
Дэлхийн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудлын нэг болоод байгааг эрдэмтэн судлаачид онцолж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнд зуслангуудын оролцоог идэвхжүүлэх, зусланд явуулах хөтөлбөрийн арга, хэлбэрийн тухай мэдээлэл солилцох, харилцан туршлага судлахыг чухалчилж байгаа аж. Энэхүү бага хурлыг угтаж, өсвөр үеийнхний дунд шүлэг, уран зураг, илтгэлийн уралдаан зохион байгуулж, байгаль хамгаалах чиглэлээр өөрийн сургууль, орон нутагт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бүтээлч ажлыг хийсэн байна. Дээрх уралдаанд шалгарсан 70 хүүхэд НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлт-Хүүхэд залуучуудын шийдэл” төслийн санхүүжилтээр энэ сарын 7-ноос Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд амарч байгаа ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ” олон улсын бага хурал зургадугаар сарын 9-13-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Монголын Скаутын холбоо зэрэг 15 төрийн болон төрийн бус байгууллага оролцоно.