
“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриа нь улам олон хүн сайн дураараа тогтмол цусаа бэлэглэж, донорын эгнээнд нэгдэн бусдын амьдралыг аврагч болохын чухлыг дэлхий даяар бүх хүмүүст хүргэх зорилготой юм.
ДЦДӨ-г тэмдэглэхийн ач холбогдол нь:
- Сая сая хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус сэлбэх эмчилгээ амин чухал үүрэгтэй болохыг олон нийтэд ухамсарлуулах
- Олон олон хүнд тогтмол, авлагагүй, сайн дурын цусны донор болох хүслийг төрүүлэх, улмаар улс орны хэрэгцээг хангахуйц цусны нөөцийг бүрдүүлэх баталгаа болох
Тогтмол хугацаанд цусаа бэлэглэж шинжилгээнд орсноор байнгын, авлагагүй, сайн дурын донорууд нь эрүүл амьдралын хэв маягийн үлгэр дууриалал болж байгааг тэдний нийгмийн эрүүл мэндийн салбарт гүйцэтгэж буй үүрэг гэж хүлээн зөвшөөрөх
Цус сэлбэлтийн алба нь бүхэлдээ сайн дурын донорт суурилсан улс орны тоо 2002 онд 39 байсан бол өнөөдөр 62 улс энэ тогтолцоонд бүрэн шилжсэн байна. 2009 оны Мельбурны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнууд 100% авлагагүй сайн дурын донортой болохыг уриалсан байдаг.
Цус нь төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон төрөлхийн цусны өвчний үед өөр юугаар ч орлуулшгүй эмчилгээний бэлдмэл, биологийн үнэт зүйл юм. Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сэлбэдэг байна. Гэвч энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээ биш юм. Аливаа улс орны хүн амын 3% нь сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэдэг бол аюулгүй, найдвартай цусны хангамжийг бүрдүүлнэ гэж үздэг бол дэлхийн 70 гаруй оронд хүн амын дөнгөж 1% нь цусаа бэлэглэж байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж нь тулгамдсан асуудал болоод байгааг харуулж байна.
Монгол улсын хэмжээнд 2010 оны байдлаар 70000 орчим донор бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 5-н жилд тогтмол нэмэгдэж байна. Хэдийгээр энэ тоо өндөр мэт харагдах боловч нэг жилд 20000 гаруй донор цусаа бэлэглэж байгаа нь хүн амын тоо болон өвчлөлийн байдалтай харьцуулахад тийм ч хангалттай үзүүлэлт биш юм. Иймд аюулгүй, найдвартай цусны хэрэгцээг хангах гол эх үндэс болсон донорын эгнээг өргөжүүлэх, цус хэрэгтэй байгаа хэн нэгний алтан амийг аврахад монгол улсын иргэн бүрийн сэтгэл, үүрэг, оролцоо чухал байна.
Аюулгүй, найдвартай цусны хэрэгцээг мэдэрч, сайн дурын авлагагүй донорын ач тусыг ойлгож, донорын талаархи мэдлэг хандлага наашилж байгаатай холбоотойгоор Дэлхийн цусны донорын өдрийн үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд өсөн, дэмжигч, хандивлагч, ивээн тэтгэгч байгууллагууд нэмэгдэж байгаа билээ. Цаашид энэ хамтын ажиллагаа улам өргөжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Энэ жил манай орны хувьд хүмүүнлэгийн ариун үйлсийг дэмжигч төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хандивлагч, ивээн тэтгэгч байгууллагуудын эгнээ тэлж, үйл ажиллагааны хүрээ улам өргөжиж байгаагаараа онцлогтой байна.