Мейвейзер есдүгээр сард Ортизтай тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Мейвейзер есдүгээр сард Ортизтай тулалдана

Жил гаруй хугацаанд тулаанаас хөндий байж, тайван амьдралаар амьдарсан шилдэг тулаанч Флойд Мейвейзер мэргэжлийн боксын рингэндээ эргэн ирж, Виктор Ортизтой тулалдах болсноо мэдэгдлээ. Дэлхийн таван удаагийн аварга тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн жилийн тавдугаар сард Лас Вегас хотноо Шейн Мослитой нударга зөрүүлж, шүүгчдийн 100 хувийн саналаар ялалт байгуулж байсан юм. Өдгөө 34 настай тулаанч мэргэжлийн боксын рингэнд 41 тулаан хийхдээ бүгдэд нь ялсан бөгөөд таван өөр жингийн ангилалд дэлхийн аваргын бүсийн төлөөх зургаан тулаанд ялж байв.

Харин Ортиз дөрөвдүгээр сард Андре Бертог буулган авснаар WBC холбооны дунд жингийн аварга болсон юм.

Ортиз, Мейвейзер нарын тулаан есдүгээр сарын 17-нд болох тов гарчээ. Рингэндээ эргэн ирсэн Мейвейзер өнөө цагийн дэлхийн аваргыг төвөггүй буулган авч, фенүүддээ сайхан үдшээр бэлэг барина гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Тэрбээр 41 тулааныхаа 25 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор дийлсэн бөгөөд энэ удаад ч тэгэхийг үгүйсгэх аргагүй юм. Харин Ортиз 33 тулаан хийхдээ хоёр ялагдаж, хоёр тэнцэж, үлдсэн 29 тулаандаа ялсан амжилттай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж