
ОХУ-ын Казань хотноо 2011 оны зургадугаар сарын 16-19-нд олон улсын эрдэм шинжилгээний их хурал “Боловсрол, спорт, соёл” уриан дор болно. Тус хурлыг ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын олимпийн хороо, Татарстан улсын Засгийн газар, Казанийн 2013 оны зуны универсиад наадмын зохион байгуулах хороо хамтран явуулж байгаа ба дэлхийн 60 орчим орон, ОХУ-ын 300 төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид, алдартай тамирчин, дасгалжуулагч нар оролцох юм. Хурлын үйл ажиллагаанд ОХУ-ын Засгийн газрын удирдлагууд оролцохоос гадна Засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов, ОХУ-ын спортын сайд В.Мутко, ОХУ-ын Олимпийн хорооны гүйцэтгэх захирал Марат Бариев, ОУОСХ-ны ерөнхийлөгч Ж.Киллиан нар оролцон баяр хүргэж үг хэлэх ажээ.
Энэхүү хуралд олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүд /Монгол улсын иргэн Д.Баясгалан/, улсуудын ОСХ-ны удирдлагууд, Европ тивийн ОСХолбоо зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Монголын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын даргын зөвлөх, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан илтгэл тавина.
Олон улсын эрдэм шинжилгээний их хурлын зорилго нь олон улсын болон ОХУ-ын оюутны спортын удирдлага, зохион байгуулалтын туршлагыг судлах, хөгжлийн төлөвийг тодорхойлох, өндөр зэрэглэлтэй тамирчдыг бэлтгэх, багш дасгалжуулагч нарыг сургаж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх зорилтуудыг авч хэлэлцэнэ. Хурлын үеэр Казань хотноо олон улсын оюутны спортын боловсролын төвийг албан ёсоор нээх ёслол болно.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО