
Спортын сэтгүүлчдийн шилдэг багийг бүрдүүлж, 2010 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Score” студи өнгөрсөн хугацаанд “Боловсрол суваг” телевизээр спортын мэдээ, мэдээлэл, тэмцээн, уралдаан, тоглолт, шууд нэвтрүүлэг зэргийг амжилттай нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ ажлынхаа үргэлжлэл болгож “Sport BOX” Монголын анхны 24 цагийн эфиртэй спортын сувгийг нээж, спорт сонирхогчдодоо бэлэг барихаар багагүй хугацаанд бэлтгэсний эцэст өчигдрөөс туршилтын эфирээ цацаж эхэллээ. Одоогоор цацалт туршилтын хугацаандаа явж байгаа бөгөөд удахгүй олон тэмцээн, уралдааныг албан ёсны эрхийн дагуу гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Эхлэл нь энэ зун болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд байх гэнэ. Тэд зөвхөн сагсан бөмбөг, хөлбөмбөг гэлтгүй бүхий л спортын төрлийг сурталчилж, дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар төлөвлөж байна.
Хамгийн их үзэгчтэй спортын мэдээллийн хөтөлбөр болох “Score News”-ээс гадна Английн Премьер лиг, Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах анхны даваагаа амжилттай давсан “Score” студи талбайн теннис, UFC, Формула-1, хөнгөн атлетик гэсэн төрлүүдээр туршилтын эфирээ цацаж эхэлжээ. Цаашид “Sport BOX” сувгаар тэмцээн, уралдаан, спортын нэвтрүүлгүүдээс гадна спортын тамирчидтай холбоотой түүхэн сонирхолтой уран сайхны кинонуудыг хүлээн авах боломжтой гэнэ.
“Sport BOX” суваг тун удахгүй 24 цагийн хөтөлбөрт шилжих төдийгүй Монголын спортын сэтгүүлзүйн түүхэнд нэгэн том хуудсыг нээхээр бэлтгэж байгааг дуулгахад таатай байна. Гэхдээ энэ мэдээллийг одоохондоо нууц хэвээр үлдээе.
Та бүхэн “Sport BOX” сувгийг сонгон үзээрэй.