
Сураг сонсохнээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөө юм уу маргааш хуралдах бололтой. Энэ хурлаар АТГ-ын даргын асуудлыг ярьж чадвал ирэх долоо хоногт Байнгын хороодоор хэлэлцүүлэгт ороод явчих юм. Гэвч одоогоор УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон намын бүлгийн дарга нар /УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд багтдаг/ ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Ардчилсан намын бүлгийн өнгөрөгч долоо хоногийн хуралдааны үеэр намын бүлгийн зарим гишүүд “АТГ-ын даргын томилгоог яаравчлах хэрэгтэй” гэдэг байр суурь илэрхийлснийг эс тооцвол.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Энэ асуудлаар Ерөнхийлөгч болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлаа гаргаж ярих ёстой. Тэгсэн цагт бүлэг дээр ярьж болно” гэсэн хариултыг өгч байна. Уг асуудлаас удаан хугацаанд бултаж ирсэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт арай гэж ам нээж, “АТГ-ын удирдлагууд гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тул АТГ-ын дарга нарыг огцорсонд тооцож, шинэ дарга нарын асуудлыг ярих эрх зүйн орчин бүрдэж байна” гэсэн ч томилгооны асуудал явсангүй.
Уг нь 2006 оны долдугаар сарын 06-нд УИХ-аар баталсан Авлигын эсрэг хуулийн 21.4-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрх нь түүнийг томилсон тухай УИХ-ын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, дэд дарга томилогдсоноор дуусгавар болно”, 21.5-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, тус газрыг удирдлагагүй, эзэнгүй байлгахгүйн тулд шинэ даргын томилгоог хийж байж өмнөх даргын бүрэн эрх дуусгавар болно гэсэн үг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд тус газрыг удирдлагагүй явуулж ирсэн УИХ одоо томилгоонд анхаарлаа хандуулах цаг нь болсон баймаар. Ялангуяа АТГ-ын даргын эзгүйд үүрэг гүйцэтгэхээр хуулинд заагдсан АТГ-ын дэд дарга нь даргатайгаа хамт ял сонсчихоод байхад Тамгын хэлтсийн даргаар уг газрыг толгойлуулж байгаа УИХ өөрөө хууль зөрчсөн болж харагдаж байгаа энэ үед шинэ удирдлагын томилгоог яаравчлахгүй бол энэ газрын нэр хүнд өдрөөс өдөрт унаж, ажил эзэнгүйдэж байгааг бодох л ёстой.
Хуулийн 22.2-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэжээ. Энэ хугацаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу тавдугаар сарын 24-нөөс тоологдоод эхэлсэн гэсэн үг. Харин УИХ-аар дараачийн удирдлагыг хэлэлцэн томилох хугацааг хоёр янзаар тодорхойлсон байна. Хуулийн 22.3-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга огцрох тухай хүсэлтээ Улсын Их Хуралд бичгээр гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг Улсын Их Хурлын чуулганы үед гаргасан бол 21 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 21 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл АТГ өөрийнхөө хүсэлтээр болон эрүүл мэндийн улмаас ажлаа гүйцэтгэх боломжгүй бол УИХ энэ хугацаанд асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн үг. Харин хуулийн
22.4-т, “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн байна. Тэгэхээр одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалд хуулийн хоёр дахь заалтыг хэрэглэх ёстой бололтой. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Харин УИХ шийдвэрээ гаргаагүй байгаа. Энэ асуудалд бас нэг субьектийн оролцоо зайлшгүй шаардлагатай нь Монгол Улсын Ерөнхийлөгч. УИХ АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор хэлэлцэж томилох ёстой.
Сураг сонсохнээ түүний зүгээс одоо Английн шүүхээр шүүгдэж байгаа ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг хэмээн харж байсан гэх яриа бий. Учир нь энэ газрыг удирдахын тулд гүйцэтгэх албанд 10-15 жил ажилласан туршлагатай байх шалгуур тавьдаг. Гэвч тэр нь өнөөдөр “хүн хулгайлсан” хэргээр хилийн чанадад шүүгдэж байгаа тохиолдолд шинэ кандидатын эрэлд гарахаас өөр аргагүй болсон болов уу. Ардчилсан хүчин эрх барьж байх үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан “сахал” хэмээх Б.Билэгтийн нэр зарим хэвлэлийн хуудсаар гараад өнгөрсөн ч тэр нь хэр баталгаатай талаар одоохондоо мэдээлэл алга.
Ямар ч байсан “Шүүхийн шийдвэр эцсийнх байх уу, үгүй юу” гэдэг өмнөх маргаан нэгэнт дууссан болохоор одоо УИХ болон Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ыг дарга удирдлагатай болгох асуудал дээр шийдвэр гаргах л үлдлээ.
Зохиогчийн эрх "Ардын эрх"