
Одоогийн байдлаар 12 орны 2200 гаруй хүн энэхүү гэдэсний халдвараар өвчлөөд байгаа бөгөөд Германаас өөр газар халдвар авсан иргэдийн ихэнх нь жуулчид байгаа аж. Германы мэргэжилтнүүд анх Испаниас импортолдог өргөст хэмхэнд халдварын нян байна хэмээн ташаа мэдэгдэл хийсэн нь Испанийн хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийг долоо хоногийн дотор 225 сая еврогийн алдагдалд ороход хүргэсэн тул нөхөн олговор олгохыг Германы талаас шаардаж эхлээд байгаа юм.
Харин Люксембург хотноо яаралтай хуралдах энэ удаагийн хурлаар Европын холбооны сайдууд “E.coli”-ийн голомтыг олж тогтоох ажил хэр үр дүнтэй явж байгаа тухай ажлын явцтай танилцаж, ташаа мэдэгдэл хийсэн Германы талаас Испанийн тариаланчдад нөхөн олговор олгох эсэхийг хэрхэн шийдэх талаар хэлэлцэнэ. Түүнчлэн халдварт өвчний идэвхтэй тархалтын улмаас ОХУ Европын Холбооны улсуудаас импортолдог жимс, хүнсний ногоонд хориг тогтоогоод байгаа асуудлыг хэрхэх талаар хэлэлцэхээр тогтсон байна.