
Найдангийн Батсүх мал зүйч мэргэжилтэй. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1972 онд төгссөнөөс хойш 40 жил нэг байгууллагад алба хашиж байгаа юм. Тэрбээр анх Дундговь аймгийн ХАА-н нэгдлийн зөвлөл гэж байхаас ажиллаж эхэлсэн бөгөөд одоо тус байгууллага ХАА-н хоршоологчдын холбоо нэртэй үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тэрбээр ажилдаа нэн хариуцлагатай, туйлын нягт нямбай нэгэн ба эрхэлсэн ажилдаа амжилт гарган хэд хэдэн салбарын тэргүүний цол тэмдэг, Алтан гадас одонгоор шагнагджээ. Н.Батсүх гуай энгэрийн тэмдэг, уран зураг, элдэв сонин хачныг цуглуулах хоббитой. Одоо түүний цуглуулгад хэдэн мянган энгэрийн тэмдэг, түүний дотор их, дээд сургуулийн 100 гаруй ромбо бий. Дунд зэргийн өрөөг бүтэн эзлэх түүний цуглуулга улс эх орны хөгжлийн үе шат, тэдгээрийн онцлогийг алган дээр тавьсан мэт харуулах нь түүх, соёлын талаарх шинжилгээ судалгааны ховор эх сурвалж болох юм.

