
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 06.00 цагийн орчимд Улаанбаатар хотоос мордон АНУ-ыг зорих болжээ. Ингэхдээ Сөүлээр дамжин ардчиллын орныг зорих болсон аж. Монгол Улсын төрийн тэргүүн энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн урилгаар энэ сарын 14 – 17-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийхээр болсон юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэдорж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Ж.Бэйнэр нартай уулзаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх, харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлөвийн талаар санал солилцох юм. Мөн айлчлалын хүрээнд хоёр талын дээд хэмжээний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд чиглэж байна.
Г.Дарь