Ерөнхий шалгалтын шар хуудсыг өнөөдөр тараана

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий шалгалтын шар хуудсыг өнөөдөр тараана

Их дээд сургуульд элсэн суралцах сурагчдын элсэлтийн шалгалт авах  анги,
танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар хуудсыг хэвлэж дуусаад
тараахад бэлэн болжээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ч.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Энэ жилийн ерөнхий шалгалтанд нийт хэдэн шалгуулагч бүртгүүлсэн бэ?

-Ерөнхий шалгалтанд нийт ЕБС төгсч буй  39043 хүүхэд  бүртгүүлсэн байгаа.

– Шалгуулагч сурагчид  суудлын хувиараа хаанаас авах юм бол?

-Боловсрол, соёлын газраар дамжуулан сургуулиасаа хүлээн авна. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хувиараа энэ сарын 8-наас буюу өнөөдөр “Соёмбо” дээд сургууль дээр байрлах Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс, харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид  харьяа аймгийн Боловсрол соёлын газар болоод элсэлтийн шалгалтын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авна.

-Улсын хэмжээнд шалгалт зохион байгуулах хичнээн байр байгаа юм бол?

-Нийтдээ 47 байранд Элсэлтийн ерөнхий шалгалтыг авна. Бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан. Сурагчдын зүгээс Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс доош боловсролын баримт бичиг,  иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичгийг  бүрдүүлэх хэрэгтэй .

-Шалгалтын хариугаа хэзээ мэдэж болох талаар  тодруулахгүй юу?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын  дүн, оноо  жагсаалтыг ирэх долдугаар сарын  01-ний өдрийн 09:00 цагт www.eec.mn  вебсайтад байрлуулна. Батламж картаа долдугаар сарын 1-5-ны хооронд тараана. 

Б.Сайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж