МАН нийгмийн хоцрогдлоос ард түмнээ гаргасан гавьяатай

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

МАН нийгмийн хоцрогдлоос ард түмнээ гаргасан гавьяатай

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан баярын хурал дээр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Ард иргэд ээ,
    Ардын намын гишүүд ээ,
    Эрхэм хүндэт төлөөлөгчид, зочид оо,
    Хатагтай, ноёд оо.

    Монголд улс төрийн нам байгуулагдсаны түүхт 90 жилийн ой болон Эх орончдын өдрийн баярын мэндчилгээг Та бүхэнд дэвшүүлье.

    Энэ түүхэн ойг тэмдэглэхдээ Монголд анх удаа улс төрийн нам байгуулагдсан нөхцөл байдал, учир холбогдол, түүний үйл ажиллагааг эргэн санах нь бид бүхний тухайд зүй ёсны хэрэг ээ. Ерэн жил гэдэг зэрвэсхэн харахад нэг хүний туулчихаж болох нас мэт боловч энэ хугацаанд Монгол Ардын Нам ямархан их үйлсийг бүтээж, түүхэн туршлага хуримтлуулж, гайхалтай зам туулсныг бид харж, бахархаж байна.
     
    1911 оны үндсээ чөлөөлөх тэмцлээр Монгол улсын тусгаар тогтнолыг зарлан тунхагласан. Энэ бол өнөөгийн Монгол орны шинэ түүхийн эхлэл байв. Гэвч харь хүчирхийллийн нөлөөгөөр энэ ололт саармагжин, төр, улсын тусгаар байдлыг алдагдуулсан нөхцөл байдалд хүрчээ. Түүхт байдлаас сургамж авсан Монголын эх оронч–хувьсгалчид Улс төрийн нам байгуулж тэмцлийн шинэ арга, хэлбэрийг сонгох болсон байна. Улс төрийн ууган байгууллага–Монгол Ардын Нам байгуулсан нь өөрөө XX зууны эхэнд Монголчуудын оюун санаа, улс төрийн сэтгэлгээний гайхамшигтай амжилтын нэг байв.

    Энэ цаг үед эх орон тусгаар тогтнолоо алдаад зогсохгүй, ард түмнийг үгээгүй ядуурал, бичиг үсэггүй байдал, нийгмийн хоцрогдол нөмөрч байв. Улс орныг энэхүү хүнд байдлаас авч гарах, улс, үндсээ аврах түүхэн зорилт Монгол Ардын Намд ногджээ.

    Монгол Ардын Намын үйл ажиллагаа харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн гаргаж, төрийн эрхийг ард түмний мэдэлд шилжүүлсэн их гараагаар эхэлсэн юм. Бүгд найрамдах улсыг тунхаглан, хаант засаг буюу нэг хүний засаглалыг халж, Ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлыг байгуулж, шинэ маягийн төрийн тогтолцооны үндсийг бий болгосон байна. Хамжлагаас иргэдийг чөлөөлөн, эрэгтэй, эмэгтэй иргэдийн тэгш эрхийг баталгаажуулж яс, үндэс угсааг үл ялгаварлан эрх тэгш болохыг энэ нам Үндсэн хуулиар Азийн орнуудаас анх түрүүн зарлан тунхаглажээ. Монгол Ардын Нам нийгмийн хоцрогдлоос улс орон, ард түмнээ гаргасан гавьяатай юм.

    Хүн амаа 1960 он гэхэд бүрэн бичиг үсэгтэй болгож, 1990 онд бүрэн бус дунд боловсролыг иргэн бүрт эзэмшүүлсэн байв. Эдүгээ манай орны гурван хүн тутмын нэг нь эрдэм номд шамдан суралцаж байна. Ард түмнийг соён гэгээрүүлж, нийгмийн хоцрогдлыг даван туулах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлснээр өнөөгийн оюунлаг Монгол хүнийг төлөвшүүлсэн юм. Ийнхүү Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулах, бүтээн байгуулалтын үлэмж ажлыг өрнүүлэн түүхэн богино хугацаанд хөгжил дэвшилд хүргэх ирээдүй бүхий хөгжлийн чиг хандлагаар улс орноо хөтөлж шинэ XXI зууны босгыг алхуулаад байна.

    Төр улсыг төвхнүүлж, хөгжил дэвшилд хүргэхэд Монгол Ардын Намд алдаж онох, элдэв саад бэрхшээл олонтаа тохиолдсоныг даван туулж чадсан билээ. Тэгэхдээ ямар ч үед Үндсэн хууль, хуулийн хүрээнд ажиллаж байсан нь Монгол Ардын Намын нийгмийг удирдах хүч чадлын үндэс нь болж байжээ. 1924 онд анхны Үндсэн хуулийг, 1940, 1960 онд нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн хуулийг батлуулж хэрэгжүүлэхийн төлөө тэмцэн, 1990 оны эрс шинэчлэлийн давлагаа, нийгмийг ардчилах хөдөлгөөний явцад тавигдсан түүхэн сорилтыг шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль гарган, дангаар төр барих үндсэн хуулийн эрхээс татгалзан, олон нам, олон ургалч үзлийг зөвшөөрөн, шинэ тутам төрсөн улс төрийн намуудыг дэмжиж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгохыг бодлого, зорилт болгон хэрэгжүүлжээ. 1992 онд Үндсэн хуулийг шинэчлэн батлахад Монгол Ардын нам шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Төрийн эрхийг барьж, засаглахдаа “хамтарсан”, “олон нам”-ын, холимог хэлбэрийн сонголт хийж улс төрийн бусад намыг оролцуулж ирсэн нь Ардын Нам цагийн төлөв байдлыг зөв үнэлдэг, өнөө, ирээдүй хослон мэдрэмжтэй ажилладаг арга барилынх нь илэрхийлэл юм.

    Намын XXI их хурлаас олон тулгуурт гадаад бодлогын үндсийг тодорхойлсон. Энэхүү бодлогын үр дүнд олон улсын түвшинд Монгол улсын нэр хүнд улам өсөх боллоо. Манай орон дэлхийн олон оронтой сайн хөрш, түншлэлийн харилцаатай, найрсаг бодлого явуулж байна.

    Сүүлийн жилүүдэд Монгол Ардын Намаас улс төрийн бусад намуудтай хамтран явуулсан бодлого, үзэл баримтлал нь Монголчууд улс төрийн аргаар төр барих ухааны бас нэг шинэ нотолгоо болж байна.

    Ерэн жилийн өндөрлөгөөс өнгөрснөө эргэн харахын зэрэгцээ бидний ажлын өнөө ба ирээдүйн төлөвийг дүгнэн цэгнэх боломж бидэнд бий. Өнөөгийн Монголын нийгмийн улс төрийн сэтгэлгээнд ихээхэн өөрчлөлт гарч байна. Иргэний нийгэм, олон нийтийн зүгээс тавьж байгаа шаардлагаас харахад улс төрийн шийдэл, хариу хүлээсэн, шийдвэрлэвэл зохих асуудал ч багагүй хуримтлагджээ. Ажилгүйдэл, орлогын хомсдлоос нийгмийн нэг хэсгийн амьжиргааны түвшин доогуур байна. Хууль хэрэгжих явцад шударга бус үйлдэл гардгаас эрх зүйд итгэх итгэлд цөв суухад хүрч болзошгүй байна. Засаглалын тогтолцоог улам боловсронгуй болгохгүй бол төрд итгэх итгэл ч сулрах хандлагатай болсон байна. Ард иргэдийн сэтгэл зовдог асуудлуудыг шийдвэрлэх нь үнэндээ эзэн, хугацаагаа хүлээж байна. Энэ бүхний цаана Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх асуудал ч бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид хийх болно. Монгол орны эдийн засгийн өсөлтийг хангах нь нийгмийн асуудлыг шийдэх хамгийн бодитой боломж гэж үзэж байна.

    Улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд буурь суурьтай дүгнэлт хийх, энэ талаар авах арга хэмжээг тодорхойлох нь хамгийн нөлөө бүхий, Засгийн эрхийг барьж буй Монгол Ардын Намын улс төрийн бодлогоос үлэмж хэмжээгээр хамааралтай юм. Улс төрийн нөлөө бүхий Ардчилсан нам, бусад намуудтай хамтран ажиллахаас эцсийн үр дүн шалтгаалах нь мэдээж. Монгол Ардын Нам улс нийгмийн тулгамдсан зорилтыг ухаалгаар шийдэж ирсэн ихээхэн туршлагатай билээ. Манай намын ажил, үйлс бол Монгол Ардын Хувьсгалт Намын ч, Монголын Ардын Намын ч түүх мөн. Энэ хоёр салшгүй нэгдмэл бие цогцос юм.

    Бидний ажил үйлс, Ардын намын хэрэг зорилго, бодлого амьдралд биеллээ олно гэдэгт итгэл дүүрэн байна.

    Баярлалаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж