Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Зүрхний баяр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хамгийн чухал сэдэв бензин, шатахуун, төмөр зам, худалдаа, эдийн засгийн харилцааны цаашдын хөгжил байсан хэдий ч хойд хөршид хадгалагдаж байгаа Монголын соёлын өвтэй танилцах, элгэн садан халимаг түмэндээ зочлох зорилгыг хамт тавьсан юм.

Петрийн хотын монгол өв

Санкт-Петербург буюу Гэгээн Петрийн хот монгол судлал, монголын соёлын өв хамгаалах чиглэлээрээ дэлхийд бараг тэргүүлнэ. Аль тэртээ 1850-иад оноос энэ түүх эхэлжээ. Оросын эрдэмтэн судлаачдын олон экспедиц Монголыг зорьж, кинонд гардгаар “тэмээнд чулуу ачиж зөөсөөр” энэ их өв санг Нева мөрний хөвөөний эл хотод цуглуулсан байна. Невийн эрэг дээр архитекторч Б.Валлен-Деламотын 1767-1769 онд эхлэн байгуулсан ёслол, хүндэтгэлийн эрхэмсэг танхимууд, тансаг засал бүхий хүлээн авалтын өрөөнүүдтэй үзэсгэлэнт барилга XYIII зууны үед II Екатерина хатан хааны хувийн цуглуулгаас үүссэн музей болсон нь өдгөөгийн Эрмитаж. Хатан хаан Елизавета Петровнагийн захиалгаар 1754-1762 онд түүнтэй залган Өвлийн ордныг байгуулжээ. Октябрийн хувьсгалын сэдэвт түүхэн киноноос бидний мэдэх болсон Өвлийн ордны гол хаалгаар Монголын төлөөлөгчид өгсч өвөг дээдсийнхээ өв соёлтой танилцах ажлаа эхэллээ.

Ноён уулын Хүннүгийн үеийн булшнаас олдсон буга барьж буй чонын дүрстэй эсгий хивсийг хоёр хуваан нэг хэсгийг Орост явуулсан нь өдгөө Эрмитажид байна. Хоёр мянганы өмнөх хивс атал саяхан ширсэн мэт хээ угалз нь ялгарч харагдах нь гайхалтай. Монголчууд ирэх сургаар Эрмитажийнхан далд байдаг нандин үзмэрүүдээ ил гарган, заримыг бүр шилэн хоргоноос нь салгажээ. Тийм үзмэрүүдийн нэг болох Ноён уулын ширмэл хивснээс манайхан адис хүр­тэж, өвөг дээдсийнхээ ур ухаан шин­гэ­сэн бүтээлд толгой мэ­хийн ёсло­лоо. Хэдийгээр музейн хам­гаа­лал­тын ажилтнууд дурамжхан байсан ч эзэд нь ирсэн хойно арга буюу тэр үйлд­лийг тэвчиж өнгөрөөв.

Хүннү гүрний үеийн эмээл, бүсний алтан тоноглол, Монголын хаад ноёдын мөнгөн тамга, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бурхад, ХYII-XVIII зууны үед Монголын ихэс дээдэс Оросын эзэн хаадтай харилцаж,  дипломат шугамаар илгээж байсан бэлгүүд, XIII-X IYзууны Монголын хаадын эд өлгийн зүйлс, эхнэр хүний шүр сувдан шигтгээт толгойн боолт, ээмэг, унжлага, бугуйвч, алт, мөнгөн эдлэлүүд ур хийц, өнгө тансагаараа эрх биш ялгаран олны харааг булааж байв. Чингис хааны үеийн “дипломат паспорт” болох том мөнгөн гэрэгэ хэд хэдийг хананд өлгөжээ. Алтан гэрэгэ ч бий гэлцэнэ. Монголын эд өлгийн зүйлсийг хадгалсан тасалгаанд эртний хүний шарил бий. Занданшуулснаас дутахгүй сайн хадгалагдсан тэр шарил биеэр бага, цээжин хэсгийн дээл хувцас бараг хэвээрээ бөгөөд зүүн талаар хажуулдуулан өвдгийг нь нугалан хэвтүүлж оршуулжээ.

Түүнээс холгүй урд бүүрэг нь шу­вуун толгойн дүрстэй чамин эмээл байна. Мөн л манай өндөр их өвгөдийн эдлэл.

Санкт-Петербург дахь ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэл судлалын хүрээлэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг зочлоход Монголын түүх, соёлын холбогдолтой бичгийн дурсгалын дээжсийг дэлгэн тавьсан байв. Тэнд Монголын бичгийн дурсгалтай холбоотой 8000 гаруй гар бичмэлийг хадгалжээ.  Зочдод зориулан давчуухан өрөөнд дэлгэн тавьсан номг судруудыг гүйлгэн харвал “Молон тойны намтар”, “21 Дар эхийн магтаал”,  алтаар бичиж бүтээсэн “Алтангэрэл” судар, “Галын тахилга”, Перс хэлнээс эрт үед орчуулсан “Эрт цагаас Төмөр хааныг хүртлэх монголчуудын түүх”, “ХYII зууны үеийн Ойрадын утга зохиолын хэл”, “Ойрадын Галдан бошигт хааны тухай” түүхэн бичгүүд нүд эрээлжлүүлнэ. Хар дэвсгэр дээр  алтан үсгээр гүйлгэн бүтээсэн Алтангэрэл судар л гэхэд хуудас бүр дээрээ бурхдын дүртэй.

Нэгдүгээр Петр хааны нэрэмжит хүн судлал, угсаатны зүйн музейд очиход өвгөдийнхөө ур ухааныг бишрэн намбатайхан алхаж явсан Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц “Та нар минь зүрхээ чангал. Би ч номоо уншия. Энд аймаар зүйлс бий шүү” гэлээ. Музейн Монголын тасаг, сан хөмрөгөөс Монголын түүхтэй холбоотой хосгүй ховор эд өлгийн зүйлс, нийтэд үзүүлж байгаагүй хуучны гэрэл зургуудыг олноор дэлгэжээ. Өнгөрсөн зууны эхэн үеийн нийслэл хүрээнийхний гэрэл зургаас өгсүүлээд тэр үеийн монголчуудын амьдралыг дүрсэлсэн баримал сэлт ч байна.

Чингисийн үеийн мөнгөн гэрэгэ, бурхад, эмээл, хазаарын алт, мөнгөн тоног гээд олон сонин үзмэрийн зэрэгцээ Дамбийжанцан буюу Жа ламын толгой, Жа лам өөрийн гараар туламлаж өвчсөн хүний дэлгэсэн арьс зэрэг ч байдаг гэлцэнэ. Толгой, арьс зэргийг энэ удаад үзүүлсэнгүй. Хаалттай фондод байдаг, тэгээд ч усан нүдэт, цусан зүрхт эгэл хүн хараад байхааргүй эд бололтой.  Тэдгээрийг үзүүлж цочирдуулах вий  гэсэндээ Д.Чойжамц хамба “Зүрхээ чангалаарай” гэсэн ажээ. Гэхдээ л Монголын түүхэнд хамааралгүй ч хоёр толгойтой сиамын ихэр хүүхдийн араг яс, спиртэн уусмалд хадгалсан хүний гар, хөл зэрэг хүйтэн хөлс бурзаймаар этгээд үзмэрүүд тэнд байх ажээ.  Хүний газарт байгаад нь өвгөдийнхөө үнэт зүйлст харамсах сэтгэл төрөх авч хэрэв нутагтаа байсан бол 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хөлд өртөн үгүй болж мэдэхээр байсан эдгээр их өвийг нүдний цөцгий шиг хамгаалж байгаа Гэгээн Петрийн хотын эрдэмтдэд талархахаас өөр яалтай.

Монголчууд, монгол судлаачдын өмнө эдгээр эрдэнэсийн хаалга ямагт нээлттэй байхыг, ном журмаар нь хувилж өгч болохыг тэндэхийн судлаачид амласан юм.
Эх орны их дайны үед 400 хоног фашист Германы цэргийн бүслэлтэд байж хэдэн мянган хүн нь өлсгөлөнгөөр хорвоог орхин гэрийн тэжээмэл хамаг амьтнаа идэж баран эцэстээ үхсэн хүний цогцос, загасны хайрсаар хийсэн цавуу, булга, минж гээд амьтны арьсаар хийсэн хувцасны зах сэлтийг усанд чанан “шөл”-ийг нь ууж, 125 грамм талхаар хоногийг өнгөрөөн асар их зовлон туулахдаа хуучны нэрээр Ленинградын иргэд энэ их эрдэнэсийг аминаасаа илүү хамгаалан аварч үлдсэн нь гайхамшиг.

Бөмбөгөнд өртөөгү Гүнзэчойнэй хийд

Арц хүж анхилж, бурхны номын ая данд таацуулан хонх, дамрын чимээ үл тасрах том хийд Санкт-Петербург хотын төвд байх ажээ. Буриад, халимаг, тува, бүр орос лам нар энд шавилан буян хурааж ном хурж байна. Гүнзэчойнэй хэмээх хоёр давхар дуган, дөрвөн давхар чогчинтой энэхүү Дүйнхорын дацанг Буриадын номч мэргэн хамба Агваан Лувсан Доржиев Оросын II Николай хаантай шадарлаж ахуйдаа Санкт-Петербургт 1909-1915 онд бариулжээ. Түүнийг босгоход Дээрхийн гэгээн ХIII Далай лам 50 мянга, Агваан  Лувсан Доржиев өөрөө 30 мянга, Халимаг, Буриадын сүсэгтнүүд 10 мянга, YIII Богд Жавзандамба хийгээд ар, өвөр Монголын сүсэгтнүүд 60 мянган алтан зоос хандивлажээ.

Хийд 1938 онд ЗХУ-д болсон их сүйтгэлд нэрвэгдсэн ч дуган хийд нь хэвээр үлдэж, хожмоо дэлхийн II дайны жилүүдэд сум, бөмбөгөнд өртөлгүй бүтнээрээ хоцорсон эгэлгүй түүхтэй ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг очиход хийдийн лам хуврагууд мандал өргөж, маань хөгжөөлөө. Ая дан, уншлага сэлт нь манай хүрээ хийдэд хурдаг номоос огт ялгаагүй ажээ.

Зүрхний баяр

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Халимагт зочлоход хүн зон нь эгээ л хамаатан саднаа тосох  мэт гүнээ хүндэтгэн угтлаа. Халимагчууд алтлаг бадамлянхуа цэцэг, хээ хуараар гоёсон цагаан хадаг, аягатай сүү, боорцог барин Ерөнхийлөгчийг тоссон юм. Онгоцны буудлаас Элстэй хот орох зам зуур дэргэдүүр зөрөх хүмүүс эгээ л Монголд байгаа мэт, бүр нэр оноож хэлмээр бидэнтэй дэндүү адилхан. Дөрвөн зууны тэртээ Манжид эзлэг­дэхгүй гэсэндээ эх нутгаасаа гарсан омголон тэд маань яасан ч хол нүүгээ вэ. Каспийн тэнгисийн цаана, Ижил мөрөн хавиар монгол царай харж, монгол цай ууж, монгол боорцог идэж монголоор ярилцах нэг л сонин. “Бид та нарын тасарсан мах, үсэрсэн цус билээ. Та бид нэг мах, цусны амьтас билээ.  Хол гэж бүү цөх, явбал хүрнэ гэж эзэн Чин­гис хэлсэн. Нээрээ та нар минь олон уул, олон голыг гатлааад тэртээ холоос биднийгээ эргэх гээд ирлээ шүү дээ. Та нар гал голомтдоо суугаа болохоор нас хамаагүй бүгдээрээ бидний ах, эгч минь. Өнөөдөр бидний зүрхний их баяр болж байна” хэмээн баруун аймгийн аялгаар ярин угтах өвгөд, эмгэдийг хараад өөрийн эрхгүй самсаа шархирч нулимс сулдаа мэлмэрээд ирэв. Санаж санаж уулзсан хамгийн ойрын садан шиг минь санагдаад өр зураад болсонгүй. Монгол нутгаас гараад 400 жил болсон халимагууд одоо ч торгууд аялгаараа хөөрөлдөж, шар тос хөвүүлсэн сүүтэй цайгаа задиар амтлан самарч, салмааргүй амттай улаан боорцог, чанасан мах, буузаар гийчдээ дайлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмнөх ширээн дээр баруун аймгийнхны цагаан сараар таваг засдаг самнаа боов, өрөм өрсөн харагдана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элстэй хотынхонд өр­гөө цагаан гэр бэлэглэж нэгэн монгол голомт үүсгэсэн юм.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч халимаг хөгшид­тэй нутгийн аялгуугаар хууч хөөрцгөөж жигтэй­хэн амархан хэл нэвтрэн элгэмсч суув. “Мэндүүд” хэмээн уулзаж “Сайн байнад” гэж салдаг, “ханажийнав” гэж баярласнаа илэрхийлдэг хали­ма­гууд 12 үеийг эх нутгаасаа хол өнгөрөөсөн ч зүс царай монголтой ижил, хэл яриагаа марталгүй иржээ. Харин Кавказ хавиар нутагладагтаа тэр үү, үндэсний хувцас хунар, дуу, бүжгийн хөдөлгөөнд нь уулынхны нөлөө туссан нь анзаарагдана.

Европ тивийн цорын ганц бурхны шашинт, монгол голомтот баян  бүрд болсон халимаг зонд социализмын үед буддын нэг ч сүм хийд байсангүй.  Харин өдгөө шашин шүтлэг сэргэж, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 27 сүм хийдтэй болсны хамгийн том нь Элстэй хот дахь “Бурхан багшийн алтан өргөө” хэмээх хийд юм. Хийдийн шавыг  2005 онд тавьж, 2006 онд Дээрхийн гэгээн Далай лам Данзанжамц Халимагт морилох үеэрээ нэр хайрлажээ. Өндөр довжооны гол хэсгээр ус үелзэн урсах энэ гоёмсог хийдэд хурал ном тасрахгүй. Дилав хутагтын хойд дүр болох АНУ-д төрсөн Данзанламид хэмээх залуухан халимаг лам энэ газар буддын шашнаа дэлгэрүүлэн соёл, түүхээ түгээж байна. “Алтан өргөө” хийдэд сүсэгтнүүдэд буддын шашны ном судар, түүхийн талаарх мэдээллийг цогцоор нь өгч,  хийдийн доод давхарт номын сан, кинотеатр, гэрэл зургийн үзэсгэлэн, буддын шашны судлалын төв ажиллуулдаг нь манайд ч авууштай туршлага санагдсан. Сүсэгтэн олны өргөл барьцыг хийдийн үйл ажиллагаанд зориулаад зогсохгүй, буяны үйл, шашны ховор ном судрыг хамгаалж, судлахад зориулдаг юм байна. Тэнд залсан шинэ бурханд Дилав хутагтын өмнөх монгол дүр В.Жамсранжавын жанчны хэ­сэг, чандраас аваачин аравнай шүншиг өргөв. Өмнөх дүрийн Дилав хутагт АНУ-д байхдаа Эх орны дайны үеэр энд тэндгүй цөлөгдсөн халимаг түмнийг Ижил мөрөн хавийн нутагтаа буцахад зүтгэл гаргасан түүхтэй гэнэ.

Халуу шатаж элс төөнөсөн элчилгүй тал нутагтай халимагчууд таван хошуу малаа маллаж байна. Овор ихтэй улаан үхэр, хоёр бөхт тэмээд нь монгол генээ алдалгүй өдий хүрчээ. ОХУ-ын махны хэрэгцээний 65 хувийг халимаг үхрийн махаар ханга­даг, ууцан сүүлтэй хониороо ч гайхуулдаг гэнэ. Мориныхоо эмээлийг Монгол нутгийн зүг харуулж тавьдаг халимагчууд дахин дахин уулза­хын ерөөл тавин сүү өргөн Ерөнхийлөгчийг үдлээ. Элгэн садан монгол, халимаг түмэн ойр ойрхон уулзаж зүрхний баяраар бялхах болтугай.

Д.Оюунцэцэг /тоймч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж