IPTV телевизийн эрх чөлөөг бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

IPTV телевизийн эрх чөлөөг бэлэглэнэ

IPTV Монголын үзэгчдэд телевизийн эрх чөлөөг бэлэглэнэ

Хүн төрөлхтөн цаг хугацааг алтаар хэмжиж ирсэн үеэс эхлээд дэлхий нийт хувьсан өөрчлөгдөж, мэдээллийн эрин үе рүү алхам алхмаар шилжиж бид 21-р зуунтай золгоод байгаа билээ. Өнөөгийн бидний амьдарч буй нийгэм нь бүхэлдээ мэдээллийн үнэ цэнээр тодорхойлогдож, хүссэн үедээ, хүссэн цагтаа өөрийн дуртай мэдэллийг олж авах нь хамгийн чухал болоод байна. Харин бид ингэж чаддаг уу? Телевиз бол мэдээллийг олон нийтэд түгээдэг хамгийн чухал хэрэгсэл төдийгүй бидний өдөр тутмын амьдралд асар их үүрэгтэй билээ. Орой бүр ажлаа тараад харих гэсээр байтал эрчүүд өөрийн дуртай мэдээллийн хөтөлбөрөөс, эзэгтэй нар олон ангит киноноосоо, хүүхэд, залуучууд дуртай нэврүүлгээсээ хоцорч эсвэл бүүр гэртээ байхдаа хүртэл сувгаас сувгийн хооронд шилжин сольж байгаад үзэх гэж байсан хөтөлбөрөө мартчихдаг биш гэж үү? Уншигч таны ч амьдралд энэ явдал тохиолддог гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнгөрсөн зун болсон явдал юм даа. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтууд ид явагдаж байсныг хэлэх үү, цагийн зөрүүнээс болоод шөнө гарч байсан учраас үзэж амжаагүй юм. Маргааш нь тойм мэдээг нь үзэх гээд ажлаасаа гэр рүүгээ яарч явтал замын түгжрэлээс болоод хоцорч хөлбөмбөгийн төгсгөлийн торгон агшнаас хоцорсоноо бодохоор одоо ч харамсалтай санагддаг. Тэр үед гэрийн телевизор маань компьютер шиг санах ойтой байсан бол цагт баригдалгүй маргааш нь буйдандаа тухалж байгаад өчигдрийн тоглолтыг үзчихдэг байхсан хэмээн “мөрөөдөж” байсан юм.
Ер нь Монголчууд бид телевиз үзэх гэж олон асуудалтай тулгардаг. Дуртай нэвтрүүлгээ үзэх болохоор зурагт олигтой гарч өгөхгүй. Манайх 42 инчийн том дэлгэцтэй зурагттай л даа, өнөөгийн телевизүүд ямар муу дуу, дүрстэй гардгийг бид мэднэ. Том сайхан зурагтын ид шидийг ерөөсөө үзэхгүй дүрс нь сарниад, бүрсийгээд, однууд нүдний урдуур жирэлзээд телевиз үзэх хамаг настр унагачихдаг. Гэлээ гээд яахав нэвтрүүлгээ ид шимтээд үзэж байхад эндээс ч хүүхэд уйлаад, тэнд ч утас дуугараад гэрийн асуудал мундахгүй. Ингээд л үзсэн ч биш, үзээгүй ч биш болоод хоцордог.
 Яагаад энэ сэдвийг хөндөөд байна аа гэвэл сурвалжлагч миний бие саяхан Японд ажлаар явж байхдаа IPTV  гэх ухаалаг технологитой танилцсан бөгөөд энэ орны үзэгчид бидэн шиг дээрх асуудлуудтай тулгардаг боловч IPTV-тэй  болохоор санаа зовох зүйлгүй болохыг нь түвэггүй ойлгосон юм. Ингэснээр тэд үзэж амжаагүй нэвтрүүлэг, кино, мэдээллийн хөтөлбөрөө хадгалагдсан санах ойгоос нь сонгож аваад л маргааш нөгөөдөр нь үздэг гэсэн. Тухайн үед үзэгч бидэнд үнэхээр хэрэгтэй энэ технологи Монголд нэвтрээсэй хэмээн бодож байлаа.
Харин удахгүй зуны “мөрөөдөл”, өвлийн хүсэл маань биеллээ олох гэж буй таатай мэдээг сонссон юм. “Юнивишн” компанийнхан дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологи болох IPTV-г Монголын телевизэд нэвтрүүлэх гэж байгаа талаар сайхан мэдээ олж дууллаа. Ингээд уншигчиддаа IPTV  үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг “Юнивишн” компанийн тусламжтайгаар түүвэрлэн хүргэхээр шийдлээ.
    
Цагт баригдах шаардлагагүй

Энэ технологи нь үзэгчдэд маш олон боломжийг олгодог байна. Тухайлбал, бидэнд ямар нэгэн яаралтай ажил гарахад үзэж байсан кино, нэвтрүүлгээ “pause”-лаад завтай болохоороо үргэлжлүүлээд үзэж болдог гэнэ. Яг л DVD тоглуулагчаар кино үзэж байгаа юм шиг. Тэр ч бүү хэл телевизээр гараад өнгөрсөн нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг ч нөхөж үзэх боломж нээгдэх аж. Учир нь тухайн үед гарч буй өргөн нэвтрүүлгийн лицензтэй бүх сувгийн 72 цагийн программ санах ойд автоматаар хадгалагддаг. Дуртай кино, хүссэн нэвтрүүлгээ захиалаад, бичлэг хийн хадгалчихаад дараа нь үзсэн ч болох юм. Үзэж буй нэвтрүүлгээ зөвхөн зогсоох бус, ухраах, нөхөж үзэх зэрэг урьд өмнө нь телевизэд байгаагүй нэмэлт үйлдлүүд энэ телевизэд багтсан байна.
Тэгэхээр цаг хугацаатай уралдах шаардлагагүй болж, телевизийг жинхэнэ эрх чөлөөтэй үздэг болно гэсэн үг. Энэ бол бидний хувьд маш том давуу тал.  

Танай гэр кино театр болно
        
Бид дэлхийн шилдэг киног заавал DVD-гээр нь худалдан авч, эсвэл видео прокатнаас зээлж, мөн кинотеатрт очиж үзэх шаардлагагүй болох нь ээ.
IPTV нь видео сантай. Энэ сангаас бид дэлхийн шилдэг кино, хамтлаг дуучдын тоглолт, цэнгээнт нэвтрүүлэг, үзвэрүүдийг Dolby Surround дуугаралттайгаар, HD чанараар гэртээ суугаад яг кино театрт байгаа юм шиг эмоцитойгоор попкорноо дэргэдээ тавиад үзэж болно гээд та төсөөл дөө. Гоё байгаа биз.
IPTV-гээр зөвхөн зурагт үзэх бус, дэлгэцэн дээр нь тоглоом тоглох, мессежээр харилцахаас гадна дэлгэцээрээ дамжуулан видео хурал хийх, хүн бүрт тусгайлан зориулсан сурталчилгаа явуулах гээд олон үйлчилгээг авч болдог юм байна.

Хүүхдүүдийнхээ үзэх нэвтрүүлгийг хянах боломжтой

Гэхдээ хүссэн зүйлээ үзэхэд бас нэг асуудал гардаг. Хүүхдүүд янз бүрийн нэвтрүүлэг, суваг үзэж, буруу мэдээлэл авах аюул телевизэд байдаг. Эцэг эхчүүд  хүүхдүүдийн үзэх нэвтрүүлгийг хянах ямар ч боломжгүйгээс тэд юу дуртайгаа үздэг. Харин IPTV-тэй бол энэ асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой болох нь ээ. Тухайлбал, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт үзэхэд тохиромжгүй сувгуудаа хаах, эсвэл нууц үгээр нэвтрэх тохиргоо хийж болдог юм байна.

Эрүүл мэндэд хор хөнөөлгүй эко технологи

Монголын үзэгчид LCD, LED, Mirror зэрэг өндөр технологийн телевизийн хэрэгслүүд ашиглаж байгаа ч үзэж буй нэвтрүүлгүүд нь аналоги системээр дамжин хүрч буй тул телевизийн дуу, дүрс маш чанаргүй байдаг. Хүүхдүүдийн нүдний хараа зурагтаас болж муудаж байгаа талаар эмч нар ч ярьдаг. Харин IPTV  технологи хамгийн боломжит өндөр нягтралаар телевизийн нэвтрүүлгийг танд хүргэнэ. Тиймээс үзэгчдийн нүдний хараанд ямар ч сөрөг нөлөөгүй. Дүрс нь жирэлзэж, сарнидаггүй тул нүдийг ядраадаггүй байна. Үүгээрээ эрүүл мэндэд тустай тул дэлхий нийт энэ технологийг онцолж байна.

Гурван үйлчилгээг нэг шугамаар

IPTV нь бидний амьдралд дээрх давуу тал, нэмэлт боломжуудыг өгч байгаагаас гадна телевиз үзэгч та IPTV-г хүлээн авч байгаа тоон сүлжээгээрээ дамжуулан өндөр хурдны интернэт болон дэвшилтэт суурин утасны үйлчилгээг нэгэн зэрэг авах боломжийг “Юнивишн“ компани олгож байна. IPTV-ийн нэгэн адил тэдний үзүүлэх интернэт, суурин утасны үйлчилгээ нь тус тусын давуу талуудтай гэсэн. Жишээ нь:  Гурвалсан үйлчилгээний интернэт нь таны гэрийг утасгүй интернэтийн орчин болгох бол суурин утас нь таны гэр бүлийн аюулгүй байдлын баталгаа болохоос гадна дүрсээ харан ярилцах боломжтой юм.
IPTV, Интернэт, Суурин утсыг шилэн кабелийн нэг үзүүрээр дамжуулан нэгэн зэрэг хүргэж буй шийдлийг дэлхий нийтийн технологийн хэллэгт “Triple Play Service” буюу Гурвалсан үйлчилгээ гэж нэрлэдэг. Энэ нь айл өрхийн мэдээлэл, харилцаа холбооны үндсэн хэрэгцээг цогц хэлбэрээр шийднэ гэсэн үг юм.

IPTV бол кабелийн телевиз биш
    
Энэхүү шинэ зууны телевиз болох IPTV нь тоон технологийн шилэн кабелийн GPON сүлжээгээр телевизийн сувгуудыг өнгө, дуу, дүрсний гайхамшигт өндөр чанар бүхий 1080 пиксел нягтрал буюу FULL HD форматаар дамжуулах боломжтой юм.
IPTV нь дотоодын болон гадаадын телевизийн сувгуудыг дамжуулж үзэгчдэд хүргэдгээрээ кабелийн телевизтэй төстэй мэт боловч дамжуулж буй систем, гаралтын чанар, сувгийн тоо нь харьцуулшгүй юм. Телевизийн технологид урьд өмнө байгаагүй  нэмэлт үйлдлүүд болох гэрээсээ хүссэн видеогоо захиалан үзэх, үзэж буй телевизийн нэвтрүүлгийг ухраах, зогсоох, дахин үзэх, хүссэнээрээ удирдах боломжийг олгож буй хэрэглэгч телевиз хоёрын харилцан оролцооны ухаалаг шийдэл юм. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар өнгө, дуу, дүрсний өндөр нягтрал бүхий HD телевизийн сувгийг дэлхийн өндөр хөгжилтэй 26 улс орон агаарын долгион болон шилэн кабель ашиглан хүлээн авч үзэж байгаа гэсэн тоо байна. Монгол улс тун удахгүй 27 дахь орон нь болох нь тодорхой болоод байна.

Мэдээллийн технологийн салбарт дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байгаа манай улсад Монголын анхны Гурвалсан үйлчилгээүзүүлэгч “Юнивишн” компанийнхан IPTV-г нэвтрүүлж байгаа тул Монголчууд удахгүй дотоодын болон урьд өмнө үзэж байгаагүй дэлхийн шилдэг сувгуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүлээн авч үзэхээс гадна цэнхэр дэлгэцээ хүссэнээрээ удирдаж, телевиз үзэх эрх чөлөөг мэдрэх нь ээ.
Ийнхүү телевизийн түүхэнд нэгэн шинэ хуудас эргэж, Монголын телевизэд шинэ эрин эхэлж байна. Өмнө нь бид үзэж амжаагүй киногоо найз нөхдөөрөө “өнгөтөөр” яриулдаг байлаа. Харин одоо өчигдөр үзэж амжаагүй дуртай киноныхоо шинэ ангиас хоцролгүй үзэж чаддаг болох нь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж