
бол үндэсний аюулгүй байдлын дотоод эх сурвалж. Энэхүү механизм эрүүл,
шударга, тогтвортой, тунгалаг бус байх аваас төр өөрөө үндэсний аюулгүй
байдалд “заналхийлэгч” болж хувирдаг аж.
аюулгүй байдлын баталгаа нь ардчилал, тэр дундаа парламентын ардчилал
гэж үзвэл парламентын сонгуулийг явуулах хууль эрх зүйн орчин дархлаа
сайтай байх ёстой. Гэвч өнөөдөр дархлалын олдмол хомсдолын /ДОХ/
вирусээс сонгуулийн тогтолцоог хамгаалж чадах эсэх хариуцлага ард түмний
гарт биш хоёр том намын эрх мэдэлд байна. Ийм учраас л УИХ-аар хэлэлцэж
буй Сонгуулийн тухай хуулийн төсөлд олон нийт, хэвлэл мэдээлэл анхаарал
хандуулж, намын бүлгүүдийн байр суурийг дэнсэлж буй хэрэг.
Сонгуулийн
мажоратор тогтолцоо нь сонгогчдын санал үлэмж гээгддэг сул талтай. 2000
оны сонгуулиар МАХН сонгогчдын 50.4 хувийн дэмжлэгийг авсан хэрнээ
парламентын суудлын 96 хувийг авч байв. Нэг тойрогт дөрвөн нэр дэвшигч
өрсөлдөхөд тэдгээрийн хамгийн өндөр саналтай нь буюу сонгогчдын 30
хувийн санал авсан нь парламентад шууд орно. Энэ тохиолдолд сонгогчдын
70 хувийн санал парламентын гадна үлдэж байгаа хэрэг. 70 ба 30 хувийн
аль нь олонх вэ? Түүнчлэн олон жижиг тойрогт хуваах тусам нэг тойрог
дахь сонгогчдын тоо цөөрч, тэдний саналыг худалдан авахад илүү хялбар
болно. Тэр тусмаа өнөөдөр компаниуд хүчирхэгжиж байгаа нөхцөлд гадаад
гүрний болоод дотоодын бизнес, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг бүхий
этгээд тойрог худалдаж аваад Их хуралд ороод ирэх магадлал ч өндөрсөж
байна.
Нэг үгээр цаашид мажоратор тогтолцоогоор сонгууль явуулах
нь аюулгүй байдлын баталгаа болсон ардчилсан парламентын дархлааг
сулруулах магадлалтай болжээ. Аюулгүй байдлын дотоод эх сурвалж болсон
төрийг аюулгүй байдалд “заналхийлэгч” болгон хувиргах уу, үгүй юү гэдэг
асуудал сонгуулийн тогтолцооны ард зангилагдаж байна. Тэгвэл бидэнд
байгаа сайн хувилбар болох пропорциональ тогтолцоог хуульчлах эр зориг
өнөөгийн УИХ-ыг бүрдүүлж байгаа хоёр намд байна уу?
Пропорциональ
тогтолцооны шинж чанар давамгайлсан холимог хувилбар болох 50:26 гэсэн
хувилбарыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг тууштай хамгаалах байр сууриа
даваа гаригт болсон бүлгийн хуралдаанаараа юутай ч дахин зарлалаа. Харин
МАН-ын бүлгийн хувьд мажораторын элементийг илүүтэй хадгалсан 24:52
гэсэн хувилбарыг зүтгүүлсэн хэвээр. Тэр ч байтугай намын бүлгийн дарга
нь өөрөө “Манай бүлгийн 45 гишүүнд нэг нэг тойрог өгч байж л сонгуулийн
холомог хувилбар чинь явна шүү” гэж сүрдүүлсэн гэж байгаа. Хамтран
засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хоёр намд өнөөхөндөө зарчмын
зөрүүтэй асуудал ганц нь Сонгуулийн тухай хууль болчихоод байна. УИХ-ын
гишүүд ч энэ удаад жинхэнэ сонгодог утгаараа сонирхлын зөрчилтэй
асуудалтай нүүр тулаад буй нь энэ.
Өнөөгийн жижиг тойргийг
хуулиар хадгалан үлдэж, өөрсдөө дахин сонгогдох магадлалаа бататган
үлдэх сонирхол хэн, хэнд нь бий. Гэтэл улс, үндэстэн олон нийтийн эрх
ашигт өнөөгийн тогтолцоог задлах нь илүүтэй нийцнэ. Ийм л эрх ашиг,
сонирхлын зөрчил намууд, улстөрчдийг хөл хавчсан гутал шиг шаналгаж буй.
Үнэндээ МАН эрх мэдлээ хадгалах явцуу эрх ашиг, жижиг намуудыг
шахсан улс төрийн сонирхлоо хазаарлах эр зоригоор дутаж байна. Намын
бүлэг нэгдээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа энэ тохиолдолд шинэчлэлийг
хүссэн хувь улстөрчдийн эр зориг, хүсэл эрмэлзэлд найдахаас өөр аргагүй.
2008 оны сонгуулийн дараа “сонгуулийн төгөлдөршил”-ийг хамтарсан
Засгийн газрын улс төрийн зорилго болгон дэвшүүлсэн С.Баяр, Сонгуулийн
хуулийн төсөл дээр УИХ-ын ажлын хэсгийг ахалж жил гаруй ажилласан УИХ-ын
дэд дарга Н.Энхболд, тогтолцооны маргаанаас болж УИХ-аар хэлэлцэх
асуудлын жагсаалтаас сар шахам ухарсан Сонгуулийн хуулийн төслийг хүчлэн
байж хэлэлцүүлэгт оруулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Ж.Сүхбаатар гээд нам дотроо нөлөөлж чадахуйц зарим улстөрчдөд энэ
найдварыг тавьж, ачааны хүндийг үүрүүлэхээс өөр замгүй.
Ардчилсан
нам ч гэсэн энэ удаа олонхийн бүлгийн амыг харж, аялдан дагах уу, аль
эсвэл байр суурь дээрээ баттай зогсч, парламентын гаднаас дэмжлэг авч
авах уу гэдэг анхаарал татаж байна. Хоёр намын тогтолцоо руу хүссэн,
хүсээгүй шахдаг хуулиа өөрчилж, парламентын гадна орхигдсон бусад нам
хүчний дуу хоолой, үйл ажиллагаа, хяналтыг танхимд оруулах эрмэлзэл
хүсэл энэ нийгэмд үүсээд байгааг анзаарахгүй өнгөрч болох уу?!
2011.06.09
Зохиогчийн эрх "Ардын эрх"