
Амьдралынхаа туршид бүсгүйчүүдээс зугтааж, бүр хурим дээрээсээ хүртэл оргож явсан нэгэн эр 90 насандаа 14 настай онгон охинд дурлажээ. Тэр насаараа нэгэн хэвлэлийн газар ажиллаж, бүтэн сайн бүрийн дугаарт хөгжмийн ертөнцийн булангаа хөтөлсөөр ирсэн юм. Ингээд 90 насны босгон дээр онгон охинтой “галзуу секс” хийхийг гэнэт хүсч. замдаа гарсан нь энэ. Гэвч тэр галзуу секс биш харин ганц олдох жинхэнэ хайртайгаа учрах нь тэр.
Энэ бол Габриель Гарсия Маркесийн сүүлийн романы өгүүлэмж. “Зуун жилийн ганцаардал”-аар “Зууны зохиолч” нэр авч, Нобелийн шагнал хүртсэн түүний “Гунигт янхнуудын дурсамж” хэмээх энэ роман монгол хэлнээ орчуулагдан, хэвлэгджээ. “Зууны мэдээ” сонины гадаад мэдээллийн албаны сэтгүүлч, орчуулагч Б.Нямдорж испани хэлнээс тус зохиолыг орчуулан олны хүртээл болгож байгаа аж. Тус бүтээлийг номын бүх дэлгүүрээс авч болно.
Романд тэрхүү 14 настай охины тухай бараг өгүүлдэггүй. Охин унтаад л байдаг, эсвэл унтаж буй мэт дүр гаргадаг ч байж магадгүй. Харин унтаж буй охиныг сэрээж ч чадахгүй ажиглан, ухаангүй дурлан ширтсэн өвгөн түүний ирээдүй, амьдралыг сэтгэлдээ дүрслэн, тэр бүхэндээ өөрөө уусан хайрлан, жаргадаг юм.
“Гунигт янхнуудаа дурсахуй” роман 2004 оны аравдугаар сард гарсан бөгөөд дээр дурьдсанчлан алдарт зохиолчийн одоогоор сүүлийн роман болоод байгаа билээ. Энэ роман тун энгийн бус хувь тавилантай. Роман хэвлэлтээс гарахаас сарын өмнө хууран мэхлэгчид эхийг нь хулгайлан авч, хэвлүүлснээр зохиолч төгсгөлийг нь өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингээд албан ёсоор хэвлэлтээс гаргахад маш богино хугацаанд сая хувь нь зарагдаж байсан юм. Харин хууран мэхлэгчдийн хэвлэсэн хувь нь одоо ном цуглуулагчдын шуналыг хамгийн их хөдөлгөдөг гэдэг.
Габриель Гарсия Маркес 1927 оны гуравдугаар сарын 6-нд Колумбын Аракатака хотод мэндэлсэн. 12 настайдаа Сипакир хотын коллежид элсэж, оюутны тэтгэлэг авч эхэлжээ. Тэр сургуулиа хаяж, 1950 онд уран зохиол, сэтгүүл зүйд амьдралаа зориулахаар шийдлээ. 1961 онд “Хурандаад хэн ч бичихгүй” туужаа, 1966 онд “Цөвүүн цаг” романаа гараас гаргалаа. Харин 1967 онд “Зуун жилийн ганцаардал” романаа бичсэн нь уншигчдыг зуун дамжин байлдан дагуулсаар байгаа билээ.
Түүний бестселлерүүдийн нэг “Гунигт янхнуудаа дурсахуй” уншигч таны ширээний ном болно биз ээ.