Ерөнхий сайд Эдийн засгийн чуулганд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Эдийн засгийн чуулганд оролцлоо

Ерөнхий сайд Эдийн засгийн чуулганд оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зургадугаар сарын 12-13-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакартад болсон Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Жил бүрийн өвөл Швейцарийн Давост дэлхийн улс төр, эдийн засгийн лидерүүд цуглаж зангиагүй уулзан геополитикийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог жишиг тогтсон. Харин энэ чуулга уулзалт Зүүн Азийг жич дурандах “Зуны Давос” бөгөөд энэ жил 20 дахь онтойгоо золгож байна.

”Шинэ даяаршилд хариу өгөх нь” сэдвийн дор Жакартад болж  байгаа энэ удаагийн  чуулга уулзалтад Засгийн газар, бизнес, иргэний нийгмийг төлөөлсөн 40 гаруй орны 600 гаруй удирдагч оролцож хоол хүнсний хангамж, аюулгүй байдал, шатахуун түлш, байгалийн гамшиг,үндэстэн доторхорлогын тэгш бус хуваарилалт, улс орнуудын эдийн засгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, түүний сөрөг үр дагаврын талаар нухацтай хэлэлцэж, саад бэрхшээлийг шийдэх түлхүүрийг хамтдаа хайлаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, хүнсний аюулгүй байдал, хүн амын амьжиргааны түвшин, орлогын хэт зөрүүтэй байдал, ажилгүйдэл нь улс орнуудын өмнө тулгарч байгаа нийтлэг бэрхшээл гэж Зүүн Азийн эдийн засгийн чуулганд оролцогчид үзэж байна. Эдгээрийг шийдэх арга замыг хайсан олон чухал санал, санаачилга чуулганы үеэр гарлаа. Бүс нутгийн хэмжээнд асуудлаа зохицуулах, ингэхдээ Их-20 хэмээн нэрлэгдсэн өндөр хөгжилтэй орнуудтай идэвхтэй хамтран ажиллах замаар бүхий л боломжийг ашиглах нь чухал гэсэн санаа олонтоо дурьдагдаж байлаа.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын дарга, профессор Клаус Шваб “Дэлхийн саад бэрхшээлийг зохицуулах нь: Эрсдэлд хариу өгөх Азийн механизм” сэдэвт салбар хуралдааны индэрт таван илтгэгчийг урьсны нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байв. Энэ салбар хуралдаан Жакартад болж буй чуулга уулзалтын гол сэдэв юм. Зүүн Азийн бүс нутгийн орнуудын өмнө тулгамдсан болон ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл бэрхшээлээс гарах арга зам, шийдэх шийдэл нь юу байх талаар халуухан яриа өрнөлөө. Хэлэлцүүлэгт дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санааг тоймолбол, дэлхийн аль нэг улсад л хамаардаг алдаа, эсвэл амжилт гэж байдаггүй учраас ухаалаг хамтын ажиллагааг өрнүүлэх нь чухал байгаа тухай байв.

“Жижиг улсын зовлон том улсад ч байдаг. Нийтлэг бэрхшээлийн эсрэг тэмцэхэд Засгийн газрууд дэлхийн төвшинд хамтран ажиллах арга замаа боловсронгуй болгох хэрэгтэй. Ингэхдээ эхлээд үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлаа тодорхойлох, улмаар олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд  шийдэх боломжийг ашиглах нь давуу талтай” гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.

Тэрээр цөлжилт, түүний эдийн засаг нийгмийн амьдралд үзүүлэх болсон сөрөг үр дагаврын талаар мөн хөндлөө. Монгол бол усны нөөцөөр хомс дэлхийн 60 орны нэг бөгөөд нийт нутгийн 70 хувь цөлжсөн, олон булаг, шанд ширгэсэн нь тулгамдсан асуудал болоод байгааг тэрээр хэлээд  өнгөрсөн зун говийн элсэн цөлд Засгийн газраа хуралдуулахдаа уур амьсгалын өөрчлөлтөд Монголын иргэд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг зорьсноо өгүүлэв. Түүнчлэн стратегийн чухал ач холбогдолтой бараа, бүтээгдэхүүний хувьд нэг зах зээлээс хараат байх нь эдийн засагт ихээхэн дарамт  учруулдаг тухай ч дурьдав. Үндэсний хэмжээнд тулгарч буй асуудлаа шийдэхдээ бусдын шилдэг туршлагаас суралцдаг. Байгалийн баялгаас иргэддээ тэгш хүртээх үүднээс “Хүний хөгжлийн сан”, эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтвортой байдлын сан” байгуулсан. Хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангах  Засгийн бодлого үр дүнгээ өгч байгаа гээд өөрийн орны нөхцөл байдал, алдаа оноогоо Ерөнхий сайд элдэв өнгө, будаггүйгээр танилцууллаа.

Монголын эдийн засгийн хөгжлийн хурд, нүүрс, газрын тос гэх мэт байгалийн нөөц, баялгийн талаар Жакартад чуулж буй эдийн засагчид нэлээд сонирхож байлаа. “Монгол Улс ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй. Бас манай улс бол хөдөө аж ахуйн орон. Дэлхий даяар хүнсний хомсдолын тухай ярьж эхэлсэн энэ цаг үед Монгол Улс ирээдүйд хүнсний томоохон нийлүүлэгч болох бүрэн боломжтой” гэж Ерөнхий сайд С.Батболд хэлсэн нь шинэ мэдээ байлаа. Энэ үг чуулгад оролцогчдын анхаарлыг ихээхэн татав.

Чуулганы завсарлагаар Сингапурын Ерөнхий сайд, Европын холбооны төлөөлөгчид, Индонезийн Худалдааны сайд, Эрчим хүчний сайд нар болон дэлхий дамнасан үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн удирдлагууд Ерөнхий сайд С.Батболдтой  биечлэн уулзаж Монгол орны талаар сонирхож хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж