
Дэлхийн хамгийн алдартай хошин дуурийн нэг болох Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийг энэ сарын 18-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа тоглох гэж байна. Сонгодог урлагт элэгтэй үзэгчдийн дуртай хоёр бүлэг дөрвөн үзэгдэлт “Севилийн үсчин” дуурийг Ж.Россиний ердөө хоёр долоо хоногийн хугацаанд бичсэн гэдэг. Тэрбээр Францын алдарт хошин зохиолч П.О.Бомаршегийн “Севилийн үсчин” драмын жүжгээс сэдэвлэн дууриа бичсэн бөгөөд 1816 оны хоёрдугаар сард Ромын “Аргентина” театрт анхны тоглолтоо хийсэн нь бүтэлгүйтэж, Ж.Россиний сэтгэлээр унаж байв. Ж.Россиний анхны тоглолтын дараа хүмүүсээс ичиж, өвчтэй нэрийдлээр гэрээсээ гарахгүй байсан гэдэг. Тэрээр гэртээ байх хугацаандаа “Севилийн үсчин” дуурийн партитураас үзэгчдийн дургүйцлийг төрүүлж байна гэсэн бүх хэсгийг хасч, дахин тайзнаа тоглосон нь харин үзэгчдээс өндөр үнэлгээ авав. Тэр орой театрт цугласан олон “Ноён маэстро Россиний мандтугай” хэмээх орилж, бүх үзэгчид Ж.Россинид хүндэтгэл үзүүлэн босч алга ташжээ. Ж:Россиний тухайн үед 24 настай байсан бөгөөд “Севилийн үсчин” дууриа бичсэнийх нь дараа суут хөгжмийн зохиолч В.А.Бетховен түүнд хандан “Ай, Россиний чи “Севилийн үсчин” дуурийг бичсэн хүн шүү дээ. Үүний чинь төлөө би чамд талархал илэрхийлэхэд хангалттай. “Севилийн үсчин” хэдэн зуун жил тоглогдсоор байх болно. Чамд дуурийн ямар ч төрлөөр бичих ур чадвар байна” хэмээн хэлж байв. Энэ нь түүнд маш их урам зориг өгсөн төдийгүй тэр хэдийнэ дэлхийн хүн болсон байлаа. Үүний дараа Ж.Россиний Хааны “Дельф Фондо” театраас У.Шекспирийн “Отелло” эмгэнэлт жүжгийн зохиолоор дуурь бичих захиалга авч байв. Ж.Россиний нийт 39 дуурь, мөн хэмжээний цөөхүүл хөгжим, шашны бүтээл туурвисан Италийн суут хөгжмийн зохиолч юм. Түүний туурвисан бүхэн түүнд “Итали Моцарт” хэмээх хочийг өгөхөд хүргэж байсан гэдэг.
“Севилийн үсчин” дуурийн цомнолыг Цезарь Стербини бичжээ. Бүтээлийн удиртгал хэсэг Ж.Россинигийн итали характерийг тодорхойлсон хамгийн алдартай бүтээл гэгддэг. Энэхүү гайхалтай дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театртын уран бүтээлчид анх 1979 оны аравдугаар сарын 13-нд тайзнаа тоглож, Монголын үзэгчдэд хүргэж байсан юм. Харин үзэж амжаагүй үзэгчид ирэх бямба гаригт театрыг зориорой. Дэлхийн шилдэг хошин дуурийг үзэж, “Итали Моцарт”-ын суут бүтээлийн гайхамшгийг мэдрээсэй гэж хүсч байна. Тоглолт яг 17.00 цагт эхлэх учир бүү хоцроорой.
М.Дөл