
Самнаас өөр ямар ч хэрэгсэл үсийг гоёмсог, торгон зөөлөн болгодоггүй. үсийг дагзнаас дух руугаа, дараа нь бүх чиглэлд сойзон самаар самнаж өгөх хэрэгтэй. Ингэж самнавал ядаргаа тайлагдаж, толгойн өвчин намддаг. Хэрвээ үс тань хугарамтгай, үзүүр нь салаалсан бол сойзон сам бус энгийн самаар самнаарай. Харин та тослог үстэй бол сойзон сам тохиромжгүй.
Үснийхээ өтгөн, шингэн, тослог, хуурай болон ашиглах зорилгоос нь хамаарч самаа сонгох хэрэгтэй.
Мод, хулс зэргээр хийсэн самаар самнахад арьсанд зөөлөн иллэг болж цахилгаанжихаас сэргийлдэг. Шүдийг нь резинэнд суулгасан сам зөөлөн байх ёстой. Шүдний үзүүрийг нь тэгшилж, хурц биш болгож өгсөн байх ёстой. Сойзон самны бөөрөнхий үзүүртэй шүд иллэг хийхэд сайн байдаг.
Гэмтэлтэй үсэнд металлаар хийгдсэн, хурц шүдтэй сам тохиромжгүй. Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй. Шингэн, зөөлөн үсэнд хатуу биш, модон сам тохирно.
Хуванцар самыг тэр бүр хэрэглэх хэрэггүй. Ийм сам цахилгаанжилт үүсгэж, үс унагахаас гадна амархан бохирдуулж, тоос хуримтлуулдаг байна. Тиймээс хуванцар самыг ойр ойрхон угаах буюу гурван сард нэг удаа солих хэрэгтэй. Мөн үсэндээ хэв оруулах сойзон самыг худалдаж авахдаа бөөрөнхий хэлбэртэй нь үсийг сэвсийлгэх, массажны сойз нь самналтыг хялбар болгоход хэрэгтэйг анхаараарай.
Хэдэн удаа гэдэг нь чухал бус харин үсээ яаж самнаж байгаа нь чухал. Үсээ маш нямбай самнах хэрэгтэй. Хэрэв үс чинь даахирч орооцолдсон бол түүнийг үзүүрээс нь эхлэн самнана. Угаах шаардлагагүй ангижруулагчийг хэрэглэх нь самналтыг маш хялбар болгож өгнө.