Дундговь аймгийн хүүхэд, залуучуудыг волейболын спортод дур сонирхолтой болгох, тэднээс спортын амьдралд нэр алдраа дуурсгасан тамирчдыг төрүүлэхэд дөч гаруй жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулсан, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн агсны нэр алдрыг мөнхжүүлэх ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус ажлын хүрээнд Дундговь аймгийн Биеийн тамир, спортын хэлтсийг түүний нэрэмжит болгох ёслол Мандалговь хотод боллоо. Ёслолд Улсын их хурлын гишүүн Р.Рааш, Эрүүл мэндийн дэд сайд Цолмон нар оролцож, энэ үеэр волейболын нээлттэй тэмцээн болж хорь гаруй багийн 210 тамирчин оролцлоо. Тэмцээнд онцгой байдлын хэлтэс, цахилгаан түгээх сүлжээ, цагдаагийн хэлтсийн эрэгтэйчүүд, Дэрэн сум, матемаикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, Адаацаг сумын эмэгтэйчүүдийн баг шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Мөн “Дооёо багш сан” Төрийн бус байгууллагаас эрхлэн волейболын спортын шүүгч, дасгалжуулагчдын сургалт семинар зохион байгуулж, хориод хүн хамрагдсан байна.
Энэ үеэр тус аймгийн уугуул, уулын спортын мастер Ц.Болдод одоо авирах Отгонтэнгэр уулын ноён оргилд мандуулах Дундговь аймгийн сүлдэт тугийг гардуулсан нь тус аймгийн спортын амьдралын нэгэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Одоогоор Ховд аймагт ажиллаж амьдардаг мастер Ц.Болд төрөлх аймгийнхаа 70 жилийн ойн жилд ийнхүү авиралт хийх болсноо бэлгэшээж газрын хол, усны уртаас аймгийнхаа сүлдэт тугийг ийнхүү гардан Отгонтэнгэр ууланд авиралтаа эхлүүлжээ.
С.Пүрэвсүрэн