Хонконгт консулын газраа нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Хонконгт консулын газраа нээлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлал Хонконгийн тусгай бүсээс эхэллээ. Ерөнхий сайд өчигдөр Хонконгийн тусгай бүст өчигдөр ирсэн. Харин өнөөдөр Хонконгод байгуулж байгаа Монгол Улсын Консулын газар “МИАТ”-ийн Төлөөлөгчийн газрын нээлтэд оролцлоо. Н.Багабанди Ерөнхийлөгч1998 онд энд айлчлахдаа Өргөмжит консулын газрын нээлтэд оролцож байсан. Харин Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жилд тус бүст айлчлан Хонконгийн амбан захирагчтай уулзаж, консулын газрыг нээх, шууд нислэгтэй болох гэсэн хоёр чухал асуудал ярилцжээ. Хамтын ажиллагааны хамгийн гол бөгөөд эдийн засгийн санхүүгийн хөшүүрэг болох энэ хоёр чухал асуудлыг ердөө л нэг жилийн дотор шийдэж, өнөөдөр нээлтээ хийж байна гэдэг бол үнэхээр л “ногоон гэрлээр” асуудлыг шийдсэн гэж хэлж болох.

“МИАТ”-ийн Төлөөлөгчийн газар консул хоёр хөршлөн байрлах байр нь хотын төвийн 20 гаруй давхар байрны 15 давхарт, цомхон шилэн хашлагат гурван өрөө. Хэдийгээр жижигхэн мэт харагдах боловч байрны түрээс чамгүй өндөр бололтой. Хонконг дахь Консулын газрын ерөнхий консулаар Я.Ариунболд хэмээх залуу томилогджээ. Анхны ерөнхий консулд Ерөнхий сайд С.Батболд баяр хүргээд шинэхэн төлөөлөгчийн газрыг нь чимэглэх гоёмсог зураг бэлэглэнэ лээ. Дөнгөж ажлаа эхэлж байгаа шинэхэн консул зав багатай гүйгээд байгаа бололтой байсан. Ийнхүү Монгол Улс Хонконгийн тусгай бүсэд Консулын газартай боллоо. Манай консул Хонконгийн 126 дахь найрсаг харилцаат газар нь болж байгаа аж. Харин Ерөнхий сайд би ч бас 26 дахь Ерөнхий сайд гэж олзуурхаж байна лээ. Дашрамд дурдахад, Ази номхон далайн бүсийн төдийгүй дэлхийн санхүүгийн төв болсон Хонконг 126 арлаас бүрддэг юм байна.

“МИАТ” болон консулын газар нэг дороо байрлах нь ажил хөөцөлдөж, орсон гарсан хэнд ч болов амар хялбар бололтой. Урьд нь Хонконгийг зоригсод Бээжин, Сөүлээр дамждаг байсан бол өнөөдөр Улаанбаатараасаа шууд нисэх боломжтой болж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд зургадугаар сарын 2-нд байнгын нислэгээ хийсэн. Долоо хоногийн ням, пүрэв гаригын тогтмол нислэг ерөнхийдөө их амжилттай, суудлын дүүргэлт 80 орчим хувьтай байгаа гэж Төлөөлөгчийн газрын ажилтан бүсгүй Д.Оюундэлгэр хэлж байна лээ. Монголчууд хэдийнэ  Хонконгийн эрт зочид. Аялал жуулчлал, бизнес эрлэхээр ийш зоригсод олон. Алдарт Диснейлэндэд зочлохоор хүүхдүүдээ дагуулсан гэр бүлийн аялагчид зөндөө олон явж байгаа харагдсан. Бяцхан монгол охид хөвгүүд “Диснэйлэндэд очно” гэж шулганалдаж байна лээ. Бас цаашилбал Макао зугаа цэнгэлийн улс усан онгоцоор нэг цаг яваад л хүрчих газар хүлээж буй. Нэг талаасаа монголчууд Гонконгыг сайн мэддэг бол нөгөө талаасаа гонкгончууд бүр цаашилбал зүүн Өмнөд Азийнхныг Монгол руу даллах гол гүүр болохоо байна, манай шууд нислэг.

Басхүү хэд хэдэн компани Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа амжилттай гаргаад байгаа. Цаашид ч олон олон компаниуд Гонконгын хөрөнгийн биржээр дамжин дэлхийн санхүүгийн зах зээлд хүч үзэх болохоор “хөшөө тийш чиглэх ардын зам баларсангүй” гэдэг шиг Хонконг Улаанбаатарын агаарын зам өлзийтэй бөгөөд өөдлөн дэвшиж байх болтугай.

А.Алтантуяа /БНХАУ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж