Тээврийн хэрэгслийг даатгалд хамруулна

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийг даатгалд хамруулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд жолооч бүрийг хариуцлагын заавал даатгалд хамруулахаар тусгаад байсан бол байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэхүү агуулгыг үндсэнд нь өөрчилж, тээврийн хэрэгслийг даатгалд хамруулахаар өөрчлөлт оруулсан байв.

Энэ нь Монголын өнөөгийн нөхцөлд жолоочоо дагасан даатгалын тогтолцоо нэвтрүүлэх боломжгүй, тээврийн хэрэгслээ дагуулж даатгах нь илүү тохиромжтой гэж үзсэнтэй холбоотой аж. Учир нь өнөөдөр 700 мянга гаруй жолооны үнэмлэхтэй иргэд байгаа боловч, тээврийн хэрэгслийн тоо 250 мянга юм байна. Өөрөөр хэлбэл, нэг өрх гэрээс гурван хүн жолооны үнэмлэхтэй боловч, дундаа нэг тээврийн хэрэгсэлтэй байх тохиолдол олон аж. Тиймээс энэхүү тогтолцоог эхэлж нэвтрүүлэх нь илүү бодит байдалтай нийцнэ гэж үзжээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийг даатгуулахдаа жилдээ 76 мянган төгрөг төлнө. Засгийн газраас мэдүүлсэн төсөлд жолооч бүрийг даатгалд хамруулахдаа 53 мянган төгрөг төлдөг байхаар тусгасан байсан бол одоо ийн нэмэгдүүлсэн нь  нөхөн төлбөр олгох хэмжээтэй нь уяж гаргасан тоо юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж