
Хоёр орны уран бүтээлчид Өмнөговь аймгаар аялж, уран бүтээлээ туурвин, бие биенээсээ суралцан, бүтээлээрээ хамтран үзэсгэлэн гаргаж, урлагийн нийгэм болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан-2011 хөтөлбөрийн зорилго оршино.
Дүрслэх урлаг, орчин үеийн урлаг буюу инстоляци, дизайн, фото зураг, уран зохиол чиглэлээр ажилладаг мэргэжлийн уран бүтээлчдээс шалгарсан баг ирэх наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 7 хүртэл Өмнөговь аймгийн Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Хонгорын элс орчимд байрлан уран бүтээлээ туурвих гэнэ. Нүүдлийн урланд бүтээсэн бүтээлүүдийг тус аймгийн музей болон Улаанбаатар хотноо дэлгэж үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд байгаа аж.