Суурь боловсролын сандруу шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Суурь боловсролын сандруу шинэчлэл

“Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн тогтолцоонд шилжих боломж бий, гэхдээ судалгаа хэрэгтэй” гэж одоогоос 11 жилийн өмнө “Зууны мэдээ” сонинд нийтэлсэн байна. Түүнээс хойш найман жилийн дараа буюу 2008 оны хичээлийн жилээс эхлэн 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн билээ. Эндээс өмнө нь 10 жилийн системээр явж болоод байсан юмыг яагаад заавал 12 жил рүү шилжүүлсэн бэ гэдэг асуулт урган гарч ирнэ.

Манай улс 1990 оноос ардчилсан тогтолцоонд шилжиж, энэ ч утгаараа нийгэм, эдийн засаг, соёл , боловсролоороо дэлхийд нээлттэй орон хэмээн зарласан. Үүнийг дагаад гадаадад тэр дундаа америкт суралцах хүсэлтэй залуус олон болж, Засгийн газар нь ч энэ асуудлыг дэмжин тэтгэлэгээр суралцах тухай журам баталсан билээ. Гэтэл бас нэг асуудал тээг болон гарч ирэв. АНУ болон гадаадын орнуудын сургалтын систем 12 жилтэй, Монголын сургалтын систем нь 10 жил. Гадаадад их, дээд сургуульд суралцана гэвэл заавал бэлтгэл курсэд суралцах хэрэгтэй болно. Гэхдээ тэр сургуулиуд зөвхөн Монголын залууст зориулаад ийм анги байгуулна гэдэг хэцүү. Ингээд гадаадын ЕБС-ийн сургалтын систем манайхтай зөрчилдөж эхэлсэн юм.

Дээрхи асуудлыг шийдэхийн тулд хамгийн зөв гарц нь манай улсын хувьд сургалтын жилээ хоёр жилээр нэмэх болоод байв. Гэтэл дахиад нэг асуудал гарч ирэв. 12 жилийн системд шил­жихийн тулд энэ системд таарах сургалтын стан­дартыг сонгох хэрэгтэй болсон юм. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн олон орон дагадаг стан­дарт нь Кембрижийнх. Тиймээс бид энэ стан­дартыг дагахаар болж жилээ нэмэн, бодлого, стан­дар­таа боловсруулах ажилдаа ханцуй шамлан орлоо.

 “2001 оны наймдугаар сарын 31-нээс 2002 оны наймдугаар сарын 31-нд төрсөн хүүхдийг 12 жилээр сургана” гэж зааснаар 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын систем 12 жилд шилжив. Сургалтын жил нь ч яах вэ, 12 жил болчихдог юм байж. Заадаг хичээл нь харин нэмэгдэв үү? гэх асуулт гарч ирлээ. Хариулт “үгүй ээ” гэж байна.

Сургалтын стандартыг мехнаникаар өөрчилж болох уу?

Монгол орон даяар хэрэгжиж буй ЕБС-ын сургуулийн хөтөлбөрт өмнө нь 10 жилийн системд байхад юу заадаг байсан тэр нь л орж байна, нэмэгдсэнгүй. Гэхдээ өмнөх системд байхад ордог байсан нийт хичээлийн цаг 420-иор нэмэгдсэн гэсэн үг. Алгебр, Монгол хэл, Хими, Физик зэрэг суурь хичээлийнх нь цаг харьцангуй их уртассан гэсэн үг л дээ. Түүнээс биш доторх агуулга нь бол яг хэвээрээ. 

“Манай боловсролын систем угаасаа уналтанд орсон юм шүү дээ. Суурь хичээлийн ойлголт нь гадны орнуудаас зөрүүтэй. Багш нарынх нь мэдлэг чадвар муу, бас дээр нь агуулгаа өөрчлөхгүйгээр ЕБС-ийн сургалтын жилийг нэмсэн зэрэг нь боловсролын системийг унагаагаад байгаа юм”. Энэ бол Монголын IQ төвийн тэргүүн Ц.Дэмбэрэлийн яриа.

ЕБС-ын сургалтын жилийг 420 цагаар нэмсэн ч 12 жилийн системд заах шинэ хичээл нэмэгдээгүй ажээ. Харин иргэний боловсрол зэрэг нэмэлт хичээлийн цагийг бага зэрэг нэмжээ. Сурах бичгийн тухайд бас л өөрчлөгдсөнгүй. Сурах бичгийн зохиогч, хавтас, цаасны чанар зэрэг нь өөрчлөгдсөн ч агуулгын хувьд шинэчилсэн зүйл огтоос байсангүй. Хичээл нэмэгдээгүй юм чинь сурах бичиг ч яаж өөрлөгдөх вэ. Энэ хоёр болдоггүй юм байж.

Багш нар яасан бэ?

Уг нь 2005 оноос хойш “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу багш нарт улирал тутамд сургалт явуулж байж. Гэвч эдгээр сургалт нь ирээдүйн системийн онцлогт ажиллах багшийг биш, хуучин системдээ хэрхэн ажиллахыг сургаж байсан гэх. Хамгийн хачирхалтай нь шинэ системд багшлах багшийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлжээ. 2010 оны Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөний биелэлт  тайлангийн 20.1-т “Багшлах боловсон хүчний боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын сургуулийн 70 багшийг хамруулж сургалтыг амжилттай зохиов-биелэлт 100%”, 18,3-т “Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээхэд чиглэгдсэн ажиллагсдыг бэлтгэх сургалт-биелэлт 100%” гэж бичжээ. Энэхүү тайланд багш нарыг бэлтгэх талаар дээрхээс өөр ямар ч ажил, ажлын хэрэгжилт байсангүй. Харин боловсролын системийг шинэчлэх, сурах бичгийн чанарыг сайжруулах, 12 жилийн системийг боловсронгуй болгох зэрэг заалтуудыг тусгасан ч багшийн хөгжлийн талаарх нэг ч заалт байсангүй. Тэгэхээр бид багшаа бэлдэлгүйгээр 12 жил рүү автоматаар шилжчихсэн болж таарч байна.

Гэвч нийт сургуулиуд бүхэлдээ ийм байгаа юм биш. Гадаадын хөрөнгө оруулалттай, төлбөртэй сургуулиудад 12 жилийн систем хэрэгжиж, гадаад орнуудын жишгээр стандартын дагуу хичээлээ оруулаад эхэлжээ. Тэд нийгмийн ухааны хичээлийг арай түлхүү заадаг аж. Гэвч энэ сургуулиуд Монголын нийт хүүхдүүдэд хүрэлцэхгүй. Өндөр төлбөрийг нь төлж чадах боломжтой айлын хүүхдүүд л сурна. Уг нь бол боловсролын шинэчлэлийг хувийн, төлбөртэй сургуулиудад биш, нийт улс даяар эхлүүлсэн юм шүү дээ.
Дэлхий нийтийн боловсролын стандарттай зэрэгцэж алхахын тулд 12 жил болгосон Монголын боловсролын системд хийж буй шинэчлэл зөв явж байна уу?Хөгжингүй орнуудад хэрэглэж буй 12 жилийн сургалтын систем нь дөрөв дөрвөн жилээр хуваагддаг. Эхний дөрвөн жил нь манайхаар бага анги /Elementary school/, дараагийн дөрвөн жил нь дунд анги буюу Junior high school, сүүлийн дөрвөн жил нь High school буюу ахлах сургууль гэж хуваагддаг. Эдгээр нь бүгд нэг сургуульд манайх шиг анги гэж явахаас илүүтэй тус тусдаа нэг сургууль болон өөрсдийн онцлогтоо тохируулсан сургалтын хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг байна. Алгебр, физик, хими, монгол хэл зэрэг нь манайд суурь хичээл бол тэнд Америкийн түүх, англи хэл, нийгмийн ухааны хичээлүүд суурь хичээлд тооцогддог. Тэнд эхний дөрвөн жилийн турш багаар ажиллах, нийгмийн гишүүн болох, гэр бүл гэж юу вэ зэрэг хичээлийг орох бөгөөд эдгээр хичээлүүд нь анги ахих тусам гүнзгийрдэг ажээ.

Америкын нэгдсэн улсын ЕБС-ын систем бараг 100 жилийн хугацаанд бүрэлдэн тогтсон байна. Өнөөгийн төвшинд хүрэхээс өмнө 40 жил, хүрснийхээ дараа одоог хүртэл 80 гаруй жилийн хугацаанд багшлах боловсон хүчнээ тасралтгүй чадавхижуулж байна. Харин манайд энэ системийн тухай найман жил яриад, нэг л намар шилжчихсэн. Багшлах боловсон хүчний тухайд энэ системд шилжсэнийхээ дараа 70 багшийг хамруулан бэлтгэж эхэлсэн гэж байгаа.

Сургалтын ямар ч тогтсон стандартгүй, хичээлийн программ, агуулга багтаамждаа ч өөрчлөлт оруулаагүй, зүгээр л механикаар хугацааг нь сургаж, хичээлийн цагийг уртасган хий дэмий цаг, хөрөнгө мөнгө үрснээс цаашгүй энэ 12 жилийн боловсрол тэгээд баруунд хүлээн зөвшөөрөгдөнө гэж үү.  

С.Болор /сурвалжлагч/

Зохиогчийн эрх "Ардын эрх"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж