
Барилга угсралтын ажлыг энэ жилийн сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд ашиглалтанд орох хугацааг 2015 он гэж тооцжээ. Ийнхүү уг хуралдаанаар шаардагдах санхүүжилтийн хуваарийн дагуу эх үүсвэртэй уялдуулан тухайн жилийн төсөвт суулгахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нарт даалгаад ажлын явцыг танилцуулж байхыг Засгийн газрын тэргүүн С.Батболд үүрэг болгожээ. Мөн энэ ажил маш ойлгомжтой, хариуцлагатай, нээлттэй байхаас гадна хурдтай ажиллах ёстойг анхааруулсан аж.
Хуралдаанаар “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” асуудлыг хэлэлцэж алтны шороон ордны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагийг хавсралтаар тогтоосон байна. Түүнчлэн уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардлыг тогтооход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гарган, энэ оны төсвийн тодотголд тусгаж, нөөцийг нөхөн бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Хуралдааны төгсгөлд БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Орон сууцны хороолол, дэд бүтэц”, “Төмөр замын зам барилгын засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх төсөл” -ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай хэлэлцэн дэмжжээ.
“Төмөр замын зам барилгын засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “CSR corporation”, “CSR Shijiazhuang Co.Ltd” компани шалгарч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулсан байна. Дэд төслийн зээлдүүлэгчийн зүгээс 24,300,140 ам.долларын санхүүжилт хийх юм. Мөн “Орон сууцны хороолол, дэд бүтэц” төслийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “Beejni Constraction Engineering Group Co.Ltd”компани шалгарч гэрээгээ байгуулжээ. Энэ төсөлд зээлдүүлэгч тал 99,908,164 ам.доллар зарцуулна. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу төслийн гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байна.