу асуучихлаа. Би бичдэггүй боддог юм. Хөгжим бол миний сэтгэл, бодол” гэж хариулж байв. Тэр жаалын амнаас хэзээний хөгжмийн зохиолч шиг гайхалтай үгс гарсан байгаа биз. Энэ ярилцлагын дараа дэлхийд алдартай урлагийн сургууль болох “Жуллиард”-ын ерөнхийлөгч өөрийн биеэр гэрт нь ирж сургуульдаа оюутнаар элсүүлэх болсон тухайгаа дуулгажээ. Тэрээр энэ сургуульд суралцах таван жилийн туршид сургалтын төлбөрөөсөө 100 хувь чөлөөлөгдсөн билээ.

Ийнхүү тэрээр 10 настайдаа дэлхийд алдартай урлагийн сургуулийн оюутан болсон юм. “Жуллиард”-ын сургуульд ороод удаагүй байхдаа тэрээр анхныхаа бүрэн хэмжээний 50 минут үргэлжлэх симфонио 11 насны төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн өмнө зохиожээ. Түүний симфони тоглогдсон даруйдаа шуугиан тарьж АНУ-ын бараг баатар болох дөхөв. Бараг бүх телевизүүд түүний тухай мэдээлж, нэвтрүүлэг цацаж эхэллээ. Тэрээр “NBC” сувгаар цацагддаг нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Би Моцартад атаархаж байна. Тэр үед хэн ч түүнийг тоодоггүй байсан” гэж хэлээд үндэстнийг тэр аяар нь шоконд оруулж орхив. Учир нь тэр 11 настай л хүүхэд шүү дээ. Түүний симфонийг “Sony” корпораци ивээн тэтгэн цомог болгон худалдаалжээ. Борлуулалт нь ч бусад сонгодог хөгжмийн зохиолчдыг бодвол хурдан байв. Түүний цомог америк даяар нийт  15 сая хувь борлогдсон гэдэг. Сонгодог хөгжмийн зохиолчдын зүүдэлдэг үзүүлэлтийг 11 настай жаал ийнхүү биелүүлсэн юм. Түүний анхны симфонийг АНУ-ын бараг бүх мужийн симфони оркестр зохиогчийн эрх аван тоглуулж байгаа бөгөөд европийн 10 гаруй улс, азийн 8 улс тоглож олон нийтэд хүргэж байна.

Анхны симфоных нь дараа түүний тухай мэдээлэл улам л шуугиан тарих болов. “Арван настай ихэнх хүүхдүүд симфони зохиож чаддаг уу”, “Тэр арай мутант юм биш биз”, “Жуллиардыг” хөгжмийн зохиолч болох гэсэн ихэнх хүмүүс мөрөөддөг байтал тэр яагаад чадав” зэрэг гарчигтай мэдээллүүд сонины завсар зай болгоноор цувж эхлэв. Ямарсайндаа өөрийнх нь төрөлх нутаг Коннектикутад түүний зурагтай футболк, жижиг тоглоом гарч байхав дээ. Түүний тухай гайхширсан, алмайрсан мэдээллүүд цацагдаж байхад.

Алдарт Times сэтгүүлд “Түүний хийлийн хурц хэмнэл, донжтойгоор зохицолдуулсан төгөлдөр хуур, хурын үүл мэт бөмбөрийн хэмнэл зэргийг сонсвол 11 настай хүүгийн бичсэн зохиол гэмээргүй. Урьд нь тэр яг л өөр гаригт дээр үеэс хөгжим зохиох ажлаа хийж байсан мэт сэтгэгдэл төрдөг” гэж нийтлэгдэж байлаа. Уг сэтгүүл нийтлэгдсэнээсээ хойшхи 80 гаруй жилийн түүхэнд хөгжмийн буланд нь хэзээ ч 11 настай хүүгийн бүтээлээр шүүмжлэл нийтлэгдэж байгаагүй ажээ.

Ийн мэдээлхээс гадна бас ашиг олох гэсэн хүмүүс түүний тухай сенсаци бүтээхийг оролдож эхэлжээ. Үүний нэг жишээ нь  Коннектикутын орон нутгийн сонин. “Жуллиардын урлагийн сургууль худалч” гэсэн нийтлэл гаргажээ. Энэ сонинд “Жей Грийнберг гэдэг бол зохиомол дүр яг үнэндээ тэр өөрөө хөгжимөө зохиодоггүй. Түүнийг “Жуллиард”-ын захирал зохиодог. Нэр хүнд нь унаад байсан сургуулийнхаа рейтингийг өсгөхийн тулд ард түмнийг хуурч байна. Үнэн нь илчлэгдсэн одоо хуурахаа боль” зэргээр дайрч эхлэв. Энэ бүгдийг уншсан бяцхан жаал өөрийн дуртай ажлаасаа болж ээж, аавдаа анх удаа нулимсаа харуулжээ. Үүний дараа аав нь “Жуллиард”-ын их сургууль дээр очин захиралтай нь ам мурийсан гэдэг. Уг нь хүүхдээ сургуулиас нь гаргах гэж очсон аав нь “Би гаргахгүй ээ. Гарчихвал үнэн юм шиг олон нийтэд санагдана” гэж хэлээд гэртээ ирсэн байна. Энэ үйл явдалын дараа “Жуллиард”-ын сургуулийнхан бүхэл боломжоороо Жей Грийнбергт туслахаар болсон юм.

Түүний хоёр дахь симфони гарсан даруйдаа цомог болон хэвлэгдэж үндэстэн даяар зарагдаж эхлэв. Жей Грийнбергийн цомгийг үндэстэн даяар 9 сая хүн худалдан авчээ. Дараа нь түүнийг гэрээгээр дарж эхлэв. Унгар, Орос, Англи, Франц тэргүүтэй 60 гаруй орон түүний симфонийг тоглохыг хүссэн хүсэлтээ ирүүлэв. “Жуллиард”-ын их сургууль ч түүнийг зөвшөөрч олон улс руу сургуулийнхаа дардастай нотуудаа илгээж эхэлсэн юм. Зөвхөн АНУ-д алдаршиж байсан тэрээр ийнхүү дэлхийн хэмжээний хөгжмийн зохиолч болох гараагаа эхлүүлсэн юм. Түүний гурав, дөрөв дэх симфони бараг л ар араасаа гарч эхлэв. Ихэнх симфони 4-6 жилийн дотор бүтдэг байхад түүний симфони гурван жилийн дотор хоёроороо гарч ирлээ. Гүйцэтгэл нь хурдан хэдий ч чанар нь өмнөхөөсөө улам дэвшсэн байв.

Жей Грийнбергийн бас нэг бахархмаар үзүүлэлт бол АНУ-ын хамгийн залуу хөгжмийн зохиолчийн шагналыг завсаргүй 2003-2006 оны хооронд 4 удаа хүртэж байжээ. Тэрээр дан ганц симфони зохиогоод байсангүй. Сонгодог хөгжимд хэрэглэгддэг бүхий л хөгжимд зориулж бага хэмжээний найруулал зохиосон юм. Бүр жазз хөгжимд хүртэл зориулж 15 минутын хөгжим бичжээ. Энэ нь түүнийг ямар хэмжээний зохиолч вэ? гэдгийг харуулна. 2007 онд түүний бүх симфониор бүрэн хэмжээний концертыг зохион байгуулжээ. Концерт Хойд Каролинагийн задгай талбайд үнэ төлбөргүй зохион байгуулагдаж, тоглолтынхоо дундуур цусны хорт хавдартай хүүхдүүдэд туслах сан байгуулах болсон тухайгаа зарлав. Учир нь энэ концертынх нь өмнө түүний үеэл цусны хорт хавдарын улмаас нас барсан байжээ.

Тоглолтынхоо дараа тэр 5 дахь симфонио бичих болсон тухайгаа зарлав. Түүний сүүлийн симфони тус бүрдээ 15 минут үргэлжлэх таван хэсгээс бүрдсэн байдаг ажээ. Сүүлийн симфонийхоо нэрийг тэрээр “60 минут” хэмээн нэрлэсэн юм. Түүний энэ симфоний түүх их сонин ажээ. “Жуллиард”-ын их сургуулийн багш Самуэл Адлер түүнд Аарон Копландын тухай эссег уншихыг санал болгожээ. Багшийнхаа зөвлөснөөр түүний эссег уншсан даруйдаа “Би тав дахь симфоныхоо санааг олчихлоо. Баярлалаа багшаа” гээд гар барих ч үгүй гараад явжээ. Тэрээр энэ симфонио бусад симфониосоо харьцангуй удаан буюу хоёр жил хагас бичиж 2009 оны дундуур цомог болгон худалдаанд гаргасан юм. Тэрээр симфонио зохиож байх үедээ Бостон Глоб сонинд ийн ярьжээ. “Хүмүүс намайг залуу зохиолч гэдэг. Би хөгшин зохиолчдоос юугаараа ялгаатай гэж. Хэрвээ би 35 насандаа ийм симфони бичсэн бол хүмүүс миний симфоныг сонсохгүй байсан нь лавтай” хэмээсэн байна. Түүний симфонийг бас л дэлхийн бүх  найрал хөгжмүүд тоглох хүсэлтэйгээ илэрхийлж байсан гэдэг. Жей Грийнбергийн сүүлийн симфонитой холбоотой нэгэн баримт байдаг нь гэрээслэл тухай түүх юм.

Оросын нэгэн баян өөрийн гэрээслэлдээ оршуулган дээрээ Жей Грийнбергийн тав дахь симфонийн сүүлийн хэсгийг тоглох тухай дурьдсан байж. Энэ мэдээлэл тэр даруйдаа АНУ-аар тарж CNN телевиз түүний тухай цаг 30 минутын хөрөг нэвтрүүлэг хийхээр болсон гэдэг. Энэ нэвтрүүлэг нь ч CNN-ийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг болгож чадсан юм. 2006 оноос түүний тухай олон богино өгүүллэгүүд төрөлх нутагт нь худалдаанд гарчээ. Тэд бүгд л бас чамгүй ашиг олсон гэдэг. Түүний тухай богино хэмжээний хүүхэлдэйн киног ч АНУ-ын хүүхэлдэйн киноны нэгэн студи бүтээж амжжээ.

“Би симфони зохиохдоо цаас хэрэглэдэггүй. Шууд л тархиндаа биччихдэг. Тэгээд хэсэг хугацааны дараа л цаасан дээр буулгадаг” гэж тэрээр 2010 оны сүүлээр Бостон Хералд сонинд өгсөн ярилцлагадаа дурсчээ. Ихэнх хөгжмийн зохиолчдын мөрөөддөг оргилд тэр 15 насандаа хүрч чадсан. Одоо түүний симфонийг дэлхийн 80 гаруй оронд тоглож байна. Бүрэн хэмжээний концертоо европын арав, азийн 5 улсад тоглож нийт 20 гаруй сая цомгийг худалдаалаад байна.

“Тэр 14-тэй. Гэхдээ 140 жил магадгүй үүнээс олон жил тоглогдох бүтээлийг тэр туурвиж чадсан. Ихэнх хүмүүс үүнийг мөрөөддөг. Тэр үүнийг алдаршихад хамгийн хэцүү гэгдэж байгаа энэ эрин үед хийж чадсан” гэж Washington Post сонинд түүний тухай бичжээ.

Б.Болорсүх /сурвалжлагч/

Зохиогчийн эрх: "Ардын эрх"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж