“Үхэл үгүй” номыг Монгол хэлнээ орчуулан гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

“Үхэл үгүй” номыг Монгол хэлнээ орчуулан гаргалаа

"Time" сэтгүүлийн 1999 оны нэгэн дугаар Элизабет Кюблер-Россыг XX зууны шилдэг 100 сэтгэгчийн нэгээр нэрлэсэн юм. 1950-иад оны дундаас эмнэлэгт ажиллаж эхлэх үедээ Элизабет, аварч болохоор хүмүүст л анхаарал тавихыг эрмэлздэг эмнэлгийн ажилтнууд амьдрах найдваргүй, эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүст хүйтнээр хандаж буй "хэрцгий" хандлагыг хараад цочирдон балмагдаж байжээ. Тэрээр өөрийн илтгэл өгүүлэл зэрэгтээ "Үхэл бол яг төрөлттэй адилхан амьдралын маш чухал нэгэн шат. Үхэх үйл явц мэргэжлийн шинжлэх ухаанч судалгаа шинжилгээг зүй ёсоор шаардсан бүхэл бүтэн үйл явдал мөн" гэдгийг бичсэн байдаг.Түүний ийнхүү бичсэн“Үхэл үгүй” номыг монгол хэлнээ орчуулан гаргажээ. Тус номыг “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч байсан Ц.Амгалан орчуулан гаргасан байна. Тэрбээр удахгүй номынхоо нээлтийг хийх бөгөөд одоогоор худалдаанд гарч эхлээгүй байгаа юм. Номын талаар Ц.Амгалан хэлэхдээ “Хүн гэдэг бүгд нэг нэгэндээ туслах ёстой байдаг. Энэ ном бол миний хийх ёстой зүйлийн л нэг юм. Зарим хүмүүс яагаад ийм хүнд сэдвийг сонгосон юм гэж асуудаг. Бид нар бүх юмыг орлуулж болно. Гэрийн үйлчлэгч, жолооч гээд л маш олон орлогчтой болчихсон шүү дээ. Хүүхэд хүртэл ээж ааваасаа төрөхгүй байгаа. Гэтэл үхлийг бол яавч орлуулж болохгүй. Чи миний өмнөөс үхчих гэсэн зүйл байхгүй. Хичнээн хүн ухаангүй, ухаанаа алдсан ч үхлийг туулна. Тиймээс бид энэ сэдвээс бултах арга байхгүй. Иймд би энэ номыг орчуулан гаргасан юм” хэмээн хэллээ.

Сонирхуулахад Ц.Амгалан энэхүү номоо худалдаанд гаргахаас өмнө Хүүхдийн хорих ангид, эмэгтэйчүүдийн хорих ангид болон Эх Нялхас Эрдэм шинжилгээний төв, Хавдар судлалын Үндэсний төвийн номын санд хандив болгон тарааж өгөөд байгаа юм. Элизабет Кюблер-Россын бичсэн энэхүү номын цувралуудыг ч гэсэн үргэлжлүүлэн орчуулж, Монголын уншигчдад хүргэхээр ажиллаж байгаагаа Ц.Амгалан хэлж байсан юм.

М.Дөл 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж