Өөрсдийн нийгмээ засахаар шийдсэн

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Өөрсдийн нийгмээ засахаар шийдсэн

Өөрсдийн бий болгосон нийгмээ засахаар шийдсэн 

“Онги гол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч,  “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудыг хаах, газар нутгаа хамгаалах, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх, Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараахаар сүүлийн хэдэн сар шаардлага, хүсэлт хамтран ажиллах санал тавьж, олны  анхааралд байв. Тэдний тэмцэл  үр дүн өгөөгүй учир хурц хэлбэрийг сонгон нутаг чөлөөлөхөөр боллоо. Түүнийг орон нутаг руу явахаас нь өмнө ярилцсан юм.

-Таныг уул усныхаа төлөө тэмцэгч, “Онги гол” хөдөлгөөний тэргүүн гэдгээр нь олон нийт мэднэ. Харин хувь  хүн талаас нь төдийлөн сайн мэдэхгүй байх?

-Надад  бусдаас ялгарч тодрох зүйл байхгүй ээ. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын хүн. Онгийн голын хөвөөнд төрж, бага насаа малчин ахуй амьдрал дунд олон хүүхдийн  адил өнгөрүүлсэн. Нүүдэлчин ахуй амьдралаар хүмүүжсэн эгэл жирийн хүн.

-Таныг сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон юм байна?

-Би малчин хүн шүү дээ. Хөдөө аж ахуйн техникумыг газар тариалангийн чиглэлээр төгсч байлаа. Цэргийнхнээр бол танкчин гэсэн үг л дээ. Сүүлд нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлч коллежийн сэтгүүл зүйн дээд курсийг төгссөн. Тэгэхээр  хэд хэдэн мэргэжилтэй байгаа биз.

-Чухам ямар зорилготой яваад байгаа юм бол гэж гайхах хүн бий. Яагаад тэмцэгчийн замаар явах болов?

-Энэ цаг үед монгол хүн болж төрсөн бүх хүний хийх ажлыг л хийж байгаа юм. Үүнийг  гайхаж дөвийлгөх хэрэг байхгүй. Намайг онцгой юм хийгээд байна гэж хэлэх шаардлага байхгүй. Хувь заяаны эрхээр оногдсон зүйлээ монгол хүний хувьд би  хийж байна. Уг нь монголчууд нүүдэлчдийн амьдрал, тэнгэр үзэл санаагаа алдаагүй байгаа цагт газардахгүй юм. Өнөөдөр монголчууд суурин амьдралд шүтсэн үзэл санааны урхинд орж, түүндээ автсан, өөрийгөө алдсан. 370 гаруй жил бид бусдыг аялдан дагалдаж, төөрөгдсөнд л хамаг учир байгаа юм. Улс орон маань ч адил. Бүх л монгол хүнд ойлгомжтой зүйл шүү дээ. Байгаль орчноо хамгаалах, зөв амьдрах үзэл санаатайгаа байсан цагт монгол хүн болж төрсний утга учир шүү дээ. Өнөөдөр хүмүүс яагаад гэдэг асуултыг тавиад байгаа нь сонин. Энэ хэмжээнд хүртэл доошоо ороод байна л даа. Бүгдээрээ энэ үзэл санаатай явсан үедээ дэлхийг төвхнүүлж байсан. Гэтэл өнөөдөр дэлхий нийтээрээ үзэл санааны мухардалд орчихжээ. Биднээс хөгжил цэцэглэлтээрээ дээгүүрт ороод байгаа улс орнууд хөгжлийн гурав дахь гарцын тухай ярьж эхэлжээ. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл хөгжсөн эсэхдээ эргэлзээд мухардалд орсноо зөвшөөрөөд, өөр арга замыг хайж байна. Тэгэхээр зөв амьдралын төлөө, үр хүүхэддээ сайхан ирээдүй өвлүүлэхийн төлөө амьдрах ёстой шүү дээ.

-Энэ үзэл санаанд таныг юу төлөвшүүлсэн бэ. Магадгүй өссөн орчинтой холбоотой байх?

-Нүүдэлчин амьдралтай холбоотой. Нүүдэлчин хэв шинж, хүүхэд насанд минь алтан сургаалиа хайрлаж байсан ахмадуудаасаа авна шүү дээ. Өөр хаанаас авах билээ.

– “Онги гол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан нь нүүдэлчин ахуй амьдралаа хамгаалах, авч үлдэх зорилгоос үүдэлтэй юу?

-Тэгэлгүй яахав. Монголдоо томоохонд тооцогдох Онги гол  гурван аймгийн нутгийг дайран өнгөрдөг. Хөвөөнд нь хүүхэд насаа өнгөрөөсөн энэ гол маань миний нүдэн дээр ширгэхэд сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Бүтэн байсан нутаг маань хагас болсон шалтгааныг тодруулах, үүний эсрэг тэмцэхээр Онги гол хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байлаа. 2001 он гэхэд Онги гол Сайхан-Овоо сумын нутгаар урсахаа больсон. Үүний дараахан Онги голынхоо сав дагуу сэтгүүлчдийн баг аваад явж үзэхэд бүх шалтгаан тодорхой байсан л даа. Хангайн нуруунаас эх аван 70 гаруй гол горхи, булаг шанд нийлэн 400 гаруй км хангай, тал хээр, говийн бүс нутгийг дамжин Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган сумын зааг дээр их устай үедээ 40 км диаметртэй тэр том нуурт цутгадаг байсан юм. Тэнд хүрэхээ больж, нуур ч ширгэсэн. Онгийн гол 100 хүрэхгүй км газар урсаад Ноён уулын бор хошуу гэж Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг хүрээд зогсдог болсон. Шалтгааныг тодруулахаар явахад Онги голын эхэнд хайгуул, ашиглалтын 37 тусгай зөвшөөрөл олгосон, долоон компани ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг, Онги голд цутгадаг 11 гол горхийг ширгээсэн байдалтай байсан. Ингэж явахдаа Өвөрхангайн   таван сум, Дундговийн хоёр, Өмнөговийн нэг сумын ард иргэдтэй уулзаж, нэгэн сэтгэлээр Онги голоо хамгаалахын төлөө нэгдэхийг уриалж байлаа. Хэдийгээр нутаг дэвсгэр, хил хязгаар өөр ч уул усны хувь заяа нэг  гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Үүний үр дүнд дахин цуглаж, онги гол хөдөлгөөнийг 2001 оны арваннэгдүгээр сарын 10-нд байгуулж байлаа. Энэ өдрөөс хойш Онги голоо хамгаалахын төлөө арван жил явж байна даа.

-Хөдөлгөөн  байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тодорхой үр дүн гарсан байх?

-Онги гол 1998 онд Улаан нууранд цутгахаа байсан. Өнгөрсөн арван жилд нэлээд ажил хийсэн байдаг. Тодорхой үр дүн ч харагддаг. Багцалж хэлбэл жил бүр цуглаж, сум орон нутгийн дэмжигчид нэгэн дор цуглаж, ажлаа дүгнэн дараа жилийнхээ ажлыг төлөвлөдөг. Энэ бүхэн цэгцэрсээр байгаад таван үйл ажиллагаанд төвлөрөөд явж байна. Нэгдүгээрт  Онги гол ойн зурвас хөтөлбөрийг 2004 оноос хэрэгжүүлж, голын сав дагуух 400 км газрыг ойжуулахаар ойн зурвас бий болгосон. Энэ нь усны урсацыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэх, ашиг шим нь нутгийн иргэдэд хүртэх, ойжуулсан газраа өөрсдийн мэдэлд авах боломжоор хангаж байхыг чухалчилдаг. 20 гаруй мянган мод суулгац, арваад төрлийн жимсний мод, хайлаас, бургас суулгасан, эхнээсээ үр жимсээ өгч байна. Хоёрдугаарт, “Онги гол” экологи сурах бичгийг 2007 онд Онги голын сав дагуух дунд сургуулиудад зааж, хичээлийн хөтөлбөрт нь оруулсэн. Саяхан “Онги гол нүүдэлчдийн соёл” нэртэй хоёр дахь сурах бичгээ хэвлүүлж сумдад хүргэлээ. Бид ниргэсэн хойно нь хашгирахын үлгэрээр голоо устгуулаад, уух усгүй болсныхоо дараа  дөнгөж хөдөлж байгаа арчаагүй хүмүүс юм байна гэдгийг ойлгосон. Хойч үе маань бидэн шиг өлөнд өтсөн  өгөр болчих вий гэж эмээж байгаа юм. Тэгэхээр Онги гол дайран өнгөрч байгаа сумдын хүүхдүүд ай сав газраа мэддэг, бидний амьдралыг тэжээн тэтгэж байгааг ойлгодог хүмүүс байгаасай гэсэн үүднээс  хоёр сурах бичиг гаргаж, хичээл орж байна. Гуравдугаарт,  2004 онд Хур тунадас нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж, үүл буудаж эхэлсэн. Харин хүмүүс энэ аргыг буруушааж байсан учир татгалзаад 1700 метрээс өндөртэй дээш уулын өндөрт үүл хуримтлуулж, бороо хур нэмэгдүүлэх аргыг 2008 оноос туршиж байна. Үүний дүнд Онги гол сүүлийн гурван жилд Улаан нуурандаа таван удаа цутгалаа. Энэ бол бодит үр дүн гэж бодож байна.

-Онги голын ай саваар уул уурхайн хэдэн компани өнөөдөр ажиллаж байна вэ?

-Манай хөдөлгөөн байгуулагдах үед уул уурхайн 37 компани хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан. 2006 онд нэгээс бусдыг нь хаалгаж чадсан. Нэгийг нь дийлээгүй, түр хаалгаад орхиж байсан. Харамсалтай нь төр засаг нь буруу ажиллаж байгаа цагт хахууль, эрх мэдлээрээ дулдуйдаж, шүүхийн шат хүртэл бүх шатыг дамжсан. Ингэж яваад 2007 он гэхэд 60-70 бол үржсэн. Тийм учраас бид тэмцлийн хатуу хэлбэрүүдийг сонгоод явж байна. Бидний дөрөв дэх ажиллагаа бол хууль эрх зүйн орчныг өөрчлөх. Та бүхний хэлж заншсан урт нэртэй хуулийг боловсруулж, батлуулсан. Тавдугаарт, Засгийн газрыг шүүхэд өгч, хариуцлага төрд хариуцлага оногдуулах явдал. Үүний хэрэгжүүлэх хууль эрх зүйн боломжуудаа нээгээд явж байна. Ийм таван ажлыг Онги гол хөдөлгөөн үндсэн чиглэлээ болгоод гурван жил явж байгаа. Улмаар олон бүлгэм, хөдөлгөөнийг нэгтгээд “Гал үндэстэн” холбоо болоод явж байна.

-Хуулийг гууль болгож, уландаа гишгэж буй явдлыг эсэргүүцэн галт зэвсэг хэрэглэж байсан. Яагаад тийм зоримог алхам хийх болов?

-Би түрүүн хэлсэн. Энэ бол монгол хүн болгоны хийх ёстой ажил. Үүнд онцгойроод байх юмгүй. Тухайн үед хэд хэдэн газар үүний адил буудсан л даа. Харамсалтай нь тэндээ дарагдаад, хэрэгт ороод дууссан. Нутгийнхаа төлөө, юугаар ч сольшгүй язгуур эрх ашгийн төлөө л тэмцсэн. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл тийм их зориг гаргаад буудчихсан юм байхгүй.

-Тухайн үед энэ мэдээлэл зарим хүнийг цочирдуулж, та бүхнийг уул руу зугтааж, бүгсэн гэж байсан л даа. Юунаас ч айгаагүй юм бол яагаад уул руу зугтаасан юм бэ?

-Би уул руу зугтаагаагүй шүү дээ. Мод руу орчоод нөхдүүдийг ажиглаад байж байсан. Гэхдээ цаашаа хийх зүйл байсан ч тэнд хүрээд зогссон. Онгийн голын ай сав дагуух бүх газраар явах хангалттай зэвсэг, сум байсан. Хэнээс ч дутахгүй буудах чадвар, морьтойгоо хаа ч хүрэх чадал байсан юм. Саатах зүйл байгаагүй. Харин манай нөхдүүд ярилцаад  цаашаа олон газрын үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөнөөсөө татгалзах хэрэгтэй гэх зөвлөгөөг өгсөн учир уулнаас бууж ирсэн. Үүнээс хойш жил гаруйн хугацаанд их  юм боллоо. Шүүхээр явж  байна. Буруу зүйл байгаагүй гэдгийг цаг хугцаа харуулах байх. Дөрвөн хүн хөдөлж байсан бол одоо адилхан бодол санаа, зорилготой 100-гаад морьтон хөдөлж байна. Ингэхээр өөр юм бодогдож байгаа биз. Ер нь Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандлаа. Энэ бүхнээс одоогийн төр засаг ямархуу дүр төрхтэй байгааг харж болно. Уг нь бидний сэтгэлд жаахан ч гэсэн итгэл сүүмэлзэж байсан юм. Гэтэл өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийсэн ажиллагаанаас ямар ч итгэл найдвар байхгүй гэдгийг ойлгосон. Бүтэн өөрчлөлт, бүтэн эргэлт хийх хэрэгтэй гэдгийг ухаарлаа.  Хуулиар хүлээсэн төрийн үүргийг тэдний өмнөөс хийх гэж байна. Нутаг чөлөөлөх буюу хамгийн ойлгомжтой ажиллагаандаа орлоо.

-Та бүхний шаардлагад төр засгийнхан яаж хандахыг эртнээс тааварлаж байсан хэрэг үү. Арай өөр үр дүн хүлээж байгаагүй хэрэг үү?

-Миний хувьд арваад жилийн өмнөөс бүх аргаар тэмцээд жилийн өмнөөс буудаж эхэлсэн. Цаг алдаж, их хэмжээний гарз хохирол амссанаас тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоор шийдсэн. Харин манай нөхдүүд болохоор төр засгийн түвшинд асуудлыг эцэст нь хүртэл тавиад үр дүнд хүрэхгүй бол дараагийн хэлбэрт шилжих нь зүйтэй гэсэн. Миний амыг  байнга татаатай байлгасан. Одоо бол нөхдийнхөө хамтын шийдвэрээр нутаг чөлөөлөх явж байгаа хэрэг. Ц.Мөнхбаяр хэзээ ч ганцаараа шийдвэр гаргадаггүй. Олны өмнө тодорхой болгох ажлууд хийгдсэн гэж үзсэн.

-Нутаг чөлөөлөх ажиллагаа таны санаанд бүрэн дүүрэн багтаж байна уу. Олон хүнд эмээх, болгоомжлох сэтгэл төрж байгаа нь гарцаагүй юм л даа?

-Багтаж байгаа учир эхэлж байна. Тийм төвөгтэй зүйл биш л дээ. Мэдээж хүн хүчний нөөц бололцоо гээд хөндлөнгөөс харж байгаа хүмүүст болгоомжилмоор зүйл харагдаж байгаа байх. Олон сорилт гарахыг ч мэдэж байна. Энэ асуултын хариултыг “цаг нь болсон” гэдэг үгээр хаахад хангалттай гэж бодож байна.

-Гэхдээ компаниупын зүгээс эсэргүүцэлтэй тулгарна шүү дээ?

-Тулгарвал тэр л биз. Тэртээ тэргүй бид алдаагаа засахын төлөө сэтгэл шулуудсан хүмүүс. Сонгосон хэдэн луйварчин хүмүүсийг харааж зүхээд байх хэрэг байна уу. Энэ төрийг, энэ нийгмийг бид өөрсдөө л бий болгосон. Тэр алдаагаа засах гээд л нэг хэсэг нь шийдээд байна. Давж чадах бүхнээ давах л болно.

-Та буу зэвсэг хэрэглэнэ, гэхдээ  хүн алахгүй гэсэн. Аль нь ч бай галт зэвсэг хэрэглэсэн, хүний эд хөрөнгөд халдсан, гэмтээсэн гэдгээр ял сонсох эрсдэлтэй. Та биш юмаа гэхэд дэмжин ажиллаж байгаа нөхдүүд тань хэрэгт унах юм биш үү?

-Энэ хүмүүс миний өмнөөс ажиллаагүй. Харин надтай адил бодолтой, нэг зорилготой явж байгаа хүмүүс. Тангараг өргөж, гарын үсэг зураад явж байгаа учир надад ч манай нөхдөд ч гомдол байхгүй. Би ганцаараа хийнэ гэж байхгүй. Тэгэхээр нэгэнт шийдсэн хүмүүс л байгаа гэсэн үг.

-Та бүхэн хэн нэгний гар хөлөөр бус сэтгэлийн дуудлагаараа явж байгаа гэдэг. Энэ тэмцлийн цаана хэн нэгний ашиг сонирхол байхгүй гэдгийг юугаар батлах вэ?

-Хүмүүс өөрсдийнхөө хэмжээнд юмыг хараад байна л даа. Яахав хэн нэгний гар хөл болоод байна гэж хардах нэг нь хардаж л байг. Хэлэх үгээ хэлээд явж байга. Цаг хугацаа л бүхнийг харуулна. Хэрэв хэн нэгний нөлөөнд ороод явж байгаа бол ийм алхам хийж чадах байсан гэж үү.

-Дуучин С.Жавхланг “Гал үндэстэн” холбоогоор нэг хэсэг овоглож байсан. Түүний холбооноосоо хөөгдсөн шалтгааныг мэдэх хүн алга?

-Тэр тухай өөрөөс нь асуусан нь дээр байх. Жаахан юмнаас айдаг туулайн зүрхтэй хүн яаж нутаг чөлөөлөх билээ. Сүхбаатарын талбайд гэр барина гэхэд л айж, үнэнээ хэлсэн хүн. Ингээд зам замаараа явж байгаа хэрэг. С.Жавхланг хөөсөн гээд л байх юм. Бид нар араас нь өшиглөж хөөгөөгүй шүү дээ. С.Жавхлан ч тийм чухал биш. Уг нь нэг зөв юм бодоод явж байсан, санаа  нь зөрсөн, дотоод дэгээ илт зөрчсөн. Тиймээс л энэ хүн бидэнтэй цуг явах хүн биш гэдгийг олон нийтэд мэдээлснээс цаашгүй.

-Хөдөлгөөнийхөн гэж боловсролгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс гэх шүүмжлэл нийгэмд байна. Энэ байдалд та эмзэглэдэг үү?

-Тэнэг бүдүүлэг хүмүүс үү гэдгийг цаг хугацаа харуулна. Биднийг тэнэгээр дуудаад байгаа нөхдүүд өөрсдөө оюун санааны төөрөгдөлд орчихсон. Харж байгаа хэмжээ нь тэр. Үүнд эмзэглээд байх зүйлгүй. Дөрвөн хананы дунд төрж өссөн хүн бусдын санаа, ололтыг шууд дардаг байхгүй юу. Хот суурин газрын төөрөгдсөн хүмүүс, боловсрол нэртэй төөрөгдөл газар авчээ.

-/Инээв/Хүмүүс санаандаа ургуулаад их том юм бодоод байна. Ядаад байх хэрэг байхгүй. Хийе гэвэл очоод арчаад хаяхад хэцүү юм байхгүй. Сэтгүүлч та нар ч бас төөрөгдөөд байгаа  юм. Оюутолгой, Тавантолгойд хэмжих хэмжүүр нь өөр. Ард түмнийг төөрөгдүүлэхийн тулд мөнгөтэй хүмүүс харийнхантай хамтарч чадлаараа зүтгэж байна. Тийм ч учраас хүмүүс төөрөгдөөд эхэлсэн. Оюутолгой, Тавантолгойг ашиглана гээд дээр дооргүй заавал ашиглана гэдэг. Гэтэл ашиглах боломж нь ямар байгааг бодохгүй байна. Оюутолгойн ордыг ашиглахад хүнээс хамааралтай болоод үл хамааралтай зүйл бий.  Тэгэхээр доор байгаа усны нөөц 6-10 жилийн дараа дуусна. Үүний дараа ямар аюул учрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ нөөц шавхагдаж дууссаны дараа Орхон говь, Хэрлэн говь төсөл боловсруулж, секундэд 2500 литр ус татах  санаатай юм билээ. Тэгэхээр Орхон, Хэрлэнг золиослох асуудал яригдаж байгаа биз. Монголд Орхон , Хэрлэн хэрэгтэй юу Оюутолгой, Тавантолгой хэрэгтэй юу. Яаж ийгээд ашиглаад мөнгөтэй болоод арилж өгөх үү гэдэг асуудал бий. Ийм байхад эд хөрөнгө, эдийн засгийн өсөлт зэргээр төөрөгдүүлж байгаад хамаг учир байна. Үүнийг ялгаж салгаагүй байгаа цагт гонжийн жоо шүү дээ. Бид усыг бүтээж чадахгүй биз дээ.

-УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулахаар хэд хэдэн эвсэл хөдөлгөөн нэгдэж байна. Зорилго нэгтэй юм чинь хүчээ нэгтгэвэл зүгээр юм биш үү?

-Нэг харахад зорилго нэг байгаа юм. Тийм болохоор нэг зүйл дээр ч гэсэн хамтрахаар шийдээд явсан. Гэтэл бүтэмж муутай байлаа. Урвасан шарвасан, чухам юуны төлөө яваад байгаа нь тодорхойгүй, хагалан бутаргах зүйл хүртэл хийсэн. Цаад сонирхол нь өөр, арга зам нь өөр болохоор өөр өөрийн замаар явахаар шийдээд байна.

-Нутаг чөлөөлнө гэхээр цагдаагийнхан та нарыг хараа хяналтдаа авсан байх. Хэзээ нийслэлд буцаж ирэх вэ?

-Цагдаа ч гэсэн монгол хүн ш дээ. Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн ч бидний нэг хэсэг.

-Гэр бүлээ танилцуулаач. Тэмцэгчийн  гэргий, хүүхдүүд ч бас энэ замаар л явдаг байх даа?

-Монголын эгэл жирийн олон гэр бүлийн адил эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр маань үр хүүхэд биднийгасарч, хамгаална даа. Том хүү маань оюутан, бага хүү малчин болсон. Хоёр охин маань дунд сургуульд сурч байна. Гэр бүлийнхэн маань бүгд намайг дэмждэг. Манай есөн настай том охин маань  “Манайхаан ялалт” гэнэ шүү. Би гэрийн бараа харах нь ховор.

-Та дэлхийн хэмжээний шагналыг авсан хүн. Энэ шагналыг ямар гавьяа байгуулсан хүнд өгдөг вэ?

-Golden price гээд Дэлхийн байгаль орчны дээд шагнал буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шагнал юм билээ. Зургаан тивээс нэг нэг хүнд өгдөг. АНУ-ын Сан Францискод өөрийн биеэр очиж шагналаа гардан авч байлаа. Монгол хүн энэ шагналыг авахад нэр хүндтэй мэдээллийн агентлагууд ихэд сонирхож ярилцлага авч байсан.

-Танай хүмүүс нутаг чөлөөлөх замдаа гарсан. Та эхлээд хаана очих вэ?

-Нөхдийнхөө араас гарнаа. Гэхдээ хаана очих нь нууц шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж