
Өвөрмонголд болж буй эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Монгол Улсаас Хятад улс руу зорчих иргэдийг Хөх хотоос буцааж байгаа гэх мэдээлэл бий. Мөн Өвөрмонголд болж буй эсэргүүцлийн жагсаалыг дэмжин Монгол Улс дахь Хятадын Элчин сайдын яамны гадаа жагсч байсан “Хөх монгол” бүлгэмийн гишүүн Ж.Гансүрэн Хятадын Элчин сайдын яамны хоёрдугаар төрийн нарийн бичгийн даргын дүрс бичлэгийн аппаратыг булаан авч, эрх чөлөөнд нь халдсан. Дээрх мэдээллийг Гадаад харилцааны яамны холбогдох албаныхнаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн байсангүй. Түүнчлэн БНХАУ-д гурван монгол залуу хар тамхины хэрэгт холбогдсон, Казакстан улсад гурван монгол хүн зам тээврийн осолд орж нас барсан гэх мэдээллүүд ар араасаа хөвөрч байна. Эдгээр мэдээллийг тодруулах эрх, үүрэг бүхий газар нь Гадаад харилцааны яамны Консулын газар. Энд Хэвлэл мэдээлэл хариуцсан 3-4 хүн ажилладаг ч Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Дорж, ажилтан С.Батбилэг нар ээлжийн амралтаа авсан аж. Хэвлэл мэдээлэл хариуцаж үлдсэн Б.Монхоо цайны цагаас өмнө хаалгаа түгжээд явсан бол Консулын газрын дарга Д.Ганхуяг сэтгүүлч хүлээж авахгүй гэх “лүндэн” буулгаад өрөөндөө сууж байна. Гадаад харилцааны яам гэх энэ байгууллагыг удирдаж буй сайд, холбогдох дарга нар нь энэхүү асуудлыг анхааралдаа авахыг хүсье.
С.Отгон