М.Ходорковскийн хэрэгт улс төрийн нөлөө ороогүй

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

М.Ходорковскийн хэрэгт улс төрийн нөлөө ороогүй

С.ЛАВРОВ: М.ХОДОРКОВСКИЙН ХЭРЭГТ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ
ОРСНЫГ ХЭН Ч НОТЛООГҮЙ

-Их наймын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Ливийн асуудал дээр НАТО-г дэмжсэн байр суурь илэрхийллээ. Арай Барак Обама түүнээс ингэхийг гуйсан юм биш биз?

-Хэдийгээр ОХУ-ын байр суурь анхнаасаа ийм байгаагүй боловч бас тийм ч шинэ зүйл биш. Мэдээж хэрэг, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама энэ асуудлыг арай өөр өнцгөөс харахыг санал болгосон. Гэхдээ Ливи рүү НАТО цэргээ оруулж буй явдлыг дэмжсэн нь цоо шинэ санаа биш юм. Манай улс Африкийн холбоо, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг дэмждэг. Тэдний явуулж буй бодлогыг сайшаах нь зүйтэй юм. Би Ливийн Ерөнхий сайдтай утсаар ярьсан. Түүнд манай улс ямар бодлого баримталж байгааг, Их наймын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр юу ярих тухай тайлбарласан. Мөн дайн дажинг зогсоож, сэргээн босголтын ажлыг эхлүүлж, дахин сонгууль явуулах асуудлыг дэмжиж байгаагаа ч илэрхийлсэн. Ливийн хүмүүс Оросын ард түмний сайн анд нөхөр. Бид Африкийн холбоотой бүх л талын харилцаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэкоб Зума Ливи рүү айлчилж очихынхоо өмнө хоёр ч удаа Д.Медеведевтэй утсаар холбогдсон. Ерөнхийдөө шинэ Ливийг бүтээн байгуулах ажил урагшилж байгаа гэж дүгнэж байна.

-М.Каддафиг огцруулж, сайн дураараа бууж өгөхөд хүргэхийн тулд юу хийх ёстой вэ. Ямар алхам үр дүнд хүрэх бол. Магадгүй түүнд цагаачлалын эрх өгөх үү?

-Энэ асуултыг надаас асуух нь оновчтой гэж бодохгүй байна. Магадгүй Ливийн ард түмэн, эвслийн Засгийн газраас асуувал зүгээр байх. Африкийн холбооны үйл ажиллагаа ямар шатандаа явааг би сайн ойлгож байна. Манай улсын хувьд ямар нэг цагаачлалын асуудлаар хэлэлцээр хийгээгүй байгаа. Энэ бол бидний мэдэх хэрэг биш.

-Таныхаар одоо М.Каддафи ямар алхам хийх бол?

-Би хэлж мэдэхгүй байна. Хүн бүр л өвөрмөц онцлогтой байдаг. Гэхдээ аливаа улс орны удирдагч ямар ч нууц дэлгээгүй хэрнээ хурцадмал байдалд нөлөөлж чаддаг.

-Одоо ямар асуудал хурцдаж байгаа гэж ойлгож болох вэ?

-Үүнийг надаас асуух нь оновчгүй байх.

-М.Каддафи Ливийн нутаг дэвсгэр дээр байх эрхээ авч үлдэх болов уу?

-Түүнд ямар боломжуудыг санал болгох тухай би хэлж мэдэхгүй байна.

-Өнгөрсөн хавар барууны ор­нууд Ливийн асуудлаарх Оросын байр суурийг шүүмжилсний да­раа Д.Медведев НҮБ-ын энхийг сахиулагч цэргүүд Сири рүү орж байгааг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Гэтэл ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин “Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол арай өөр шийдвэр гаргах байсан” гэж хэлсэн тухай Цагаан ордоноос мэдээлсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Цагаан ордоноос ямар хүн энэ тухай танд ярьсныг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ тухай мэдээлэл хангалттай байгаа гэж бодож байна.

-Б.Обама ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинг ирэх намар АНУ-д хүрэлцэн ирэхийг урьсан. Тэд юу ярилцах бол?

-АНУ-ын дэд Ерөнхийлөгч Бай­дены айлчлалын үеэр сэтгүүлчид мөн л энэ асуултыг мөн л сэтгүүлч нар тавьж байсан. Хоёр орны Төрийн тэргүүн нар уулзах үед дахиад л ингэж асуусан. Тэр үед би өгсөн хариултаа дахин хэлье. ОХУ-ын Ерөнхий сайд, АНУ-ын Ерөнхийлөгч нар уулзахдаа хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутаг болоод олон улсын хэмжээний асуудал гэх мэт маш өргөн хүрээний сэдвийг хамарч ярилцана.

-Доминик Штраусс Кан огцорсны дараа Олон улсын валютын сангийн тэргүүнийг сонгох асуудлыг хөндсөн. Одоогийн байдлаар К.Лагард томилогдох магадлал өндөр байгаа. Харин Д.Медведев түүнийг дэмжиж оронд нь “БРИК”-ийн орнуудын төлөөллийг тэргүүний дараах албан тушаалд томилох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэд тохиролцож чадах болов уу. Хэрэв тэгвэл хэнийг Олон улсын валютын сангийн дэд тэргүүн болгох саналтай байгаа вэ?

-Энэ бол зарчмын асуудал. Одоогийн байдлаар Олон улсын валютын сан шинэчлэл хийж байгаа. Энэ ажил хараахан дуусаагүй. Ийм үед бүх улс орон, тэр дундаа дэлхийн санхүү, эдийн засгийн хүчин чадлыг өөртөө төвлөрүүлж байгаа өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудын нөлөө, оролцоо чухал. Тиймээс Олон улсын валютын сангийн бүтцэд төлөөллөө оруулахыг хичээж байгаа юм. “БРИК”-ийн орнууд дэд тэргүүний суудалд өөрсдийн хүнийг тавих хүсэлт гаргасан нь угаасаа байх ёстой зүйл.

-Гэхдээ одоохондоо яг хэнийг томилох нь тодорхойгүй байгаа. Тийм үү?

-Би л хувьдаа энэ тухай мэдэхгүй юм байна. Боломжит хувилбар маш олон байгаа. 

-К.Лагард Доминик Штраусс Каны томилогдсон хугацааг дуустал Олон улсын валютын сангийн тэргүүн байх уу. Эсвэл ирэх намар өнгөрсөн ч гэсэн энэ албаа хашсаар байх уу. Бразилийн талаас энэ асуудал дээр тодорхой санал дэвшүүлж байгаа?

-Би үүнийг Оросын байр сууринаас авч үзэн тайлбарлахгүй. Зүгээр л юу болохыг харж байя.

-ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Штраусс Каныг хорьсон тухай ярихдаа “Маш эргэлзээтэй” гэж байсан. Францчуудын тал хувь нь мөн л ингэж үзэж байгаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Надад ч гэсэн ингэж   то­хиолдлоор таарсан явдал нь  сэжигтэй санагдаж байгаа юм. Гэхдээ би жирийн уншигч. Штраусс Кантай холбоотой мэ­дээллийг бусдын л адил уншиж сонсож байгаа. Тийм болохоор хэн нэгэн шүүгчийн өмнөөс тайлбарлаж байгаа юм биш шүү.

-Михайль Ходорковскийн асуудал барууныхны анхаарлыг татсаар ирсэн. Хэрэв түүнийг суллабал энэ нь гадны хөрөнгө оруулагчдын хувьд Оросын хууль шударга гэдэгт итгэнэ. Тэд Оросын эдийн засгийг шинэч­лэхэд шаардагдах хэмжээний хө­рөнгийг гаргаж чадах хүмүүс. Тэгэхээр одоо яах вэ?

-Би өмнө нь энэ талаар байр сууриа олон удаа илэрхийлж байсан. Ганцхан хэргээс болж Оросын хуулийн тогтолцоог бүхэлд нь буруутгаж болохгүй. Европын шүүхийн Хүний эрхийн комисс М.Ходорковскийг хорих болсонд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ тэд энэ хэрэгт улс төрийн нөлөө орсон гэдгийг нотлох ямар ч баталгаа олоогүй.

-Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон ирэх есдүгээр сард Москвад айлчилна. Өмнө нь 2006 онд Александр Ливвиненко алуулснаас хойш хоёр орны харилцаанд нэлээд таагүй уур амьсгал бүрдсэн. Түүнээс хойш анх удаа ийнхүү Засгийн газрын тэргүүн нь айлчлах гэж байна. Д.Камерон ОХУ-д ирснээр хоёр орны харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ?

-Энэ бол төр, засгийн удирд­лагын хэмжээнд тодорхой хуга­цааны дараа хийж буй то­моохон айлчлал. Манай оронд зочлон ирж байгаа ямар ч Төрийн тэр­гүүнтэй бид харилцаагаа ба­тат­гаж, гүнзгийрүүлэхийг зорь­дог. Их Британийн Ерөнхий сайд Д.Ка­мерон Москвад ирэх үед хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэ­мэгдүүлэх зэрэг асуудлаар ярилцна.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж