
Монголчуудын хувьд хоол хүнсэндээ төмс, байцаа, лууванг түлхүү хэрэглэхээс манжинг төдийлөн хэрэглээд байдаггүй. Энэ нь ч учиртай. Манжин их идвэл хортой гэх яриа нэг хэсэг тархсан. Үүнээс болж манжингийн борлуулалт муудаж, тариалалт багассан гэдэг юм билээ. Гэтэл манжингийн үнэ энэ жилээс гэнэт огцом өсөх болсон нь хачирхалтай юм.
Манжингийн үнэ өсөхөд нийлүүлэлт багассан нь нөлөөлсөн хэмээн худалдаачид өгүүлж байгаа. Нийлүүлэлт багаслаа гэж бодоход эрэлт нь төдийлөн өсөөгүй нь тодорхой. Шатахуун шиг амин чухал хэрэгцээ биш шүү дээ, үнэндээ. Үүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас манжингийн үнэ өсөх ямар нэгэн шалтгаан байхгүй гэх тайлбарыг өгч байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр төмс, хүнсний ногооны үнийг өмнөх тавдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.0 хувь, манжингийн үнэ 108.2 хувь, байцааны үнэ 1.9 хувь, луувангийн үнэ 36.1 хувиар өссөн бол, сонгины үнэ тогтвортой байна.
Бусад хүнсний ногооны үнэ төдийлөн өсөөгүй байхад яагаад манжингийн үнэ өсчихөв гэдэгт иргэд ч гайхаж буй. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас баруун аймгуудаас бусад боомтуудаар орж ирж буй импортын төмс, хүнсний ногоо, үр тарианы татварыг жилийн турш 15 хувиар тооцох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан нь төмс, хүнсний ногооны үнийг өсгөхөд нөлөөлсөн хэмээн хэрэглэгчид үзэж байгаа. Тэгвэл салбарын яамнаас манжингийн үнэ өнгөрсөн сараас 108 хувиар өсөх болсонтой дээрх шийдвэр ямар ч хамааралгүй гэдгийг мэдэгдээд байна. Учир нь Монгол Улс дотоодынхоо хэрэгцээт манжингийн дийлэнхийг үндэсний үйлдвэрлэлээс хангадаг гэдэг тайлбарыг салбарын яамнаас өгсөн юм.
Өнгөрсөн тавдугаар сард төмс, хүнсний ногооны үнэ 100-200 төгрөгөөр өсөх болсон шалтгааныг худалдаачид шатахууны хомсдолтой холбон тайлбарлаж байсан. Шатахууны үнэ өсч, тээврийн зардал нэмэгдсэн нь төмс, хүнсний ногооны үнийг өсгөсөн гэнэ.
Харин арваадхан хоногийн дотор ганцхан манжингийн үнэ нэг дахин нэмэгдэж 1750 төгрөгөөс 3500-4000 төгрөг болсонд салбарын яам нь эргэлзэж байгаагаа нуугаагүй. Манжингийн эрэлт хэрэгцээ өмнөхөөсөө төдийлөн өсөөгүй хэрнээ яагаад аравхан хоногийн дотор нэг дахин өссөн шалтгааныг зөвхөн худалдаачид л мэдэх бололтой. Өнөөдрийн байдлаар төмс 700-1050, байцаа 800-1000, сонгино 900-1000 төгрөгийн үнэтэй байна.
Харин импортоор нийлүүлэгддэг цагаан будаа болон элсэн чихрийн үнэд төдийлөн өөрчлөлт ороогүй, нэг килограмм цагаан будаа1600 төгрөг, нэг килограмм элсэн чихэр 1700 төгрөгийн үнэтэй байна. Монгол Улс энэ хавар 281,2 мянган га талбайд үр тариа тариалсан бол 13,9 мянган га талбайд төмс тарьсан аж. Үр тариа болон төмсний тариалалт үндсэндээ дууссан гэх мэдээллийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Г.Одонхүү өгсөн. Харин хүнсний ногооны тариалалт дуусаагүй байгаа нь тэнгэр хангай сайн дулаарахгүй байгаатай холбоотой гэнэ. Хүнсний ногоо нийтдээ 7,4 мянган га талбайд тариалахаас 4,8 мянган га талбайд тариалалт хийгээд байгаа юм байна. Харин 12,6 мянган га талбайд малын тэжээл тариалжээ.
Төлөвлөгөө ёсоор бол өнгөрсөн 2010 оны адил монголчууд үр тариа, төмснийхээ хэрэгцээг зуун хувь дотоодоосоо, хүнсний ногооны хэрэгцээг 60 хувь үндэсний үйлдвэрлэлээсээ хангах ёстой.

Ж.ЭРХЭС
Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин