
Уг өөрчлөлтийн хүрээнд тендэрийн үйл ажиллагааны ерөнхий гэрээний хугацаа 3 хүртэл жил байхаар тогтоосноос гадна худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь энэ хуулиар тодорхойлсон журмыг удаа дараа зөрчсөн зөрчил гаргасан албан тушаалтнуудыг төрийн албанаас чөлөөлүүлэх тухай дүгнэлт гаргах, гэрээний үүргийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, төлбөр хэтрүүлэн хийгдсэн гэрээг цуцлах эрхтэй байх өөрчлөлтийг хийж түүний эрхийг нэмэгдүүлэн тусгасан байна.
Түүнчлэн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ-аас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулж байхаар өөрчилсөн байна. Энэ нь худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилготой гэдгийг хууль санаачлагч тайлбарлаж байв.
Мөн өөрчлөлтөөр тендер шалгаруулалтыг 45 хоногийн хугацаатай болгож, уг хугацааг зөвхөн нэг удаа 30 хоногоор Төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын саналыг үндэслэн сунгаж байх өөрчлөлт оруулсан аж. Үүнээс гадна, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлж тэднийг урамшуулах, үнэлгээний хороо тодорхой шийдвэр гаргадаг байх, тэр шийдвэрийг нь захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан өөрчлөхгүй байх зэрэг хариуцлага хүлээх механизмыг тодорхой болгож хориглосон хязгаарласан зохицуулалтуудыг хийж өгсөн аж. Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад эсрэг байр суурьтай гишүүд төдийлөн гараагүй бөгөөд энэ нь уг хуулийн төслийг нээлттэй сонсгол байдлаар зохион явуулсан, олон удаагийн хэлэлцүүлэгт орж “шүүсээ шахуулсан”-тай холбоотой гэдгийг хууль санаачлагчид онцолж байв.
Үүний дараагаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуучин хуулиар 105 бараа үйлчилгээнд тэмдэгтийн хураамж ногдуулж байсан бол одоо 597 болж өөрчлөгдсөн аж.
Тэмдэгтийн хураамж оногдуулахад ямар зарчим баримтлах талаар Сангийн сайд С.Баярцогт тайлбарласан бөгөөд ААН-ын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хураамжийг УИХ, бусад хураамжийг Засгийн газар, аймаг, ИТХ-аас тогтоож байх нь зүйтэй гэж үзсэн гэнэ.
Хэлэлцүүлгийн үеэр өмнө нь байнгын хороод дээр яригдаж байсан асуудлууд ч босч ирсэн нь химийн хорт бодис тэмдэгтийн хураамж авах ангилалд багтсан л бол өндөр хураамж авах хэрэгтэй гэсэн санал байв. Энэ саналыг гаргаж буй гишүүдийн болгоомжилж буйгаар хэвлэлийн үйлдвэр, сав баглаа боодол, гялгар уутны үйлдвэрлэгчидэд хүндрэл үүсгэхгүй байгаа гэдэг байв.
Хууль санаачлагчид өмнө баталсан хуулийг бодвол илүү уян хатан болсныг дурдаад дөрвөн зүйлийн хорт бодисыг онцгойлж өндөр хураамж авч, бусдд нь бага татвар оногдуулахгүй гэнэ. Батлагдсан даруй хэл ам дагуулаад байсан Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийг дахин шинэчлэн батлахдаа хэт өндөр үнэлгээ тогтоосон нилээдгүй олон хураамжийн хэмжээг бууруулсан байна. Тухайлбал, Архины зөвшөөрлийг 10 сая байсныг нэг сая болгож, спиртийн агууламж багатай шар айраг, дарсны зөвшөөрөл 300 мянга байсныг 100 мянга болгож өөрчилсөн байна.
Ийнхүү УИХ-ын гишүүд баталсан хуулиа эргэн засч байгаагаа “Засгийн газар ч хариуцлагагүй хуулийн төсөл оруулж ирсэн, бид ч хариуцлагагүй хандаж баталсан. Цаашид анхаарах ёстой гэдэгтээ санал нэгдсэн” гэдэг үгээр тайлбарласан байна.
УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн чуулганаар мөн “Хөлөг онгоцны шатахууны савны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” 2001 оны конвенц, “Хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системд хортой бодис ашиглахыг хянах тухай” 2001 оны конвенц, “Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн тухай” 2004 оны конвенц”, “Далайн хиймэл дагуулын Олон Улсын байгууллагын 1976 оны конвенц” болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 1981 оны протокол, “Далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах тухай” 1976 оны конвенц болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 1996 оны протоколд тус тус нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай хэлэлцлээ. Монгол улс нь далайд гарцгүй ч Монголын далбаа бүхий хөлөг онгоц далайд тээвэрлэлт хийгддэг тул эдгээр гэрээ, протоколыг соёрхон батлах нь ач холбогдолтой гэнэ. Үүнтэй ч холбоотойгоор ч хуралдаан дээр энэ асуудалтай холбоотой зарим мэдээллийг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын далбаатай 311 хөлөг онгоц далайд тээвэрлэлт хийж байгаа аж. 2009 онд дээрх хөлөг онгоцнууд 33 удаа зөрчил гаргаж байсан бол 2010 онд 28 болж буурсан. Хориотой бараа тээвэрлэсэн гэсэн мэдээлэл цацагдаж байсан ч энэ нь батлагдаагүй. Дээрээс нь Монгол Улс далайд гарцгүй тул эдгээр конвенцид нэгдэн орсноор олон талын ач холбогдолтой. Наад зах нь нүүрсээ гадаад зах зээлд гаргаад эхлэхээр эдгээр Монголын далбаатай хөлөг онгоцоор дамжуулан тээвэрлэлт хийнэ. Энэ ч үүднээс 170 далайчинг БНСУ-д бэлтгэхээр хэлэлцээр хийсэн. Мөн одоо ОХУ зэрэг орнуудад цөөн тоогоор далайчинг бэлтгэж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр, энэхүү конвенцид нэгдсэнээр Монгол Улсын хувьд 1000-аас дээш тооны даацтай онгоцыг бүртгэх боломжтой болно. Далайд шатахуун асгарах зэргээр ямар нэг зөрчил гаргалаа гэхэд даатгалын байгууллага хохирлыг төлдөг байх гээд асуудал Монголын талд ашигтай байдлаар шийдэгдэх боломж бүрдэх ажээ.
Дээрх конвенциуд, протоколд нэгдэн орох нь далайн хүрээлэн буй орчныг бохирдлоос сэргийлэхэд манай улс зохих хувь нэмрээ оруулж, улмаар өөрийн улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм байна. Мөн бүртгэлийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, хөлөг онгоцны эзэмшигчдэд тавих шаардлагыг өндөржүүлэхэд тустай гэдгийг чуулганы хуралдаанд оролцсон Ажлын хэсгийн нөхөд ч энэ талаар онцолж байсан юм.
Батлагдсан хуулийн спиртийн бүтээгдэхүүнтэй холбоотой хураамжийн хэмжээг танилцуулбал. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 1 000 000 төгрөг, аймгийн төвийн суманд 600 000 төгрөг, бусад суманд 300 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 300 000 төгрөг, аймгийн төвийн суманд 200 000 төгрөг, бусад суманд 100 000 төгрөг;
спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300 000 төгрөг, аймгийн төвийн суманд 200 000 төгрөг, бусад суманд 100 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 100 000 төгрөг, аймгийн төвийн суманд 70 000 төгрөг, бусад суманд 40 000 төгрөг;
спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 1 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 800 000 төгрөг, бусад суманд 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 400 000 төгрөг, бусад суманд 200 000 төгрөг
спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 750 000 төгрөг, аймгийн төвийн суманд 400 000 төгрөг, бусад суманд 250 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 400 000 төгрөг, аймгийн төвийн суманд 200 000 төгрөг, бусад суманд 120 000 төгрөг
спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 100 000 000 төгрөг
архи үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 100 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 50 000 000 төгрөг, шар айраг үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 50 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 25 000 000 төгрөг