“Гэрт болсон яриа” хийгээд бидний эрүүл мэнд

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

“Гэрт болсон яриа” хийгээд бидний эрүүл мэнд

Бидний эрүүл мэнд өөрсдийн маань гарт байдаг гэдгийг баримт, нотолгоо, энгийн өгүүлэмжээр харуулсан “Гэрт болсон яриа” номын нээлт өчигдөр орой “Интерном” номын дэлгүүрт болов. “Ногоон нүдэн лам”, “Миний ажлын ноу-хау”, “Америкт суралцсан тэмдэглэл”, “Нүүдэлчний яриа”, “Ажил мэргэжил” бага лавлах толь, “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” зэрэг номын зохиогч, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл дахин нэг шинэ ном өлгийдөн авсан нь энэ юм.

Уг ном “Бие”, “Гэр” гэсэн үндсэн хоёр бүлэг, зохиогчийн хэлсэн үгээс бүрджээ. Гадаад ертөнцийн хамаг бүхнийг сонирхон таньж мэдэхийг эрмэлздэг бид үнэн хэрэгтээ өөрийнхөө биеийг таньдаггүй, бүр ойлгохыг ч хүсдэггүй ажээ. Тэгвэл Ц.Оюунгэрэл тархи, зүрх, уушиг, хог хаягдал, хоол, уурыг уургалахуй гэсэн энгийн амьдралын сэдвээр гэр бүлийн харилцаа орон гэрийн асуудлын шийдлийг гаргаж ирсэн байна. Ц.Оюунгэрэлийн эгч Ц.Оюунчимэг өнгөрсөн өвөл хүндээр өвчилсөн юм. Эгчийгээ хөл дээр нь босгохоор эмч сувилагчидтай хамтран аюулт өвчинтэй хамтран тэмцсэн туршлага, аав, ээжийнхээ дэргэд эрүүл саруул орчинд өсч өндийсөн үеэ өнөө цагийн нийслэлийн утаа угаартай, хог хаягдал ихтэй амьдралтай жишин яаж түүнийг эерэгээр өөрчилж болохыг номд харуулжээ.

Номын баярын нээлт дээр залуу уртын дууч Б.Дорждагва “Энх мэндийн баяр” дуугаар мялаалга өргөж  Д.Нацагдоржийн “Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” шүлгийн мөрүүд зочдын сонорыг мялаалаа. Энэхүү номоос эрүүл мэндээ сахин хамгаалах нь зөвхөн таниас шалтгаалдаг болохыг, эхчүүд, эзэгтэй нарын хүнсний зөв сонголт хань ижил, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн  баталгаа гэдгийг, бүх зүйл энгийнээс эхэлдгийг ойлгох болно. Энгийн жишээ дурдахад ээж хүн үр хүүхдээ чихэр , жигнэмэгээр аргадах уу,  шинэхэн жимс, тараг, сүүгээр хооллох уу гэдгээс ирээдүйн иргэний эрүүл мэнд ихээхэн шалтгаалах ажээ. “Уурыг уургалахуй” хэмээх хэсэгт гэхэд дүрсхийсэн уураа ганц хором дарахад л гэрт үүсч болох хэрүүлийн аюул хажуугаар өнгөрнө гэдгийг ухаалаг эзэгтэй нарт зөвлөжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж