
-“Автобус-3” компани нийтийн тээврийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын эрхийг авсан. Сургалт хэзээнээс эхлэх гэж байгаа вэ?
-Энэ тендерт арав гаруй аж ахуйн нэгж оролцсон. Нийтийн тэврийн, жуулчны автобус барих “Д” ангилалын мэргэшсэн жолооч бэлтгэх /сургалт явуулах/ тендерт манай компани оролцож эрхийг нь авсан. Монголд Улсад өнөөдөр нийтийн тээврийн стандарт шаардлага хангасан, дадлага туршлага, ур чадвар эзэмшсэн мэргэшсэн жолооч бэлтгэдэг курс сургалт байхгүйгээс өөрсдийн материаллаг бааз суурин дээрээ түшиглэн энэхүү сургалтыг явуулах боломж байгаа учир тендерт орж ялсан. Одоогоор хичээлийн танхим, хичээл заах багш, дром зэрэг зүйлүүд бүгд бэлэн болсон. Зөвшөөрөл, гэрчилгээгээ аваад тавдугаар 16-наас эхний элсэлтээ аваад 20 хүнтэйгээр хичээлээ эхлүүлээд байна.
-Сургалтанд хамрагдсан мэргэшсэн жолооч нар төгсөөд ажлын байрны хангамж хэр байгаа вэ?
-Нийтийн тээврийн газраас автобусыг ээлжийн жолоочтой байх шаардлага тавьдаг. Том оврын автобусны 26 аж ахуйн нэгжүүд бүрэн ээлжийн жолоочоор хангагдаж чадаагүй байгаа. Cургалтанд хамрагдаж төгссөн жолооч нарынхаа 50-60 хувийг манай компани ажлын байраар хангана. Бусад төгсөгчдийг өөр аж ахуйн нэгжүүдэд санал болгоно. Нийтийн тээврийн үйлчилгээнд 800-аад том оврын автобус өдөрт замын хөдөлгөөнд оролцож байна. Үүний 30 хувь нь ээлжийн жолоочоор хангагдсан гэж үзвэл үлдсэн хувь нь хангагдаагүй. Иймд ажлын байр хангалттай байгаа.
-Сургалтын хугацаа болон үнийн талаар хүмүүс сонирхож байгаа байх?
-Мэргэшсэн жолооч бэлдэх сургалт 21 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Сургалтанд эрхээ хасуулсан, удаа дараа замын хөдөлгөөний зөрчил гаргасан жолооч нарт давтан сургалт явуулна. Бидний зорилго чадварлаг, дадлага туршлагатай, стандарт хангасан жолоочийг бэлтгэж гаргахад оршиж байгаа.
-Улсын хэмжээнд болсон техникийн үзлэгээр “Автобус-3” компани ямар дүн авсан бэ?
-Манай компанийн 80-н автобус улсын үзлэг, тооллогод хамрагдаж бүгд тэнцсэн. Комиссын зүгээс “Танай компани шиг 100 хувь тэнцсэн байгууллага байхгүй” үзлэгт сайн бэлдсэн байна гэсэн. Манай автобуснууд бүгд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулах стандарт шаардлага хангасан үнэлгээ авсан нь манай хамт олны ажлын амжилт гэж хэлж болно.
Зохиогчийн эрх "Ардын эрх"