
-Институционал буюу байгууллагын хөрөнгө оруулагчийн талаар тодорхой ойлголт өгнө үү. Ийм хөрөнгө оруулагчид манайд хөгжөөгүйн гол шалтгаан нь юу вэ?
-Хувь хүн эсвэл мэргэжлийн байгууллагууд л хувьцаанд хөрөнгө оруулдаг. Ялангуяа компаниуд мэргэжлийн байгууллагуудад хувьцаагаа зарах илүү сонирхолтой байдаг. Тэдний хувьд мэргэжлийн ур чадвар, чадавх компанийн тухай ойлголт илүү, мэргэжлийн анализ бүрэн хийж чаддаг. Институционал буюу байгууллагын хөрөнгө оруулагч гэдэг нь ерөнхийдөө хувь хүн өөрөө хувьцааны зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг бүрэн гүйцэд бүрэлдүүлж чаддаггүй учир тэдний өмнөөс мэргэжлийн байгууллага ажиллаж мөнгийг нь удирдахыг хэлнэ. Компанийн үнэлгээ, хувьцааны үнэ өдөр бүр, минут, секундээр өөрчлөгддөг.Энэ нь олон шалтгаантай.Тухайлбал, эдийн засгийн өсөлт, уналт, хууль эрх зүйн орчин, байгалийн хүчин зүйлс, технологийн дэвшлүүд гэх мэт макро, микро олон хүчин зүйлс нөлөөлнө. Тиймээс хувь хүн өөрөө байнгын ажилтай байдаг тул тэр болгоныг хянаж суугаад байж чаддаггүй. Тэгвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид нэгдүгээрт, хянах чадвартай, хоёрдугаарт, урт хугацаанд хөрөнгөө оруулдаг. Нэг хувьцааг худалдан аваад 1-2 жилийн дараа ямар ашиг авчрах вэ гэдэг талаар судалдаг.Энгийнээр бол мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж бусдын мөнгийг удирддаг мэргэжлийн менежер хүнийг хэлнэ.Сангийн менежер гэсэн үг.
Ийм менежерүүд яагаад манайд хөгжөөгүй гэхээр хувийн тэтгэврийн систем бүрдээгүй, даатгалын компаниуд нь саяхнаас зөвшөөрөл авсан, мэргэжлийн менежмент хийдэг чадавх бүрдэж амжаагүй, ард иргэдэд хөрөнгө оруулах хуримтлалын мөнгө харьцангуй бага байгаатай холбон тайлбарлаж болно.Тэгэхээр энэ байдал өөрчлөгдөх ёстой. Учир нь бид Тавантолгойн хувьцааг иргэн бүртээ тарааж өгсний дараах жил манай хөрөнгийн бирж дээр арилжаа нээгдэнгүүт гаднын олон хөрөнгө оруулагч орж ирлээ гэж бодъё. Гэтэл тэд биржийн бүх хувьцааг авахад хувьцааны урсгал гадагш чиглэх г аюултай тул дотоодын хөрөнгө оруулагчдын чадавхыг яаралтай бүрэлдүүлэх шаардлагатай хэмээн би байнга яриад буй хэрэг шүү дээ.Тиймээс хувийн тэтгэврийн сангийн системийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын сангуудыг богино хугацаанд хөгжүүлмээр байна.
-Байгууллагын буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчийг хөгжүүлэх хөшүүрэг, хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сангийн төрлүүд, тэдгээрийн хоорондын ялгааны талаар тайлбарлана уу?
-Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байх шиг байна.Хувийн тэтгэврийн сан, Компанийн тухай, хөрөнгө оруулалтын сангийн хуулиудад ч мөн өөрчлөлт оруулах ёстой.Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сангийн төрлүүд дотор хувийн тэтгэврийн сан, даатгал, хөрөнгө оруулалт, их сургуулиудын хандивын сан болон хедже сангууд багтдаг.
Хувийн тэтгэврийн сан
Америкт хамгийн том нь CAlPERS /California Public Employees" Retirement System/ нэртэй Калифорни мужийн багш нарын буюу төрийн ажилтнуудын тэтгэврийн сан байдаг.Канад, Австралид ч тэтгэврийн том том сангууд бий.Ихэнх хувьцаанд хөрөнгө оруулагчийн том тоглогчид нь хувийн тэтгэврийн сангууд юм. Эерэг тал нь тэд хөрөнгө оруулахдаа урт хугацааг голчилдог.Тэдний бүрэлдүүлсэн мөнгө нь ирээдүйн санд мөнгөө өгсөн хүмүүсийн тэтгэврийн асуудлыг шийддэг. Өнөө маргаашийн тэтгэврийн асуудлыг бус шүү. Тухайлбал, Та өнөөдөр 37 настай бол 23 жилийн дараа тэтгэвэр авна гэж бодоод хувийн тэтгэврийн санд хөрөнгө оруулах нь байна шүү дээ. Тэтгэврийн сан дотроо олон төрөл бөгөөд энэ сангийн хамгийн гол давуу тал нь хугацаа урт.Дээр нь маш том хөрөнгө оруулагчид байдаг тул компаниуд энэ том сангуудтай үнэн зөв, шударга харилцаатай байхыг эрмэлздэг.Учир нь нэг удаа мөнгө босгуулж авчихаад худлаа яриад гомдоож, итгэлийг нь алдвал сангаас дахин мөнгө босгоход хүндрэлтэй болдог.Тэгэхээр хувийн тэтгэврийн сангийн системийг хөгжүүлснээр компанийн гүйцэтгэх удирдлагыг үнэнч шударга ажиллуулах, ТУЗ-ийг хянах том ач холбогдолтой.Харин сөрөг тал нь тэд нэлээд консерватив гэж хэлж болно.Бусдын тэтгэврийн мөнгийг хариуцаж байгаа хүмүүс хамаагүй өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийдэг байх ёстой.
Даатгалын сан:
Даатгалын сангууд шууд хувьцааны хөрөнгө оруулалт хийхдээ нэлээд консерватив ханддаг. Ийм сангуудын дийлэнх нь Moody’s, Fitch, Standard&Poor’s зэрэг судалгаа хийж, компаниудын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагуудын ААА, АА, А үнэлгээтэй бондуудад хөрөнгө оруулалт хийдэг.
Даатгалын сангуудын хамгийн гол онцлог нь тогтворжсон компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой байдаг.Тухайлбал, “Кока кола”, “Женерал электрикс” гэх мэт маргааш алга болчихгүй томчуудыг сонирхоно.Жижиг компанид бол нэлээд болгоомжтой хандана.Хөрөнгө оруулалтын хамтын сан:
Хөрөнгө оруулалтын хамтын сан нь хувийн тэтгэврийн сангаас ялгаатай нь 20-30 жилийн хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй хөрөнгийн зах зээл дээрх жилээс жилд өөрийнхөө хөрөнгө оруулалтын стратегийг зах зээлийн байдал, бизнесийн орчинд тааруулан өөрчилж байдаг. Гэхдээ харьцангуй урт хугацааны хөрөнгө оруулагчид гэж ойлгох хэрэгтэй.Хөрөнгө оруулалтын санд мөнгөө өгнө гэдэг бол мөнгөө өсгөх нэг хэлбэр л дээ. Хэрвээ банкны хүү өндөр бол би банкинд мөнгөө хадгалуулна.
Харин хөрөнгө оруулалтын сан банкны хүүгээс өндөр “тоглолт” хийгээд байвал би ийм сангуудад л хандана. Хувийн тэтгэврийн сан бол миний урт хугацааны тэтгэврийн асуудлыг шийддэг бол даатгалын сан хувийн амьдралын маань даатгалыг хариуцаж байна. Хамтын хөрөнгө оруулалтын сан миний хуримтлуулсан хөрөнгийн менежер юм. Хамтын хөрөнгө оруулалтын сан дотроо олон янз.
Үүний цаана хэдэн мянган сангийн менежерүүд байдаг. Эдгээр менежерийн ажлын үр дүнг зах зээлийн индексүүдтэй харьцуулж дүгнэдэг.Индексүүд дотроо олон төрөл, хувьцааны, бондын, “дэлхийн” гэх мэт. Жишээ нь Dow Jones Industrial Average гэдэг индекс Америкийн хамгийн том 30 хувьцаат компаниудын хувьцаанаас бүрддэг бөгөөд тэдгээрийн үнийн өсөлт бууралтыг илэрхийлдэг. MSCIWorld индекс нь дэлхийн өндөр хөгжилтэй 20 гаруй орны 1500 хувьцаат компанийн хувьцаануудын өсөлт бууралтыг хэмждэг.
Тэгэхээр ийм сангийн менежерүүдийн хариуцлага маш өндөр. Тухайлбал, технологийн сангийн менежер хүн тухайн үед технологийн индекс 20 хувиар өсвөл тэр менежер 30 хувийн өсөлт хийж байж өөрийгөө амжилттай ажиллаж байна гэж үзнэ.Түүнээс 18 хувийн өсөлт хийчихээд томд тооцож болохгүй. Тэгвэл би энэ менежерээр биш, өөрөө технологийн хувьцаа авсан бол 20 хувийн өсөлт хийх байжээ гэж бодно. Индекстэй өрсөлддөг салбар юм.Менежер хүн арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар өөрийнхөө тайланг гаргаж, хөрөнгө оруулагчдад тайлагнах ёстой.Ер нь хүмүүс мөнгөн хуримтлалаа өсгөхийн тулд хамгийн сайн менежерийг хайна.Туршлага, чадавх хэр юм, яаж ажилладаг гэх мэтчилэн тухайн менежерийг хэн бэ гэдэгт түлхүү анхаарна.Нөгөө талаар менежер индексийг “цохихын” тулд хувьцааны сонголтыг зөв хийх ёстой.Ямар менежментээр, шударга, үнэн зөв өрсөлдөж энэ хувьцааг илүү үнэд хүргэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулна.Энэ хэрээр тухайн компанийн менежментэд идэвхтэй ханддаг.Хувьцаа эзэмшигчдийн хуралд нь очоод өнгөрсөн жилийн тайлан танилцуулахад гүйцэтгэх захирал Та ийм ажлууд дээр дутуу ажилласан, одоо эдгээрт анхаарах хэрэгтэй гэх замаар тухайн компанийн менежментэд идэвхтэй оролцох боломж бүрдэж байгаа юм.Би их хэмжээний триллион долларын салбаруудыг ярьж байна. Ер нь хөрөнгийн хэмжээгээр яривал, хамгийн том тоглогчид бол магадгүй хамтын хөрөнгө оруулалтын, дараа нь тэтгэврийн,тэгээд хедже сангууд орно.
Хедже сан:
Энэ нь сүүлийн 10 жилд гарч ирсэн нэр томъёо. Өмнө нь хөрөнгийн зах зээлд тэтгэврийн, хамтын хөрөнгө оруулалтын сангууд голлох байр суурьтай байлаа. Хедже сан нь хөрөнгө оруулалтын сангуудаас ялгаа нэг их байхгүй, гэхдээ менежментийн төлбөр нь өндөр 20 хувь, нийт олсон ашгийнхаа 20 хувийг авдаг. Хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд зөвхөн менежмент хийснийхээ төлөө 1-1.5 хувийн төлбөр л авч байгаа.Нийт ашгаас авахгүй. Тэгэхээр хедже менежерүүд нийт ашгийн 20 хувийг авдаг тул аль болох өсөлт хурдантай компаниудыг сонирхдог.Тиймээс Америкийн Уолстрийтийн хамгийн чадварлаг менежерүүд Хедже сан руу явсан байдаг.Ийм сангийн сөрөг тал нь хөрөнгө оруулалтын хугацаа маш богино.Хувьцаа руу гялс ороод л гялс гарна.Өдөр тутмын хэлбэлзэлд идэвхтэй анхаарна.Хедже нь анхлан ямар ч эдийн засгийн хямралын үед хүний мөнгийг алдахгүй хамгаалахаар гарч ирсэн.Хедже гэдэг нь өөрийгөө хамгаалах гэсэн утгатай.Дэлхийн Хедже сангийн анхны томчуудын нэг нь бидний сайн мэдэх Жорж Сорос байна. Энэ санд хөрөнгө оруулдаг хүмүүс ихэвчлэн баян чинээлэг хүмүүс байдаг.Тэрбумтан, саятангууд хамгийн доод хязгаарыг тухайлбал, 1-5 сая ам.доллар гэж тогтоогоод хедже санд өгч, мөнгөө үржүүлүүлдэг. Хедже сангийн менежерүүд жилийн ашгийг бусад сангаас өндөр авчирдаг тул баячууд ийм менежерүүдэд хандах илүү сонирхолтой гэж ойлгож болно.Лондон, Нью-Йорк хотуудад хедже-ээр мэргэшсэн хамгийн олон байгууллага, менежерүүд байдаг.Хамгийн том хедже бол “Blackrock”, “Soros”, “Bridgewater” “Associates” байна.
-Хөрөнгө оруулалтын банкууд яаж оролцох вэ?
-Ихэнх хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалтын банкууд том суудалтай байдаг. Тэд үйлчлүүлэгчдийн өмнө худалдах, худалдан авах гэрээг зуучилдаг зуучийн байгууллага. Саяны хямралаас Америкт хөрөнгө оруулалтын банкуудыг өөрийнхөө мөнгөөр спекуляци /үндэслэлгүй цуурхал тарааж дундаас нь мөнгө олох/ хувьцааг худалдан авч зарах үйл ажиллагааг хориглосон. Харин үйлчлүүлэгчдээс тийм санал гарвал хөрөнгө оруулалтын банкууд хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сангийн захиалгыг гүйцэтгэдэг зууч брокер дилер нь болно.Ийм банкууд хоёр төрлийн харилцагч, үйлчлүүлэгчтэй байдаг.Өөрөөр хэлбэл, худалдан авагч буюу хөрөнгө оруулагчийн дунд сууж буй дундын зуучлагч байгууллага юм.Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргая гэж хөрөнгө оруулалтын банкинд хандахад тэд хөрөнгө оруулагчийг холбож өгч байгаа юм.Ийм банкны ажилтнууд уул уурхайн арилжааг өдөр бүр харж, ажиглаж суудаг.Хэн ямар хувьцаа авч байгааг байнга ажиглаастай. Энэ бүх талын мэдээлэл дээрээ тулгуурлан “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ийм хувийн Тэтгэврийн сан, Хедже сангууд авах юм байна. Яагаад гэвэл миний хамгийн сүүлд оролцсон Индонезийн уул уурхайн IPO-д энэ сангууд ингэж оролцсон юм аа хэмээн тайлбарладаг. Тэгээд тэд дэлхийг тойрсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын жагсаалтыг гаргахдаа тэр урт жагсаалтаа хараад, “Эрдэнэс Тавантолгойн” өрсөлдөгчид өнөөдөр ийм ийм компани байна, эдгээр нь хувьцааг худалдан авах хамгийн том боломжтой хүмүүс гээд тэдгээрийн дунд уулзалт зохион байгуулж хувьцаагаа зарна гэж төлөвлөдөг. Ийм л мэдээллийг Хөрөнгө оруулалтын банкныхан хийж ажилладаг.Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын банк нь хөрөнгө оруулагч, хөрөнгө хайгч хоёрыг холбодог гүүр юм.Энэ утгаараа үйлчлүүлэгчдийнхээ өмнө хариуцлагатай хандах ёстой. Нэгэнд нь худал ярьж, нөгөөг хууран мэхлэх зүйл гаргаж болохгүй. Гаднын “Goldman Sachs”, “Deutsche” гэх мэт маш том хөрөнгө оруулалтын банкууд байдаг. Манай Хөрөнгө оруулалтын банкууд жижиг ч ийм л зорилго чиглэлтэй ажиллаж байгаа.Дотоодын компаниудаас хөрөнгө босгоод өгөөч гэж хандахаар хөрөнгө оруулагчийг хайж эхэлнэ. Гэхдээ манай хөрөнгийн бирж сайн хөгжөөгүй учир хөрөнгө оруулалтын банкууд идэвхтэй хувьцааны арилжаа явуулдаггүй. Бирж хөгжөөд ирвэл аль аль талд нь үйлчлээд явчихна.
Гадаадын хөрөнгө оруулалтын банкны хийдэг ажил нь ийм. Өнөөдөр манай бирж дээр хөрөнгө хайгчид цөөхөн, хөрөнгө оруулагчид байхгүй.Тэгэхээр бидний хамгийн том асуудал хөрөнгийн зах зээлийн миний дээр ярьсан дэд бүтэц хөгжөөгүй учраас хөрөнгө оруулдаг хүн нь зөвхөн хувь хүн юм.Цэвэрлэгч хүн хувьцаа авах талаар ярьж эхэлбэл үүнийг хөөсийн дээд зэрэглэл гэж үздэг.Энэ тохиолдолд бүх хувьцаагаа зарах ёстой.Өөрөөр хэлбэл, хүн бүр хувьцааны талаар ямар нэг байдлаар ярьдаг, мэддэг шинжтэй болчихвол спекуляцид орсны шинж.Энэ тохиолдолд Америкт хувьцаагаа шууд зардаг.Хэтэрхий хувь хүнд түшиглэсэн зах зээл байхын сөрөг тал нь энэ.Хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй хүн 100 төгрөгийн үнэтэй гайгүй хувьцаа юм байна гэж л харахаас бус цаана нь хэдэн ширхэг хувьцаа байгааг, үнэлгээг мэдэхгүйгээр хувьцааг худалдан авна гэдэг утгагүй юм.Хэдэн жилийн өмнө Хятадад ийм хөөснөөс болж, зах зээлийн хувьцааны ханш 30-40 хувиар унасан. Яасан гэхээр хятадууд тэтгэврийн мөнгөөрөө гэнэт хувьцаа авч эхэлсэн. Хөгшчүүл нь 10 юаниас доош хувьцааг авна, таван юаниас доош хувьцаа хямд байна гээд л. Энэ бол маш буруу ойлголт.Энэ хувьцааны цаана ямар компани байдаг, гүйцэтгэх захирал нь хэн юм, салбар нь хэр эрсдэлтэй талаар судалгаа явуулж сайн мэдээлэл авах ёстой.Тэгвэл үүнийг хийдэг газар нь дээрх мэргэжлийн сангууд.
-Манайд ийм судалгаа шинжилгээ хийдэг мэргэжлийн байгууллага байхгүй байна шүү дээ
-Харин тийм. Эдийн засгийн их, дээд сургуулиуд, банкууд, брокер санхүүгийн байгууллагууд ийм мэргэжилтнүүдийг гаргаж ирэх ёстой.Үнэндээ бол бидний аав, ээжүүд хувьцаа арилжаад эхэлбэл утгагүй. Компанийн тайлан тэнцэл, санхүүгийн үзүүлэлтүүдийг уншиж чадахгүй хүмүүс хувьцаанд хөрөнгө оруулалт хийхэд хэцүү. Наад захын нябо, санхүүгийн ойлголт хэрэгтэй.
Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг яаралтай чадавхжуулах талаар хоёр жилийн турш ярьсан. Хууль эрх зүйн орчныг яаралтай бүрэлдүүлэх ёстой гээд л. Ер нь бол бид хөрөнгийн биржийн энэ том бүтцийг хөгжүүлээгүй суутал гаднын хөрөнгө оруулагчид орж ирээд манай бирж дээрх бүх хувьцааг аваад байж байтал Монгол Улс гэнэт ямар нэг шалтгаанаар моодноос гарлаа гэж бодъё. Энэ тохиолдолд бирж үхмэл байдалдаа эргээд л орно.Иймэрхүү тодорхой учир шалтгааны улмаас дотоодын хөрөнгө оруулагчдыг хөгжүүлэх ёстой талаар яриад байгаа юм.Бид өөрсдөө шинэ зүйл зохиох хэрэггүй. Казакстаны бэлэн туршлага байна.Казахстан улс 1990-ээд онд залуучуудын тэтгэврийн санг улсаас тусгаарлаад хөгшчүүдийнхийг төрдөө аваад үлдсэн байна.Насны эрэмбээр. Тэгээд залуучуудынхаа тэтгэврийн санг тусгаарлангуут хувийн тэтгэврийн, хөрөнгө оруулалтын, Хедже сангууд гарч ирж хөгжсөнөөр өдгөө 90 тэрбум ам.долларын дотоодын хөрөнгө оруулагчийн чадавх бүрдсэн байна шүү дээ. Хувьцааны индекс өсөөд ирэхээр сангууд мөнгө хийнэ, дунд нь ард иргэд мөнгөтэй болж баяжина.Эхэндээ жаахан мөнгө ч жилээс жилд залуучуудын тэтгэврийн мөнгө нь нэмэгдээд л яваад байна.Магадгүй энэ зарчмаар явбал Монголын залуучууд 10 жилийн дараа зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд хувьцааны арилжаанд оролцдог хөрөнгө оруулалтын салбарын чадавхтай болохыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Гаднын хөрөнгө оруулагчдын давуу болоод сул тал юу байх вэ?
-Гадаадын байгууллагын хөрөнгө оруулагчид ороод ирвэл бидэнд ноу-хау-гаа дамжуулж болно. Санхүүгийн зах зээлийн сургалтын процесс эхлүүлж болно.Гаднын хөрөнгө оруулагч орж ирэхийн тулд ямар брокер дилерийн компани байна, чадавх нь хэр талаар судалгаа явуулна.Хүмүүсийг сургаж эхэлнэ.Гэхдээ хэтэрхий гаднынханд найдсан байж болохгүй ч тэднээс зугатах арга алга гэдэг нь үнэн юм.Эхлээд гаднынхан л орж ирж байж манай бирж хөгжинө. Түүнээс бид зөвхөн дотооддоо хийнэ, гаднын байгууллагын хөрөнгө оруулагчдыг оруулахгүй гэвэл өөрсдийгөө өөрчилж, дэлхийн хөрөнгийн зах зээлтэй өрсөлдөж чадахгүй. Тиймээс гаднын байгууллагын хөрөнгө оруулагчид орж ирж л байвал мөнгийг нь үр өгөөжтэй ашиглах талд л анхаарах ёстой. Мөн банкуудын хүүг бууруулах нэг үүсвэр энэ юм.Гаднын хөрөнгө оруулалтын сангууд ороод ирвэл манай компани бонд гаргаад тэр бондоо банкнаас хямдхан авч, урт хугацааны 5-10 жилийн хөрөнгө оруулалт хийж болно.Өнөөдөр манай банкууд өндөр хүүтэй богино хугацаатай хөрөнгө оруулалтууд хийж байна.Энэ тохиолдолд улсынхаа хэмжээнд мөнгөн хуримтлал үүсгэж чадахгүй байгаа юм.Нэг ёсондоо богино хугацааны наймаа хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр улс орны хөгжлийн чанартай төсөл, томоохон дэд бүтцийг хөгжүүлэх хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэж чадахгүй байна.
-Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх ажлын талаар ямар шинэлэг мэдээлэл өгөх вэ?
-Ажлынхаа дунд явж байна. Лондоны бирж 90 хоногийн хугацаанд удирдлагын баг явуулах, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах юм.Тэгээд түүнийгээ МХБ-ийн ТУЗ, Төрийн өмчийн хороонд танилцуулах ёстой.Хугацаа арай болоогүй байна. Ирэх сард ТУЗ, ТӨХ-нд танилцуулж батлуулах байх. Лондоны биржийн менежмент бол ороод ирсэн. Гэхдээ орж ирэнгүүт бүх юмыг өөрчилчихгүй. Өөр нэг мэдээлэл нь МХБ-ийн дэргэд Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төв байгуулагдсан. Гол зорилго нь хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэг боловсролыг соён гэгээрүүлэх, хувьцааны мэдлэгийг дээшлүүлэх ажлыг цэвэр хувийн салбарын, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх сонирхолтой байгууллагуудын дэмжлэгээр явуулах төв юм. Хөрөнгийн бирж төсвийн байгууллага тул хөрөнгө санхүү талаасаа хүндрэлтэй. Тийм учраас банкууд, гаднын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, дотоодын санхүүгийн байгуулага, компаниуд, хувь хүмүүсийн Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд үзүүлэх санаачилга, дэмжлэгийг авах үүднээс ажиллах юм.