
-Баярлалаа. Монголчууд намайг ирэх бүрт маш элэгсэг дотноор хүлээн авдаг. Тийм болохоор би Монголд ирэх дуртай байдаг юм. Гурав дахь удаагаа танай улсад ирж байна. Хамгийн сүүлд одоогоос дөрвөн жилийн өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ирж байсан.
-Энэ удаа ямар зорилгоор ирэв?
-Монголын олимпийн боксын холбооны урилгаар шүүгч нарт практик хосолсон сургалт явуулахаар ирсэн. Гэхдээ энэ сургалт нь шинэчилсэн дүрмийн дагуу болж байгаагаараа онцлогтой. Сургалтад сэтгэл хангалуун байгаагаа хэлмээр байна. Монголын олимпийн боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энхтэй Хятадад болсон олон улсын тэмцээний үеэр уулзаад, тэндээсээ бид хамтдаа шууд танай улсад ирлээ. Одоо хүртэл надтай хамт байгаад баяртай байна.
-Монголын шүүгч нарын ур чадвар хэр байна вэ?
-Энэ сургалт зөвхөн шүүгч биш дасгалжуулагч нарт ч хамаатай гэдгийг хэлмээр байна. Монголын ширэн бээлийтнүүд, дасгалжуулагч нар нь дэлхийд алдартай. Тэгэхээр шүүгч нар нь ч яг л тийм байх ёстой. Танай улсын боксын бүр шүүгч тийм байгаасай гэж би боддог. Тиймээс хүн бүртэй ярилцаж, тулж ажиллаж байна. Нэг тэмцээн шүүлгээд гаргасан алдааг тэр дор нь хэлж өгч байгаа. Сургалт дууссаны дараа энэ арга хэмжээ үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна. Удахгүй олон улсын боксын холбооны 1-3 одтой шүүгч олноор төрөх байх.
-Сургалтыг шууд практик дээр хийж байгаа хэрэг үү?
-Онолын сургалт өчигдөр /уржигдар/ дууссан байгаа. Одоо парктик дээр ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн ямар нэгэн алдаа гаргавал хэлж, сануулж, анхааруулж байна.
-Азийн аварга шалгаруулах тэмцээн ямар учраас хойшлов оо?
-Энэ талаар би сайн мэдэхгүй юм. Миний бодлоор зохион байгуулагч орон уг тэмцээнийг хүлээн авахад арай бэлэн биш байсан бололтой. Эдийн засгийн байдал, тэмцээнийг явуулах заал танхим, ринг, шагнал урамшуулал гээд дутуу зүйл их байсан болохоор хойшлогдсон байх. Энэ зөвхөн миний л бодол шүү. Хүмүүс үүнийг янз бүрийн өнцгөөс харж байна.
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин