
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулах Оюутолгой компанийн төслийн талбайд өнгөрөгч сарын 19-ний өдөр ноцтой осол гарч хоёр хүн амь насаа алдсан билээ. Осол гарснаас хойш 18 хонож байхад Оюутолгойн гэрээт компаниас талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоо бариагүй байна. Бохирын цооногт осолдсон Улаанбаатар хотын харьяат залуугийн ар гэрийнхэнтэй уулзахад “Бидэнтэй одоо хэр нь уулзаагүй байгаа. Гэрээт компанийн хүмүүстэй уулзаагүй учир одоогоор ямар нэг зүйл яримааргүй байна” гэсэн юм. Оюутолгой компанийхан албан ёсны мэдээлэлдээ талийгаачдын ар гэрийнхнийг хүндэтгэж, тэдний талаар мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Гэвч эх сурвалжийн мэдээллээр талийгаачдын ар гэрийнхэн ойр дотны хүнээ амь насаа алдсан талаарх мэдээг Оюутолгой, гэрээт компанийн удирдлагаас бус дам хүнээс сонсчээ. Осол гарсны дараа Оюутолгой компанийн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэхээр олон улсын баг ослын газарт ажилласан ч одоогоор дүгнэлт, зөвлөмж гаргаагүй, энэ талаарх мэдээлэл хаалттай хэвээр байгаа юм. Мөн ослын газарт ажилласан Өмнөговь аймгийн цагдаа, эмнэлэг, мэргэжлийн хяналтын ажилтнууд ч мэдээлэл өгөхгүй байна. Өөр эх сурвалжийн мэдээллээр ослын газрын анхны дүгнэлтээр талийгаач хоёр залуу согтууруулах ундаа хэрэглээгүй, зөвхөн ажлаа хийж байгаад осолдсон гэж гарчээ. Энэ тухай бид эргэн мэдээлнэ.
С.Отгон