
Олимпийн аварга Э.Бадар-Ууган Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан, алсын Америкийг зорьжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын улс оронд хийж буй томоохон айлчлалууддаа улс төр, бизнесийн төлөөлөгчдөөс гадна урлаг, спортын алдартнуудыг дагуулах болсон нь улс орноо сурталчлах, энэ салбарт гадаадын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хөшүүрэг болж байгаа гэж болно. Өмнөх айлчлалуудад спортынхныг төлөөлж олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар, шатрын спортын их мастер Б.Мөнгөнтуул, буудлага спортын залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул нарын спортын алдартнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан, хилийн дээс алхаж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар АНУ-д хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Айлчлал зургадугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлэх юм.
Дашрамд сонирхуулахад, Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Энхбатын Бадар-Ууган, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн спортын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг билээ.
Б.Баясах