Дулааралд үлэмж нөлөөтэй химийн бодисын хэрэглээг бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Дулааралд үлэмж нөлөөтэй химийн бодисын хэрэглээг бууруулна

“Монгол Улсын HCFC хөргөх бодисын менежментийн хөтөлбөр”-ийн нээлтийг өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Япон улсын Байгаль орчны орчны яамтай хамтран зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд иргэд, үйлдвэрлэгчид, импортлогчид, судлаачид, олон нийтийн төлөөлөл оролцсон байна.

Харин маргааш “Монгол шилтгээн”-д “Озон задалдаг бодисыг бууруулах талаарх хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны уулзалт хуралдаан” сэдвээр олон улсын хуралдаан болох юм. Хуралдаанаар “Улаанбаатарын тунхаглал-2”-ыг хэлэлцэн батлах юм.

Япон улсын Киото хотноо 1997 онд хуралдсан ‘‘Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц’’-ийн III бага хурлаар дэлхийн дулааралд гол нөлөөтэй зургаан төрлийн хийг тогтоож, тэдгээрийг бууруулах талаар олон улсын бодлого, стратегийг тодорхойлсон билээ.

Озоны давхаргыг хамгаалахын тулд эдгээр хий дотроос агаар мандалд оршин тогтнох хугацаа удаантай /1800 жил/ бөгөөд озоны давхаргад бага зэргийн нөлөөтэй /0,005%/ гидрохлорфторт нүүрстөрөгчийн /HCFC/ төрлийн хийнүүдийг дэлхий нийтээр 1996-2010 оны хооронд хөргөх, хөлдөөх, агааржуулах бүх техник хэрэгсэлд орлуулан өргөн ашигласан байна. Ингэснээр 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс озон задлах бодис хлорфторт нүүрстөрөгч /CFC/-ийн үйлдвэрлэл, худалдааг зогсооход амжилт олж чадсан аж.

Харин 2007 онд хуралдсан “Озоны давхаргыг хамгаалах конвенц”-ын Талуудын ээлжилт бага хурлаас дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн /HCFC/ төрлийн хийнүүдийг 2030 он хүртэл үе шаттайгаар бууруулах олон улсын дараах шинэ стратегийг тодорхойлсон юм.

Тодруулбал, 2015 онд 10 хувь, 2020 онд 35 хувь, 2025 онд 67,5 хувиар тус тус бууруулахаар тогтсон байна.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд уур амьсгалын болон озоны давхаргыг хамгаалах конвенцуудад нэгдэн орж идэвхтэй ажиллаж байна. 1999-2010 оны хооронд озон задлах хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн /CFC/ хийн бодисыг амжилттай бууруулж чадсан орны тоонд манай улс орж байгаа юм.

Улмаар дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй дээрх гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн /HCFC/ бодисын хэрэглээгээ 2012 оноос эхлэн бууруулахаар “Монгол Улсын HCFC хөргөх бодисын менежментийн хөтөлбөр” боловсруулж, Озоны давхаргыг хамгаалах конвенцын удирдлагаар батлуулжээ. 

Эх сурвалж: mne.mn

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж