Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Амар мэндээ мэдэнгүүтээ л ажлыг тань шалгаахаас. Баруун Европ, Хойд Америк гээд л ургац хэцүүдлээ гэж ярьцгаах болж. Манайх гайгүй биз дээ?
-Саяхан шатахуун түлш тасарснаас болоод тариаланчдыг маань нэлээд сандаргаж, зарим газар шатахуун дутсан. Гэхдээ ямар ч байсан тариаланчид маань өмнөх жилийнхээ уриншад бүрэн тариалсан байгаа. Одоо бид нар энэ оны уриншдаа илүү анхаарч байна. Шатахууны хомсдолд оруулахгүйгээр ажлаа дуусгах гэж хичээж л байгаа. Уриншийг сайн хийлгүүлэх арга хэмжээ авч байна. Ер нь бол тариаланчдын техник багагүй шинэчлэгдэж өмнө нь нэг сард хийдэг байсан ажлыг одоо 17-18 хоногт л амжуулдаг болсон л доо. Харин хангай дэлхий их өгөөмөр хандаж, эрт бороо хур хайрлаж их харж үзэж байна. Ирэх сард л хэт халалт үүсчихгүй бол ер нь овоо өндөр ургац хураачихна гэж найдаж байгаа шүү.
-Энэ жил танай салбарын хувьд УИХ-ын чуулганаар багагүй асуудал оруулж, нэлээд ч шуугиан тариад байх шиг харагдсан?
-Энэ хаврын чуулганаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэлээд томоохон асуудлуудыг шийдвэрлүүлж авсан байгаа. Эдгээрээс хамгийн том нь “Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн биржийн тухай” хууль батлагдаж гарлаа. Энэ бол маш олон жил яригдаж хэлэлцэгдээд одоо л баталж байгаа хууль. Хоёр дахь том асуудал бол үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих 300 тэрбум төгрөгийн бонд гаргасан шийдвэр байлаа. Энэ бондыг гаргаснаар үндэсний үйлдвэрлэгчдэд таван жилийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэйгээр хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдэж байна. Энэ шийдвэр нь УИХ-ын тогтоол хэлбэрээр гарсан байгаа. Гуравт, бид сүүлийн хоёр жил уйгагүй ажилласны үр дүнд БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл авахаар болж байна. Тус улсаас Монгол улсад 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсны 200 сая ам.долллар нь манай салбарт ирж байгаа юм. Энэ зээлийг хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг барихад зориулахаар төлөвлөсөн. Гэрээ хараахан үзэглэгдээгүй ч энэ гэрээнд гарын үсэг зурах эрхийг УИХ-ын холбогдох бүтцүүдээс бидэнд олгосон.
-Таны дурдсан эдгээр чухал шийдвэр, санхүүжилтийн боломжуудыг тус бүрт нь дэлгэрүүлж асуумаар байна л даа. Тухайлбал биржийн тухай хууль гэхэд, УИХ дээр ч олон нийтийн зүүгээс ч янз бүрийн санал шүүмж сонсч байсан.
-Санал шүүмжлэл олон гарч, анхааралд өртөж байна гэдэг сайн хэрэг. Олон нийт энэ асуудалд ач холбогдол өгч байгаа нь харин ч ажилд маш тустай.
-Тэгвэл хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж бий болсноор одоогийн зах зээлийн зохицуулалтаас давуу ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Биржийн хууль гарч хэрэгжиж эхлэхээр хамгийн гол ач холбогдол нь зах зээлийн харилцаа зохион байгуулалттай, ойлгомжтой болох учиртай. Одоо зах зээл дээр хийгдэж байгаа түүхий эдийн арилжаа үнэн хэрэгтээ ил тод бус байдаг. Ерөнхийдөө гадаадын болон дотоодын үйлдвэрлэгчдийн худалдан авагч агентууд болон ченж нэртэй хүмүүс л түүхий эдийг цуглуулж авдаг. Эндээс ямар зүйл харагддаг вэ гэхээр малчин хүн түүхий эдээ ченж дээр аваад очихоор өөрийх нь төсөөлж байснаас өөр үнэ хэлдэг. Өөрөөр хэлбэл, малчин хүн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа үнэ ханшийг баримжаалж борлуулах гэхээр үнэн хэрэгтээ тэгэж хийгдэх нь ховор, нөгөө талаар түүхий эдээ аваад очих хооронд үнэ өөрчлөгдөх нь элбэг үзэгдэл. Дээр нь малчдын түүхий эд барааг голж үнийг нь унагадаг. Эргээд аваад явах гэхээр зардал нь өсөөд хохиролтой л болох тул аргагүйн эрхэнд худалдан авагчийн хэлсэн үнээр л зарж борлуулахад хүрч байгаа юм. Энэ бүхэн малчид иргэдийг маш их бухимдуулдаг л даа. Тэгвэл биржийн гол онцлог нь малчид, иргэд зарж борлуулах бараагаа аваачихаасаа өмнө үнэ ханш, чанар хэмжээ гээд бүх зүйлээ урьдчилан тохирч наймаагаа хийнэ. Зөвхөн ингэж тохирсныхоо дараагаар түүхий эд бараагаа хүргэж өгөх үүрэг хүлээнэ. Ингэснээр маш тодорхой нөхцөлд арилжаа хийгдэх бололцоотой болж байгаа юм. Ямар ч тээврийн болон хүргэлтийн зардал гаргаагүй байхдаа арилжаа нь хийгдэж байгаагаараа малчид иргэдэд илүү ашигтай болно.
-Эрсдэлийг нь багасгаж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Эрсдэл нь багасч байгаа юм. Хоёрдугаарт, бирж дээр бараа түүхий эдээ олон жилийн давтамжтайгаар арилжаад ирэхээр урьдчилж борлуулах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, борлуулагч болон биржийн хооронд итгэлцэл үүсээд улмаар хавар гарах ноолуураа намар нь урьдчилаад зарчихаж болж байна.Тариаланчид гэхэд намар авах улаанбуудайгаа хавар нь борлуулж болж байгаа юм. Эдгээр нь бирж дээр хийгдсэн гэрээ хэлцлээр баталгаажина. Энд бас нэг давуу тал малчид, иргэнд бий болдог. Тэр бол биржтэй хийсэн гэрээ хэлцэлийг үндэслэн санхүүгийн байгууллага, банкнаас зээл авах, амьдрал ахуйдаа санхүүжилт хийх, урьдчилж санхүүгийн байдлаа төлөвлөх гээд боломжууд гарч ирнэ. Энэ бүхэн нь монголын түүхий эдийн арилжаанд гарч байгаа шинэ хэлбэр, шинэ боломж гэж хэлж болно.
-Биржийн арилжаанд малчид яаж оролцох вэ?
-Хөдөө аж ахуйн биржэд малчид дангаараа шууд арилжаанд оролцохгүй л дээ.Хоршоо байгуулаад хоршоолол хэлбэрээр оролцоно. Эсвэл мэргэжлийн брокероор дамжуулан биржийн арилжаанд оролцох боломж бас бий. Хоршоолол өөрөө мэргэжлийн брокер ч байж бас болно. Яагаад заавал нэгдэх учиртай юм гэхээр бирж дээр арилжаалагдах бараа түүхий эдийн стандарттай л холбоотой юм. Жишээ нь, нэг малчин өрх дунджаар 20 орчим кг ноолуур л авна. Дээр нь ноолуураа цагаан, хар, хөх гээд ялгаад ирэхээр бүр багасаад баахан жижигхэн хэсэг болж ирнэ. Ийм бага хэмжээгээр бирж дээр зарагдахгүй. Тэгэхээр малчид хоршиж бараагаа биржийн стандартад нийцүүлэх хэрэгтэй. Хоршооны гишүүд зөвхөн сайн чанарын цагаан ноолуураа нийлүүлж 50 кг-аар “прессэллээ” гэхэд таных хэдэн хувийн орцтой байсан тэрүүгээрээ арилжааны ашгаас хүртэхээр гэрээлж ажиллана гэсэн үг. Нөгөө талаар хоршиж түүхий эдээ ангилан багц болгож арилжаалснаар олох ашиг нэмэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, сайн ноолуурынхаа олж болох ашгийг муу ноолуурынхаа үнээр унагаад байх шаардлага байхгүй болно. Муу нь яахав бага л үнэлэгдэнэ биз. Гэхдээ л олон хүнийх нийлэхээрээ тоо хэмжээгээрээ багц болоод зарагдаж л орхино.
-Тэгэхээр ямар ч байсан бирж малчдад бол ашигтай л байх нь…?
-Зөвхөн малчдад ч биш. Би түрүүнд малчид, иргэдийн хувьд байхыг нь ярьсан. Тэгвэл улс орны хувьд ч тэр, үйлдвэрлэгчид худалдан авагчдад ч биржийн арилжаа олон талаар ашигтай. Эхлээд улсад ямар ашигтай вэ гэж ярья. Бид нэг хэсэг худалдааны хэт чөлөөт бодлого явуулснаас худалдаа арилжааг зохион байгуулахад улсын бодлого тусгагдах ямар ч боломжгүй болж ирсэн. Тэгвэл одоо биржээр түүхий эдийг арилжаалаад ирэхээр Засгийн газар бирж дээрхи бусад оролцогчдын адилаар түүхий эдийн захиалгыг өгөх, зах зээлийг нэмэгдүүлэхийн тулд арилжаа хийх зэрэг оролцоотой болж чадаж байгаа юм.Энэ утгаараа түүхий эдийн зохицуулалтад төрөөс оролцох бололцоотой болж, улмаар зах зээлээ зохицуулах боломжоо олж авч байна. Нөгөө талаар гадаадад гарч байгаа бараа түүхий эд заавал хөдөө аж ахуйн бирж дээр арилжаалагдаж тэндээс гэрчилгээ авч байж экспортод гарна гэж хуульчилж өгсөн. Ингэснээр гадаадын болон дотоодын худалдан авагч үйлдвэрлэгчид хөдөө аж ахуйн бирж дээр хоорондоо цэвэр өрсөлдөөний журмаар түүхий эдийг худалдаж авах болж байгаа юм. Нөгөө талаар гадагшаа гарч байгаа түүхий эдийн урсгалыг үнэн зөв тоо баримттайгаар хянаж байх бололцоо бүрдэж байна. Алийн болгон харалган явах вэ, гадагшаа гарч байгаа түүхий эдээ хянадаг, зохицуулдаг байх нь бидэнд хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрлэгчдэд ч энэ гадагшаа гарах урсгалыг ил тод хянадаг мэдээлдэг болж ирж байгаа нь тэдний бизнесээ төлөвлөх, ашиг орлого олоход нь тустай л байх болов уу.
-Хяналт,зохицуулалт гэснээс Биржийн хуультай холбогдож гарч ирсэн шүүмж дотор төрийн зүгээс зах зээл рүү хэтэрхий хутгалдах гэлээ гэсэн байр суурь гарч байсан…?
-Энэ бол Биржийн хуулийг ойлгоогүй хүний л яриа гэж хэлмээр байна. Яг үнэ тогтоох, арилжаа явагдах дээр Засгийн газрын оролцоо байхгүй. Тэнд явагдах арилжаа нь тодорхой дүрэм журам,стандартын дагуу л явагдана. Зах зээлийн сонгодог стандарт, дүрэм журам л үйлчилнэ. Тухайлбал 15 микроноос нарийн үзүүлэлттэй цагаан ноолуурыг 50 кг-аар багцалж боосон байна ч гэдэг юм уу, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний шаардлагатай холбоотой дүрэм журам л үйлчилнэ. Нэг талаас борлуулагч, нөгөө талаас худалдан авагч гэсэн хоёр талын хооронд л гэрээ хэлцэл, арилжаа наймаа явагдана. Засгийн газрын оролцоо энд огт байхгүй. Заалыг нь бэлдэж өгнө, стандартыг нь бэлдэж өгнө, хоорондын төлбөр тооцоог гүйцэтгүүлэх үүрэг хүлээнэ,маргаан гарахгүй байхыг зохион байгуулна гэх мэт. Зүгээр харин, биржийн үйл ажиллагаа Засгийн газар бодлогоо хэрэгжүүлэхэд тус болж байгаа тал бол бий. Жишээ нь, ноосны нийлүүлэлтэд урамшуулал олгох ажил хэрэгжиж эхлэхээр хэрхэн яаж дүгнэх вэ гэдэг маш төвөгтэй асуудал болдог. Тэгвэл биржэд арилжаалагдсан ноосны хэмжээгээр баримжаалаад энэ урамшууллыг өгч болох зохицуулалт гарч ирж болохоор байна. Цаашдаа биржээр арилжаалагдсан улаанбуудай, мөн мах сүүнд ч биржийн яс тоо, дүн мэдээг үндэслээд урамшуулал олгоод эхлэх болно.
-Хөдөө аж ахуйн биржийг аймаг бүрт бий болгох юм уу, эсвэл төвлөрсөн бүсчилсэн маягаар байгуулах гэж байна уу?
-Хөдөө аж ахуйн түүхий эдийн биржийг төр болон хувийн хэвшлийн хамтарсан түншлэлээр бий болгоно. Тэгэхдээ биржийн байр сав, мэдээллийн сүлжээ, дүрэм журам зэргийг Засгийн газар хийнэ. Өөр арга байхгүй. Хувийн хэвшлийнхний хувьд энэ нь хэтэрхий хүнд ачаа болно,тэгээд ч хөрөнгө оруулалтаа буцааж нөхөхгүй. Тиймээс Засгийн газар өөрөө хийнэ.Одоогоор нэг төвлөрсөн бирж байна гэж төлөвлөсөн. Аймгууд дээр салбарууд буюу брокерийн пүүсүүд байх юм. Хөрөнгийн биржтэй адилхан гэсэн үг. Аймгуудын хувьд биржийн бүртгэлтэй агуулах байхаар хуулинд тусгасан. Бирж дээр зарагдахаасаа өмнө бараа түүхий эд биржийн орон нутаг дахь бүртгэлтэй агуулахад хадгалагдсан байх ёстой болж байгаа юм. Энэ агуулахууд харин хувийн хэвшлийнх байх юм. Тэгэхдээ шаардага хангасан агуулахуудад л гэрчилгээ олгоно гэсэн үг. Үүний зэрэгцээ түүхий эд бараанд анхан шатны ялгалт хийж, ангилж, баглаж бооно. Энэ ажлыг мөн л хувийн хэвшил хийж гүйцэтгэнэ. Дээр нь тээвэрлэлтийг ч хувийн хэвшил хариуцна. Энэ мэтээр ажлын байр шинээр нэмэгдэж байгаа юм.
-Нөгөө “РРР” ( public private partnership) гэдэг л юм байна гэж ойлгохоор юм …?
-Тийм. Ер нь хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн бирж нь манайхны хувьд ийм хамтын ажиллагааны хамгийн том жишээ болох байх.
-Хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж тэгээд яг хэзээ үйл ажиллагаагаа эхлэх вэ?
-УИХ—аас гаргасан тогтоолоор бол 2012 оны зургадугаар сарын 1 гэхэд ажлаа эхэлсэн байх учиртай. Хийх ажил маш их, журам боловсруулж гаргана, он-лайн худалдаа хийх боломжийг бүрдүүлнэ,сургалт явуулна гээд л… Онцолж хэлэхэд бирж байгуулагдмагц бүх түүхий эд барааг нэгэн зэрэг арилжаалж эхлэхгүй. Ээлж дараатайгаар арилжаална гэсэн бодолтой байгаа.
-Хамгийн түрүүнд ямар бараа арилжаалагдах вэ?
-Хамгийн эхлээд улаанбуудайг арилжаална гэж төлөвлөж байна. Ерөнхийдөө стандарт, чанар гээд зохицуулалт талаасаа нэлээд жигдэрсэн бүтээгдэхүүн. Дараагаар нь амьд малыг арилжаалах нь зөв гэж төлөвлөж байна. Учир нь малыг махлаад мах, арьс шир гээд ангилж зараад ирэхээр нэлээд амар биш зохицуулалт,нарийн стандарт, орчин нөхцөл шаардах гээд байгаа учраас эхний ээлжинд малыг амьдаар нь арилжаанд оруулья гэж бодож байгаа. Амьд малыг монголчууд шүдэлж, амьдын жинг нь үзээд байр байдлыг нь ажаад үнэлж сурсан хүмүүс, стандартчилахад ч амар бүтээгдэхүүн болж байгаа учраас сонгож байгаа юм.
-Ингэхэд манайх малын махыг экспортлох асуудал ямар байдалтай байгаа вэ?
-Одоогоор ОХУ л малын махыг маань авч байна. Үхэр, адууны мах голдуу авч байна. Адууны махны хувьд тоо хэмжээгээрээ авсаар байна. Харин үхрийн махны хувьд шүлхий гарснаас болж өнгөрсөн оны есдүгээр сараас Оросын тал импортдоо хориг тавьсан. Саяхан буюу өнгөрсөн сард би ОХУ-д очиж хөдөө аж ахуйн яамны дэд сайдтай нь уулзан мах экспортлох асуудлыг нааштайгаар шийдэхийг хүсч яриа хэлцэл хийсэн. Шүлхий гарахаас өмнө халдваргүй орчинд бэлдсэн 2300 тонн махыг ОХУ-аас авахаар болж байгаа. Удахгүй Оросын талаас ирэх шинжээчийн дүгнэлт нааштай гарвад дахиад 700 тонн мах экспортод гаргахаар болж байна.
НООСОО ТУШААГААД МӨНГӨӨ АВААРАЙ, МАЛЧИД АА
-Та бид хоёр биржийн асуудлаа нэлээд ярьчихлаа. Одоо бусад асуудлын талаар тодруулья. Бас л бөөн яриа болоод байсан 300 тэрбум төгрөгийн бонд гаргаснаар ямар асуудлыг шийдэж байгаа вэ?
-Нийт 300 тэрбум төгрөгийн бонд гаргаснаар үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болж байна. Энэ хөнгөлөлттэй зээл нь Монгол Улс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж сүүлийн 20 жилд гаргасан хамгийн том шийдвэрийн нэг болж байгаа гэж хэлж болно.Үүнээс 100 тэрбум төгрөгийг нь ноолуурын үйлдвэрлэгчдэд өгөхөөр болсон. Мөн 50 тэрбум төгрөгийг ноос үйлдвэрлэгчдэд өгнө. Гэхдээ энд бас нэг хэлэх зүйл бий. Юу гэхээр дээрхи 50 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг тухайлан малчдад өгөхөөр болж байгаа юм. Нэгдүгээр зэргийн, үргэлж хэвийн ноосоо тушаасан малчдад урамшуулал хэлбэрээр очих юм. Харин бусад нь бол зээл хэлбэрээр олгогдоод явна.Үлдсэн 150 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олгохоор болсон доо.
-Тэгвэл Хятадаас авах зээлийг юунд зориулах гэж байгаа вэ?
-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт зориулагдаж байгаа 200 сая ам.доллараар Монголд мах, сүү, гурилын шинэ үйлдвэрүүд болон улаанбуудай хадгалах элеватор болон хадлангийн жижиг оврын тракторууд авахаар төлөвлөж байна. Ер нь бол шинэ технологи,техник оруулж ирэхэд зарцуулна. Тухайлбал, манай махны үйлдвэрүүдэд зөвхөн бод малын махыг боловсруулах шугам гэж байгаа. Бог малых гэж алга байна. Гэтэл бог малын махны боловсруулалт маш нарийн технологитой байдаг. Тэгэхээр ийм шугамтай болох гэж байгаа. Сүүний хувьд гэхэд цэвэр байгалийн бүтээгдэхүүн сүүгээ хуурай сүү болгож хэрэглээнд оруулах технологи бүхий үйлдвэрүүд оруулж ирэхээр зорьж байна. Тэгэхдээ энэ үйлдвэр өөрөө хоногт 30 тонноос доошгүй сүүний хангалт шаарддаг учраас сүү сааль ихтэй Архангай, Булган, Хөвсгөл гээд таван аймагт ийм үйлдвэрүүдийг барихаар төлөвлөсөн. Дээр нь үр тарианы элеваторууд авна. Баруун болон зүүн аймгуудад үр тариаг нөөцлөх боломжгүйгээс тариалан хөгжихгүй байгаа юм. Иймээс үр тарианы нөөцлөх, боловсруулах бүтцийг бий болгочихвол хэрэлээний гурилаа заавал холоос, эсвэл гаднаас аваад байх хэрэг гарахгүй. Гэх мэтээр дээрхи зээлийг зарцуулна даа.
-Энэ бүхнэээс дүгнэж үзэхэд бид ноолуурынхандаа хөрөнгө оруулалт хийлээ,ноос үйлдвэрлэгчдэд бас өгч байна, мөн арьс шир гээд жижиг дунд үйлдвэрлэгчдийг ч бас санхүүжүүлж болж байна. Атрын III аяны хүрээнд араай дутуу хийгдээд байссан газар тариаланг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх ажлаа хийж дуусгана гээд манай салбарт маш том эргэлтийн чанартай шийдвэрүүд хэрэгжихэл бэлэн болж нөхцөл нь ч бүрдээд байна.
СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕСИЙГ ХОРИГЛОНО
-Х.Золжаргал: Үүнээс гадна Худалдаа зохицуулах хууль гэж эрхзүйн шинэ зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байна биржтэй холбоотойгоор уу?
-Үгүй, үгүй. Манай яам чиг үүргийнхээ дагуу дотоод худалдаагаа хариуцдаг, гадаад худалдааг ГХЯ хариуцаж байгаа. Хоёр яам хамтарч ажиллаад Худалдаа зохицуулалтын хуулийг гаргах гэж байна.Бодлогын хувьд нэлээд том асуудал. Зүгээр хүмүүст сонин байж болох талаас нь гэвэл зарим зохицуулалтыг нь хэлж болох юм. Жишээ нь олон нийтийн эрх ашгийг хохироож болох зарим худалдааг хориглохоор тусгаж байгаа.
-Нөгөө Понзийн пирамид гэдэг шиг үү?
-Тийм, яг тэр чинь… Одоо манайд сүлжээний бизнес нэрээр яваад байгаа юм. Мөн интернэт худалдаа одоогоор ямар ч эрхзүйн зохицуулалтгүй хийгдсээр байгааг зохицуулалттай болгоно. Зах зээлд танигдсан худалдааны нэр, шошго өөрөөр хэлбэл брэнд нэрийг хууль бусаар ашиглахтай хатуу тэмцэхээр болж байгаа. Бас худалдагч гэдэг ажил мэргэжлийг хэн дуртай нь хийгээд байхааргүй шалгууртай болгох гээд өөрчлөлтүүд бий.
-Ярианыхаа төгсгөлд аян замд гарах гэж байгаа талаар тань асуудаг юм уу гэж бодлоо. АНУ-д байх хугацаандаа ямар ажил амжуулах гэж байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр АНУ-ын талтай ярилцах гурван асуудал бий. Эхнийх нь Монгол улс АНУ-ын хүнсний тусламжийн хөтөлбөрт хоёр жилийн өмнөөс хамрагдсан ч улаанбуудай авахаас татгалзсанаас болоод хөтөлбөрт хамрагдахгүй яваад байгаа. Бид улаанбуудайны оронд ургамлын тос авья гэсэн санал тавьсан. Үүнийгээ ярилцана. Удаад нь дээр өгүүсэн Худалдааны зохицуулалтын хуулийг боловсруулж гаргах асуудлаар харилцан санал солилцож байсан. Энэ асуудлаар дахиж ярилцахаар болсон. Гуравдугаарт , манайхан сооёо гэхээр сайн мэддэг шар буурцаг тарих технологийг Монголд нэвтрүүлэх асуудлаар холбогдох хүмүүстэй уулзана. Дорнод аймаг дахь манай мэргэжилтнүүд санаачлан шар буурцгыг тарьж турших гэж байгаа. Энэ чиглэлээр хамгийн өндөр технологитой АНУ-ын талаас хамтарч туршилт хийхийг бид хүссэн юм. Шар буурцаг нь маш сайн хүнс тэжээлийн ургамал төдийгүй дизель түлшийг ч гаргаж авч болдог стратегийн ач холбогдолтой зүйл юм.
-Ажил ихтэй байсан ч цаг зав гаргасанд баярлалаа, Сайн яваад ирээрэй.
-Баярлалаа. Ирээд сайхан мэдээ дуулгана аа.