
Түүх үнэнийг өгүүлнэ.1990-ээд оны эрчим хүчний салбарыг Та эргэн санахыг хичээгээрэй. Эрчим хүчний хязгаарлалт, харанхуй хот суурин газрууд, ус дулаангүй орон сууцууд, үлгэн салган ажиллах эрчим хүчний үйлдвэрүүд. Тухайн үеийн төр, засаг болоод салбарын үнэнч ажилтнуудын хичээл зүтгэл, донор орнуудын хандив тусламж, зээлээр монголчууд байнгын гэрэл гэгээ, дулаантай залгасан билээ. Гаднын зээл тусламжийн ихэнх хувийг эрчим хүчний салбар мангас шиг авч залгисан хэмээн зарим нэг хүн шүүмжилдэг. Үнэхээр тухайн үеийн бодит байдал их хэмжээний зээл авах нөхцөлийг бүрдүүлсэн шүү дээ. Тэр олон хаалгаа барьсан, техник технологийн доройтолд орсон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд маш их мөнгө шаардлагатай болсон.Үүний дүнд ч тус салбар хөл дээрээ өндийн босож, бид ч гэрэл гэгээтэй дулаан өвөлждөг болсон нь үнэн ажгуу. Өнгөрсөн шинэ мянганаас хойш ялангуяа Улаанбаатар хотын иргэн Та цахилгааны хязгаарлалтад өртөж, гэрэл, дулаангүй өнжсөн өдрөө санаж байна уу.Хэрэв ийм зүйл тохиосон бол Та эвэртэй туулай үзсэн юм шиг аашилж, загнаж, уурлаж бухимдах байсан биз ээ. Гэхдээ сүүлийн үед энд тэнд дулааны шугам хагарлаа, эрчим хүч тасалдлаа гэсэн үг мэр сэр сонсогдох болсон.
Одоо
Таны худалдаж авсан машин олигтой засвар үйлчилгээ хийхгүйгээр хэр удаан явах бол.15-20 жил явж чадах уу.Дорвитойхон засвар үйлчилгээ, шинэчлэл хийлгүй 20 орчим жил зүтгүүлсэн эрчим хүчний үйлдвэрүүдийн техник технологи ямар байхыг Та төсөөлөөд үзээрэй.Уг нь техник технологийг байнгын тордож, засаж, сэлбэж, шинэчилж байж хэдэн жил явуулдаг шүү дээ.1990-ээд оноос хойш зүтгүүлсэн үйлдвэрүүдийн техник технологи өнөөдөр хуучирч муудаж, зэвэрч, үйл ажиллагаа нь доройтох нь ойлгомжтой. 2000-гаад онд жилдээ цөөхөн удаа эрчим хүч тасардаг байсан бол 2009 оны байдлаар нэлээд олон удаа тасарсан гэсэн тоон баримт байна. Ерөнхийдөө 90-ээд оны байдал руугаа эргэн явж байна гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн юм.Яагаад ийм байдал үүсэв.
Станц, үйлдвэр, уурхайнууд мэдээж их засварыг тодорхой хэмжээнд хийж ирсэн боловч үйлдвэрүүдийн удирдлагууд тухайн технологийг санасан хэмжээндээ хүртэл их засвар хийж чаддаггүйд л гол учир орших. Эрчим хүчний үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байна, зардлаа хас, хэмнэ, алдагдлаа бууруул, өр, авлагаа багасга, цахилгаан, дулааны үнэ нэмэхгүй гэсэн захиргаадалтын шийдвэрүүд өнөөдөр энэ салбарыг хүнд байдалд оруулахад хүргэсэн хэрэг.Зах зээлийн жамаараа явах үнэ тарифыг албадан барьж, төр юмаа мэдэж байна гэсэн байдлаар хандсан нь адаг сүүлд нь эдийн засгийн суурь гэгддэг салбараа хүнд байдалд оруулсан гэж хэлж болох үндэстэй.Тиймээс үйлдвэрүүдийн удирдлага алдагдалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дээр нь төрөөс үнийг нь зах зээлийн тарифаас доогуур барихаар тэд техник технологидоо төлөвлөсөн хэмжээндээ хүртэл их засвар хийж чадах уу.Засварын мөнгөө ханаж танаж, өөрөөр хэлбэл, гурван турбин засах мөнгөө танаад хоёр болгоно, дараа жил хоёрыгоо нэг болгоно.
Өнөөдөр үнэндээ эрчим хүчний салбар л зах зээлийн харилцаанд ороогүй үлдсэн бараг ганц салбар болж байна.Бүх асуудлыг нь төр мэддэг.Төрийн төмөр нударга, шийдвэрээр л урагшилж яваа манай онцгой салбар.
Сүүлийн үед энэ салбарт улстөр нэлээд орох болсон талаар мэргэжилтнүүд санаа зовнингуй ярих. Учир нь бусад бүх үйлдвэр аж ахуйн нэгж хувьд очсон тул улстөрчдийн хошуу болон гар дүрэх ганц салбар нь эрчим хүч болжээ. Утас цохиод л хэрэгтэй хэрэггүй зүйл шахаж, арын хаалгын хүмүүсийг ажилд авдаг онцгой объект биш л баймаар. Жинхэнэ мэргэжил, ур чадвар шаардагдах газар арын хаалганы толгой хоосон хүмүүсээр дүүрвэл энэ салбарын ажил юу болж хувирах вэ? Дээр нь чадварлаг боловсон хүчнээ уул уурхайнханд алдаад эхэлсэн нь салбарын хувьд аюулын харанга дэлдэх боллоо. Улс орны эрчим хүчний манаанд зогсдог ажилтнуудын цалин хангамж уг нь социализмын үед бусад салбараас хамаагүй дээгүүр байсан бол өнөөдөр энэ байдал алдагдсан.Хуучирч, муудсан техник технологийг засаж, сэлбэж, шинэчилж болох ч мэргэжлийн чадварлаг хүмүүсээ алдах нь салбарын төдийгүй, улс орны хөгжилд ч нөлөөлөх том асуудал юм. УИХ-ын гишүүд нь хүртэл жил бүрийн улсын төсөв батлах үеэр өөрсдийн сонгогдсон тойрогтоо нэр нүүр олж авах зорилгоор тийм ч эрчим хүчний шугам барина, татна гэх мэтчилэн мөнөөх төсвийн хэдэн бор төгрөгийг ийш тийш нь чангааж эхэлдэг нь бас л нууц биш. Энэ байдал маргааш хэрхэн өөрчлөгдөх бол.
Салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх тухай ярьж байна. Үйлдвэрүүдийг хувьчилснаар өдгөөгийн улсаас хувийнх болсон компаниуд шиг үйл ажиллагаа, маркетинг, нүүр царайны хувьд гялалзаад ирнэ гэдэг. Бодох л ёстой асуудал. Улсын онцгой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой аж ахуйн нэгжүүд тул хувьчлалд тун анхааралтай хандах ёстой гэдгийг амьдрал дээр харуулсан туршлага, алдаа онооны шийдвэрүүд буй. Тухайлбал, Багануурын дулааны станцыг хувьчлаад төр аргагүйн эрхэнд өөртөө эргүүлэн авсан гашуун туршлага бий.Хоёрдугаарт үнэ тариф. Үнэ тарифыг зах зээлийнх нь жамаар чөлөөлөх нь зөв гэсэн байр суурь төрд яваа. Гэхдээ үүнийг ард иргэдийнхээ амьжиргаа, улс орны хөгжилтэй холбон авч үзэх нь ойлгомжтой. Цаашдаа дэс дараатай үнийг нэмэх замаар эрчим, хүч, нүүрсний үнийг чөлөөлөх тухай төрийн тогтоол шийдвэр журмууд ч гарсан байгаа. Мөн эрчим хүчний шинэ эх үүсвэр, улмаар томоохон чадлын усан цахилгаан станц барьснаар дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй эрчим хүчээр хойд хөршөөс хараат байдлыг халж, экспортлох замаар эрчим хүчний салбарын хөгжлийг хурдасгах, баталгаажуулах ирээдүй харагдаж байгаа юм. Мөн дэлхийн хөгжлийн чиг хандлага болсон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх томоохон зорилт, бодлого ч яваа. Энэ бүх асуудлыг чухам ямар бодлогоор, яаж хэрэгжүүлэх талд манай сэтгүүл гол нийтлэлүүдээ чиглүүллээ.
Эх сурвалж: “Mongolian economy” сэтгүүл
