-Симпозиумд оролцож байгаа зарим хуульч, судлаачид Монголд хуулийн давхардал, хийдэл их байгааг хэлж байна. Үүнийг яаж засах вэ?
-Эрх зүйн шинэтгэл хийнэ гэж бид ярьж, төлөвлөгөө боловсруулдаг. Тэндээс хийсэн нэг дүгнэлт бол одоо Монголд олон хууль нэмж батлаад байх шаардлага алга. Одоо Монгол Улс 430-аад хуультай байна. Хамгийн гол нь эдгээр хууль хоорондоо хэр зөрчилтэй байна, давхардал, хийдэл байна уу гэдгийг судалж үзсэн. Тодорхой хэмжээгээр тийм зүйл байна. Нэг хууль нөгөөтэйгээ зөрчилддөг учраас алийг нь хэрэглэх вэ гэсэн хүндрэл учирдаг. Иймээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сүүлийн үед энэ чиглэлийн асуудалд онцгой анхаарч байна. Шинэ хууль гаргах гэхээсээ илүү байгаа хуульдаа дүн шинжилгээ хийе гэж байгаа.
Эдийн засаг, аж ахуйн чиглэлийн хууль тогтоомжид шинжилгээ хийсэн. Одоо яам бүр дээр Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэд тухайн салбарынхаа хууль тогтоомжид дүн шинжилгээ хийгээд давхардал, хийдэл, зөрчил байвал арилгах арга хэмжээ авах юм. Олон хуульд нэг зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахад хүндрэлтэй байдаг. Хуулийн төсөл боловсруулах журмын тухай хууль гэж бий. Тэр хуульд Багц хуулийн төсөл гэсэн шинэ хэлбэр бий болгосон. Түүгээр нэгэн зэрэг олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн давхардлыг техникийн хувьд арилгах боломжийг бүрдүүлсэн юм. Энэ бол цаашдын хоёр гурван жилд бидний хэрэгжүүлэх нэг чухал зорилт гэж хэлж болно.