Мэргэнийг дайрсан этгээдэд цаазын ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Мэргэнийг дайрсан этгээдэд цаазын ял оноов

Өвөрмонгол малчин эрийг машинаар дайрч, 150 гаруй метр газарт чирч давхин,  амь насыг нь хөнөөсөн Хятадын иргэнд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон талаар Хятадын мэдээллийн төв хэрэгслээр мэдээлжээ.  Хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтнийг шүүх хурал зургаан цаг үргэлжилсэн байна. Ингээд Шүүх хурлаас ачааны машины жолооч Ли Лин Доныг малын бэлчээр сүйтгүүлэхгүй хэмээн саад болсон малчныг дайрч алсан хэргээр ялласан бол түүний туслах жолоочид бүх насаар нь шоронд хорих ял оноосон байна. Хятадын автономит улс Өвөрмонголын Шилийн гол аймагт гарсан энэ хэрэг үндэстний цөөнх болох өвөрмонголчуудын бухимдлыг дээд цэгт нь хүргэж, эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулахад хүргэсэн билээ.

Шилийн гол аймагт гэхэд л 2000 гаруй оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэж, Хан үндэстнүүдийн тус бүс нутагт явуулж буй уул уурхайн олон төсөл байгаль орчныг нь сүйтгэж, өвөрмонголчуудын эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэн жагссан. Нүүрсний асар их баялагтай тус бүс нутагт сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд хайгуул,олборлолт хийж, байгаль орчныг сүйтгэж, бэлчээр хорогдуулж байгаа нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Харин Хятадын эрх баригчид тус бүс нутагт таагүй байдал үүсэхээс сэрэмжилж, цэргийн хяналт тогтоосон талаар BBC өмнө нь мэдээлж байлаа.

Хэдийгээр Өвөрмонголыг 25 сая хүн амтай гэдэгч 20 хүрэхгүй хувь нь өвөрмонголчууд, бусад нь хан үндэстэн байдаг талаар эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид хэлж байна. Ямартай ч нутаг усаа хамгаалан тэмцсэн өвөрмонголчуудын шаардлагад Хятадын Засгийн газар анхаарал хандуулж эхэлсэн бололтой. Тэд малчин залуугийн амь насыг хөнөөсөн этгээдийн шүүхээс ял сонсгосноос гадна Өвөрмонголын эсэргүүцэгчдийн шаардлагыг хүлээн авч, байгаль орчныг сүйтгэж буй хяналтгүй уул уурхайн компаниудад арга хэмжээ авахаа мэдэгджээ. 

Эх сурвалж: www.bbc.co.uk

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж