Хилийн боомтод ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Хилийн боомтод ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжүүлэв

Люксенбургийн вант улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сан, МУЗН, БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлсэн “Хилийн боомтуудад ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” төслийн тайлан-уулзалт боллоо. Уулзалтад НҮБ-ын Хүн амын сангийн төслийн зохицуулагч С.Алтанзул, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ш.Төрбат нар болон уг төслийг санхүүжүүлэгч болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл, ХДХВ ба БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.  “Хилийн боомтуудад ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” төсөл нь Монгол Улсын Замын-Үүд боомт, БНХАУ-ын Эрээн хот, Ховд аймгийн Булган суман дахь Ярантын боомт, Шинжаан-Уйгарын автономит улсын Чингэл сумын Такшекений боомтуудад 2009 оны нэгдүгээр сараас хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд хил орчмын хөдөлгөөнт хүн ам, биеэ үнэлэгчид, орон нутгийн иргэд, хилийн цэргийн албан хаагчдад чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулж, үе тэнгийн сургагч,ажилтнуудаар дамжуулан олон нийтэд хүрч ажиллаж, сайн дурын зөвлөгөө шинжилгээ /СДЗШ/-нд олон нийтийг хамруулах ажлыг зохион байгуулсан аж.  “Цаашид “Хилийн боомтуудад ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” төслийг үр дүнтэй тогтвортой хэрэгжүүлэхийн тулд хил орчмын онцгой бүсийн дэглэм, тусгай зөвшөөрлийн асуудлыг уян хатан болгох, сум орон нутгийн удирдлага, хил, гаалийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хүрч очих ажилтнуудын урамшууллын асуудлыг шийдвэрлэх гэх мэт нэлээд хэдэн чухал асуудал байгааг онцоллоо.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж