
Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ныг тохиолдуулан МҮЭ-ийн соёлын төв ордон, Монголын мэргэжлийн спорт бүжгийн холбооноос “Этүгэн” дээд сургуулийн дэргэдэх “Сарны танго” клубтэй хамтран цэнгээнт бүжгийн урлагийг дэмжих, шинэ залуу үеийг төрүүлэх зорилгоор “Dance of Life” цэнгээнт бүжгийн анхны бие даасан шоу тоглолтыг энэ сарын 5-нд зохион байгуулах гэж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд Монголд цэнгээнт бүжгийг сонирхогч, хичээллэгч хүүхэд залуучууд, клубүүд эрчимтэй нэмэгдэж хөгжиж байгаа энэ цаг үед бүжгийн спортын “Улсын аварга”, “Хаврын баяр”, “Дархан тур” гэх мэт тэмцээн уралдаанууд жил болгон зохиогддог. Гэвч тайзан дээрээс дэглэн тавьсан шилдэг цэнгээнт бүжигчид, хамтлагууд, дуучдын нэгдсэн томоохон шоу тоглолт өмнө нь болж байгаагүй учраас эл шоуг хийж байгаагаараа давуу талтай юм. Эл тоглолтод Tango, Cha cha cha, Samba, Rumba, Jive, Pasodable, Salsa, Standart waltz, Viennese waltz, , Slow foxtrot, Quickstep, Брейк гэх мэт бүжгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд шоу хэлбэрээр шинээр найруулан тавих гэнэ.
Тоглолтод цэнгээнт бүжгийн “Хатан туул”, “Цагаан бүжиг” хамтлаг, “Мотив” хамтлаг, дуучин: Т.Эгшиглэн, Г.Тэмүүжин, хийлч: Э.Уянга, ардын хөгжмийн “Жонон” хамтлаг, брейк бүжгийн “Crash” хамтлагууд оролцоно.Цаашид “Dance of Life” цэнгээнт бүжгийн бие даасан шоу тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж , цэнгээнт бүжиг сонирхогч олон зуун залуучуудыг дэмжиж ажиллах юм байна
Г.Даша