Төлбөртэй зогсоолд хөрөнгө оруулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Төлбөртэй зогсоолд хөрөнгө оруулахыг хүсэв

Өөрийн нутагтаа төдийгүй Мексик, Будапешт, Сөүл гээд дэлхийн томоохон хотуудын төлбөртэй авто зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн америк тэрбумтан Улаанбаатарт энэ чиглэлээр 10 хүртэл сая ам.долларын хөрөнгө оруулж, хамтарч ажиллах сонирхолтой байна. АНУ-ын олон улсын авто зогсоолын менежментийн “World Wide Parking”/WWP/ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Майзел нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяртай уулзах үеэрээ энэ тухайгаа илэрхийлсэн юм.
АНУ-д төвтэй олон улсын авто зогсоолын менежментийн энэхүү компани нь сүүлийн жилүүдэд Сөүл хотод эрчимтэй үйл ажиллагаа явуулж, 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.  “WWP” компани авто зогсоолын тоног төхөөрөмж, хяналтын систем гээд бүхий л шаардлагатай хэрэгслийг нийлүүлдэг бөгөөд тухайн хотын захиргаатай ашгийнхаа 20 хувийг өгөх гэрээтэйгээр ажилладаг байна. БНСУ гэхэд төлбөртэй зогсоолоос дөрвөн жилийн өмнө 10 сая ам.долларын ашиг олдог байсан бол эдүгээ 15 сая болж өсчээ.
Авто зогсоолын чиглэлээр олон хоттой амжилттай хамтарч ажилласан, туршлагатай компани хөрөнгө оруулах санал гаргаж буйд талархаж, дэмжиж ажиллана гэдгээ хотын дарга илэрхийлээд, төслийн сонгон шалгаруулалтад  оролцохыг урилаа. НИТХ-аас авто замын бөглөрөлийг багасгах үүднээс төлбөртэй зогсоол байгуулах шийдвэр гаргасан бөгөөд Улаанбаатар хот хот, төлөвлөлтийн хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж