Зургаан гишүүн Д.Зоригтыг ”барьцаалав”

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Зургаан гишүүн Д.Зоригтыг ”барьцаалав”

Өнгөрөгч мягмар гаригт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “урт нэртэй” хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малт¬мал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг оруулж “хэлэлцэх нь зүйтэй” гэх шийдвэрийг гаргасан. Хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжиж чадаагүй хуулийг нь унагаах хуулийн төсөл УИХ-ын босго давсанд нь Б.Бат-Эрдэнэ, Д.Энхбат, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн нарын гишүүд эсэргүүцэж хурал хаяж гарсан. Тэд өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл хийлээ. Ц.Батбаяр ганцаараа хөдөлгөөд чадаагүй, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхантай нийлээд ч хөдөлгөж дөнгөөгүй Д.Зоригт сайдыг УИХ-д суудалтай бүх намын төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн “нэгдэл” урт нэртэй хуулийн эсрэг “барьцаанд” авч буйгаа зарлав. Хурал хаягч гишүүд дээр “эсэргүү” Ц.Шинэбаяр ч нэгдсэн гэнэ. Тэд өөрсдийнхөө давуу талыг урт нэртэй хууль нь улс орны нийтлэг эрх ашиг, Ерөнхийлөгчийн иргэдтэй уулзах үеэрээ амласан амлалт, Ерөнхий сайд С.Батболдын өнгөрөгч баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр “урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэх мэдэгдэл зэрэгт үндэслэж буй гэнэ. Хоёр өдрийн өмнө байнгын хороогоор орж дэмжигдсэн “урт нэртэй” хуулийг унагах хуулийн төслийн ард Д.Зоригт, Засгийн газар байгаа гэх үндэслэл байгаа тул тэд ийнхүү нэгдсэн аж.

“УРТ НЭРТЭЙ” ХУУЛИЙГ ХАМГААЛЖ, Д.ЗОРИГТЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ?

Б.Бат-Эрдэнэ:

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө биш, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хохирлыг барагдуулахын төлөө Д.Зоригт сайд ажиллаж байна. Үүгээрээ хуулийг мухардалд оруулах, гацаах зүйлийг хийж байгаа хэрэг. Би ч гэсэн өөрт нь “Чи үнэхээр дотоод санаатай ажилладаг юм байна. Яг хужаа аргаар ажиллаж байна” гэдгийг нь хэлсэн.  Монгол улсын хуулийн хүрээнд ажиллаж, нөхөн сэргээлт хийсэн компаниуд дээр л нөхөн олговор яригдах ёстой. Гэтэл энэ хэдэн компаниудыг голын сав газар үйл ажиллагаа явуулахыг нь хориглосноор хэдэн мянган хүн ажилгүй болох утгатай зүйл ярьж байгаа. Засгийн газраас эдгээр компаниудад хязгаарлалтын бүсэд хамааралгүй газарт лиценз олгох боломж ч бий шүү дээ. Монголын алтны компаниудыг зүгээр л хаах гээгүй. Засгийн газар энэ асуудлыг шийдэхгүй юм бол хувийн эрх ашгийг үндэсний эрх ашгаас дээгүүр тавьж байна гэж үзэж, хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг хүмүүс улсыг удирдаж болох уу гэдгээр асуудалд хандах болно.
 

Г.Баярсайхан:

-Энэ хууль Мон­гол Улсын бай­галь орчныг хамгаалах чиглэлээр сүүлийн хорин жилийн хуга­цаанд гарсан хамгийн үр нө­лөө­тэй хууль. Харам­­салтай нь нэр бүхий гишүүд энэ хуулийн эс­рэг агуулгатай хуулийг оруулж ирж байна. Нэгдүгээрт, энэ хуулийн төслийг нь хэлэлцэхийг зөвшөөрсөн байнгын хорооны хуралдааны шийдвэр хууль бус болсон. 1998 онд мод экспортлохыг хориглох үед мөн л модны бизнесийнхэнээс лобби явж байсан. Эсэргүүцэлтэй тулж байсан ч хууль хэрэгжсэнээр Сэлэнгийн сав газрын айл бүрт байсан хөрөө байхгүй болсон. Гэтэл өнөөдөр Засгийн газар өөрийнхөө ухах алтны төлөө хууль гаргаж байна. Ер нь Засгийн газар улаан, цагаандаа тулж байна.

Ц.Даваасүрэн:

-УИХ-ын гишүүдээс санаачлан оруулж батлуулсан хуулийг Засгийн газар хэрэгжүүлэхийн оронд эсрэг утга­тай хуулийг хэ­дэн гишүүдээс дамжуулан оруулж ирж байгаа нь харамсалтай байна. Тэдгээр компаниуд нөхөн олговроо нэхэж байгаа бол бид байгалиа сүйтгүүлсний төлбөрийг нэхэж яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг харилцан тооцож, суутгаж судлахын оронд баахан мөнгө л нэхээд байж болохгүй. ЭБЭХЯ-ны зүгээс хуулийг хэрэгжүүлэхгүй байх бүх аргаа хэрэглэж байна. Нөхөн олговрыг гаргаж тавихаас өмнө байгаль орчны нөхөн сэргээлтийг хөндөх ёстой. Бид баталсан хуулийнхаа талд бат зогсоно.

Ц.Сэдванчиг:

-Хуулийг хэрэгжүүлэхгүй атлаа зөрчиж 200 орчим зөвшөөрөл олгочихсон биз дээ. Энэ хуулийг өөрчлөх төслийг өргөн барьсан ги­шүү­дийг өөрс­дийн­хөө итгэл үнэмшлээр асуу­далд хандсан гэ­дэгт ч эргэлзэж бай­на. Учир нь урт нэртэй хуулийг өөрчлөх төслийг санаачилсан тэдгээр гишүүдтэй ярилцахад “бид заавал өргөн барих гээгүй юм. Засгийн газрын сайд Д.Зоригт ингээч гэж гуйгаад байх юм” гэж байна. Үүнээс нь энэ хуулийн төслийн ард Зас­гийн газар, асуудлыг хариуцсан Д.Зоригт сайд байна гэж дүгнээд хэлчихэд буруудахгүй байх.

Д.Энхбат:

-Биднийг усаа дагах уу, ал­таа дагах уу гэдэг сонголтонд аваа­чиж байна. Хоёр жилийн өм­нө энэ хуулийг гар­гах­­даа УИХ-ын гишүүд, Засгийн газ­рын гишүүдийн сэтгэлд итгэж бай­сан. Гэвч Зас­гийн газар энэ хоёр жи­лийн хуга­цаанд хуу­­лийг хэрэг­жүү­лэх гэж ажилласангүй. Яагаад гэвэл Засгийн газар маань уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудын эздийн байгууллага болчихсонд байгаа юм. Иймд энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа албан ёсны тайлбараа өгөөч гэдгийг тэднээс хүсч байна. Мөн байнгын хороон дээр таван тэрбум төгрөгийн нөхөн олговрын асуудлыг ярьж байгаа нь ч ойлгомжгүй байна. Учир нь энэ мэдээллийг Татварын албаны дарга мэдэгдэх ёстой болохоос биш хэвлэлээр гар­сан албан бус мэдээллээр асуудал яригдах учир­гүй. Иймд татвар, аудитын байгууллагын шалгалтаар гаргасан мэдээнд үндэслэж энэ хо­хир­­лын асуудлыг ярихыг бид шаардаж байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж