Эрүүгийн хуулийг “шүүв”

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийг “шүүв”

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ХБНГУ-ын  Ханнс Зайделын сангийн дэмжлэгтэйгээр “Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын симпозиумыг Төрийн ордонд хийж байна. Түүнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд П.Фишер, ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн Эрүүгийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Шюнеманн, ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн профессор, доктор Л.В.Головко нар оролцож байгаа юм. Симпозиум хоёр өдөр үргэлжилнэ.

Эхний өдрийн хуралдаанаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, хуульчид Эрүүгийн хуулийг “шүүж” санал бодлоо хэлцгээсэн юм. Хамгийн хатуу энэ хуулийг 2002 онд шинэчлэн найруулснаар бараг “харгис” гэх тодотгол авсан. Эрүүгийн хуулийг шинэчилснээс хойш есөн жил өнгөрөхөд таван удаа өөрчлөлт оруулж, одоо ч өөрчлөлт оруулах дөрвөн төсөл явж байгаа нь нэгдсэн үзэл баримтлалгүйг гэрчилж байна гэж симпозиумд оролцогчид үзэж байлаа. Хуулиудын уялдаа холбоо сул, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тус тусын зүйл заалтыг үгүйсгэсэн агуулга туссан, хийдэл цоорхой ихтэй байгааг хуульчид хүлээн зөвшөөрсөн юм. Симпозиумд урилгаар оролцсон ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн доктор, профессор Б.Шюнеманн Монголын Эрүүгийн хуулиар насанд хүрэгчдэд хатуу ял оноож байгааг шүүмжлэв. Дөнгөж төлөвшиж байгаа хүүхдийг алдаан дээр нь түлхэж, хүмүүжүүлж авахын оронд олон жилээр хорьж замыг нь алдуулдгийг буруу гэж байлаа.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Бат-Эрдэнэ нүдэн дээр гол мөрөн ширгэж, загас жараахай үрэгдэж, Улаанбаатар Утаанбаатар болж байгааг хэлээд иймэрхүү байдал Германд үүсэх юм бол буруутай этгээдээр заавал нөхөн төлбөр гаргуулж хохирлыг барагдуулдаг гэж байсан юм. Харин Монголд бол эндээс үр дагавар шаардах боломжгүй хэмээгээд хэрэгсэхгүй болгодог, буруутнууд инээгээд өнгөрдөг гэлээ. Хийсэн ажлынхаа төлөө мөнгө, шан харамж авдаг, өөрөөр хэлбэл авлигач гэх хүрээнд зөвхөн зөвшөөрөл олгодог хүмүүсийг холбогдуулж Эрүүгийн хуульд тусгасан өрөөсгөл заалт байдаг аж. Энэ заалт өндөр албан тушаалтнуудад хамаарал муутай гэнэ. Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газрын дарга Б.Дашням албан тушаалын гэмт хэрэг хэтэрхий зөөлдөж байгаа талаар саналаа хэлэв.

Өмнөх Эрүүгийн хуулиудад албан тушаалын гэмт хэргийг хүнд, онц хүнд гэмт хэргийн ангилалд багтааж, оноох ял нь ч чанга байжээ. Тухайн үед төрийн алба маш хариуцлагатай байсан байна. Харин 1987 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, түүнээс хойших өөрчлөлтүүдээр уг хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцох болж хөнгөн ял ногдуулдаг болжээ. Ингэснээр төрийн албаныхан дунд дураараа дургих хандлага нэмэгдсэн аж. Нэгэнт Эрүүгийн хуулиар ял шийтгэл нь хөнгөн учраас ялыг өөр зүйл ангиар тогтоох гэж хууль хяналтынханд ч бэрхшээл үүсдэг болжээ. Үйлдэл нь тохирдоггүй тул зөвхөн тухайн хүнд зориулж төсөөтэй хуулийн заалтыг хэрэглэдэг болсон байна. Үүнийг академич С.Нарангэрэл буруу хэмээж байлаа. Танхайн гэмт хэрэгт зэвсгийн чанартай зүйл хэрэглэх талаар хуульд бас л эргэлзээтэй зүйл туссан байдгийг академич С.Нарангэрэл ярьж байв. Зориудаар урьдчилж бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг л тэнд хамааруулж үзнэ гэж Дээд шүүх тайлбар гаргажээ. Жишээ нь, архины шил аваад хүн рүү шидвэл урьдчилж бэлтгэсэн зүйл биш, харин зориуд хагалж ирлээд түүгээрээ хүнд халдах юм бол тэр нь урьдчилж зориуд бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болдог аж.

Оросын хуулиар хүн рүү чулуу нясалсан тохиолдолд цөөн сар, зэвсэглэж халдвал олон жил гэх зэргээр хорих шийтгэх хугацаа адилгүй байдаг бол Монголд аль алийг нь 5-8 жилээр ялладаг. Үүнээс болж монгол залуу бүр ялтан болж мэдэхээр байгааг симпозиумд оролцогчид хэлж байлаа. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр энэ заалтыг мөрдөж чулуу барьсан хүн бүрийг бөөнөөр нь хэрэгт татсан нь ч хуулийн энэ заалттай холбоотой байж болох ажээ. Академич С.Нарангэрэл танхайн гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хэрхэвч хасч болохгүй, гэхдээ танхайн сэдлийг зөв тодорхойлохгүй бол  соёл, ёс суртахууны зөрчлийг ч хавтгайруулан түүнд хамааруулж болохгүй гэдгийг хэлж байлаа.  Симпозиумд оролцогчид Монгол Улсын Эрүүгийн хууль орчин үеийн зах зээлийн хурдыг гүйцэж чадахаа больсныг хүлээн зөвшөөрсөн юм. Эрүүгийн хуулийг “шүүх” симпозиумын ажиллагаа дахин нэг өдөр үргэлжилнэ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж