Монголын спортын хүндэт хүн таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Монголын спортын хүндэт хүн таалал төгслөө

АМГАЛАНГИЙН РАВСАЛ
(1928- 2011)

Амгалан овогтой Равсал нь 1928 онд Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн. Тэрбээр төрсөн нутагтаа бага, дунд сургууль дүүргэн, улмаар 1958 онд хуучны Улсын багшийн дээд сургуулийг биеийн тамирын багшийн мэргэжлээр төгсчээ.

А.Равсал Улсын багшийн дээд сургуульд спортын гимнастикийн багш, тэнхимийн эрхлэгч, “Соёл”, “Замчин” нийгэмлэгийн дарга, Биеийн тамирын дээд сургуулийн багш, Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлд хэлтсийн дарга, улсын шигшээ багийн захирал, Спортын төв ордны дарга, “Монголын спорт” сонины аж ахуйн ажилтан зэрэг албыг хашиж, спортын салбарт 40 гаруй жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан нэр хүнд бүхий ахмад зүтгэлтэн юм.

Амгалангийн Равсал нь “Мехико-68” зуны 19-р олимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчдыг ахалж, тус Олимпоос манайхан анхны нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэхэд дорвитой хувь нэмэр оруулсныг нь Монголын спорт, олимпийн их гэр бүлийнхэн өндөр үнэлдэг. Түүнчлэн А. Равсал нь тэмдэглэлт ой, түүхт үйл явдалд зориулсан нийтийн гимнастикийн фон үзүүлбэрийг олон удаа гарамгай зохион байгуулагч нь байлаа.

Түүний гавъяа зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлэн, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 ойн медалиар шагнаж урамшуулжээ. Мөн “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Алтан Очир” одонгоор шагнуулсан байна.

А.Равсалын даруу төлөв, нөхөрсөг, гүндүүгүй зан, хүнлэг, нинжин сэтгэл, спортын төлөө чин халуун зүтгэлийг Монголын спортын их гэр бүлийнхэн үүрд мөнх дурсах болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
  БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР
  МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
“ЗАМЧИН” СПОРТ ХОРОО
    “МЕХИКО-68” ОЛИМПИЙН БАГИЙН ХАМТ ОЛОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж