Ерөнхийлөгч Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв аймагт өнгөрөгч амралтын өдрүүдэд ажиллаж,  аймгийн удирдлага, иргэдтэй уулзаж, хаваржилтын байдалтай танилцлаа. Мөн  аймгийн шүүхийн болон дулааны эрчим хүчний газрын  үйл ажиллагаатай танилцаж, “Монгол туургатан” театрт иргэдтэй уулзалт хийлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгч нартай уулзахдаа шүүгчийг томилж үнэмлэхийг нь гардуулахдаа шударга ил тод ажиллахыг байнга захиж даалгав. Үүний дагуу шүүхийн байгууллагууд ч үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байлгах эхний алхмуудыг хийж эхэлсэн байна. Төв аймгийн шүүхийн цахим хуудас өдөрт 100 гаруй хандалттай байдаг аж. Энэ байгууллага мөн л бүх шийдвэрийг цахим хуудсандаа байрлуулдаг болжээ.

Ерөнхийлөгч “Ямар ч уул уурхайн баялгаас илүү баялаг бол шударга ёс юм. Шүүгчид өөрсдөө шударга ёсны тунхагаа гаргаж, ийм эрмэлзэлтэй ажиллаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ шүүхийн талаар хэн нэг дарга биш харин иргэд юу гэж хэлнэ, тэр л хамгийн үнэн дүгнэлт байх болно. Шүүгчид үйл ажиллагаагаа шударга, ил тод болгож харин төрөөс эрхзүй эдийн засгийн хувьд хараат бус ажиллах баталгааг бий болгох ёстой” гэв. Шүүхээр орсны дараа аймгийн Төв Чандмань ДЭХГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани аймгийн төвийн орон сууцны айл өрхүүдийн 80 хувийг хэрэглээний халуун усаар хангадаг, халаалтын 8 зуух, 23 нам даралтын тогоо ашиглан дулаан үйлдвэрлэдэг. Нүүрс тээвэрлэн зөөж, дулаан түгээдэг технологи хоцрогдсон, бас зардал өндөртэй байгаа талаар ярьж, нүүрс боловсруулах үйлдвэрийг хослуулан ажиллуулах, хийн шаталттай системд шилжүүлэх талаар судалж, судалгааны ажлыг хийж дууссан тухайгаа ч танилцууллаа. Энэ үеэр “Аймгийн төв дээрх төвлөрсөн халаалтын зуухыг ашиглалтад оруулахад анхаараач ээ.  70, 80-аад онд 10 аймагт дулааны станц барьж байгуулсан боловч зардал өндөр байснаас шалтгаалж ихэнх нь өнөөдөр ажиллахгүй байгаагийн нэг нь Зуунмод хотынх. Нэгэнт энэ систем ажиллах боломжгүй болсон тул бидний судалсан дулааны станцыг нүүрс боловсруулах үйлдвэртэй хослуулах төсөлд анхаарлаа хандуулж, дэмжиж өгнө үү” гэсэн саналыг орон нутгийн удирдлагууд тавьж байлаа.

Дараа нь Ерөнхийлөгч Төв аймгийн Зуунмод хотын иргэдтэй уулзалт хийлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Раш, Х.Наранхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, албаны бусад хүмүүс дагалдаж явсан бөгөөд иргэдийн сонирхсон асуултанд салбар тус бүрээр хариулт өгч байлаа.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж