
Монголчууд бид 15 жилийн өмнөөс гар утас хэрэглэж иржээ. Одоо бол Монголд “Мобиком”-оос гадна олон үүрэн телефоны оператор компанитай болсон. Гэхдээ эх суурийг нь “Мобиком” тавьж, монголчуудад гар утас гэж юу болохыг таниулсан. Тэр ч утгаараа “Мобиком”-ын хамгийн олон хэрэглэгчийг сүлжээндээ нэгтгэсэн оператор компани. Мэдээж рок попынхон ч “Мобиком”-ын үнэнч хэрэглэгчид.
Гадаа харуй бүрий болжээ. Үзэгчид улам л нэмэгдсээр байв. Талбайг жинхэнэ доргиосон хамтлаг бол яах аргагүй “Нисванис”. Энэ үдэш “Нисванис”-ын Амгаа үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан. Тэр яг л рок-н-роллын хаан Элвис Пресли шиг харагдаж байв. Тайзнаа гарсан хамтлаг, дуучид дор хаяж, хоёроос гурван дуу дуулж байсан. Тиймээс тоглолт бараг таван цаг үргэлжилсэн юм. Гэхдээ хэн ч уйдаагүй гэдэгт итгэлтэй байна. Орой салхитай, сэрүүхэн байсан ч тайзны ард ч тэр, талбайд байгаа үзэгчид ч тэр хэн хэнийх нь сэтгэл хөөргөн дэврүү, халуухан уур амьсгалтай байсан. Тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулсан болоод ч тэр үү зохион байгуулалт дээд зэргийн байсан. Бүр талбайн хажуу талд цагдаагийн пост авчирч, нэгнээсээ төөрсөн, хэн нэгнийгээ олохгүй байгаа бол цагдаагийн постод бүртгүүлээрэй хэмээн үзэгчдэд дахин дахин анхааруулж байв.
Рок попын хамгийн өөртөө итгэлтэй, “100 хувь” дуучин тоглолтоос багагүй хоцорч байгаа бололтой. Түүн рүү хоёр хөтлөгч залгаж байна. Мэдээж Мобикомын утас руу нь. 99… тэгээд цааш нь нууцлав. Үзэгчид түүнийг хайж байна, гэнэт хөгжим эгшиглэж, тайзнаа мини ногоон даашинзтай “Би 100 хувь, өөртөө итгэлтэй, харц дээгүүр дэгжин тэр охин” хэмээн дуулж эхлэв. Тийм ээ, энэ бол мэдээж Эгшиглэн. Амьд шоу гэх тодотголтой “Mobi Live” тоглолтыг “Fire”, “Лемонс”-гүйгээр төсөөлж болохгүй. Тэд тайзыг эзэгнэж, “Лемонс”-ынхон нийслэл Улаанбаатараа магтан дуулсаар… Цаг хэдийнэ 00.00 цаг өнгөрчээ. Одоо хэн гарч ирэх бол гэсэн догдлол хэн бүхэнд байсан биз. Тайзнаа дуучин С.Наран, Б.Баярцэцэг, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан нар үзэгчдийг байлдан дагуулж эхлэв. Одоо сүүлийн дөрвөн дуучин гарч ирэх үлджээ. Рок попын “акул”-ууд хэмээн үзэгчид дор бүрнээ таамаглаж байв. Хэн гарч ирэх бол. Хас тэмдэг бүхий цагаан хүрмээр гангарсан “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа өөрийн брэнд дуу болох “Би монгол хүн” дуугаа дууллаа. Тайзыг бараг л нураах шахсан. Үзэгчид ч Монгол хүн гэдгээрээ бахархаж, омогшиж байв. Үргэлжлүүлэн дуучин Д.Болд “Хээрийн салхитай аялгуу” дуугаа дуулж “Монгол поп”-ыг мэдрүүлэв. Шөнийн 01.00 цаг өнгөрч байхад Монголын рок попын загалмайлсан эцэг “Харанга” хамтлаг тайзнаа гарч ирлээ. Тэд энэ үдшийн тоглолтыг “Толин хул”, “Сар шиг хол”, “Халуун элгэн нутаг” дуугаараа өндөрлүүлэв.
Жинхэнэ амьд, доргио үдшийг үзэгчдэд бэлэглэсэн “Мобиком” корпораци энэ бүхнийг зохион байгуулах гэж их хичээсэн. Тэдний хичээл зүтгэл талаар болсонгүй ээ. Үзэгчид бүгд сэтгэл хангалуун нийслэлийн төв талбайгаас гэрийн зүг алхаж байсан. Зарим нэг нь дуу аялсаар цаг хэд болсныг ч анзааралгүй алхаж яваа харагдсан.
“Мобиком” корпорацидаа баярлалаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе.